Б.Гэрэлмаа / Боловсрол 2019.04.11

“Шинэ Монгол” бүрэн дунд сургуулийн захирал, доктор П.Наранбаяртай цаг үеийн
асуудлаар ярилцлаа.
-Ерөнхий боловсролын сургуулиудыг өмчийн хэлбэр харгалзахгүйгээр зургаан
нас хүрсэн хүүхдийг нэгдүгээр ангид уралдаан шалгаруулалтгүйгээр элсүүлэх
БСШУС-ын сайдын шийдвэр гарсан. Уг шийдвэр хувийн хэвшлийн сургуулиуд,
тэр дундаа танай сургуулийн үйл ажиллагаатай, бодит амьдралтай хэр нийцтэй
байна?
-Сайдын гаргасан А200 дугаар тушаал нэгдүгээрт, цаг хугацааны хувьд маш тулгамдуу
гарлаа. Манай сургууль он гармагц буюу нэгдүгээр сард элсэлтийн журмаа
боловсруулан баталдаг уламжлалтай. Үүнийгээ олон нийтэд нээлттэй тавьсан боловч
Сайдын тушаал дөрөвдүгээр сарын 05-ны баасан гаригт гарсан. Олон нийтэд нээлттэй

болж эхэлсэн хугацаа нь дөрөвдүгээр сарын 08-ны даваа гаригт. Гэхдээ эхлээд
фэйсбүүк хуудсаар энэ мэдээлэл тарсан. Тарахдаа “Маргааш” гэдэг агуулгатайгаар
тарж байгаа юм. Өөрөөр хэлбэл, дөрөвдүгээр сарын 09-ний өдөр бид сайдын гаргасан
тушаалыг бүрэн эхээр нь, гарын үсэгтэй хуулбарыг нь олон нийтийн сүлжээнээс олж
харлаа. Уг тушаалд, өмчийн бүх хэлбэрийн сургуулиудад үүрэг болгосон гэх бөгөөд
үүнд төрийн болон төрийн бус өмчийн бүх сургуулиуд хамаатай гэсэн үг. Зургаан
настай хүүхдэд зориулсан элсэлтийн шалгалтыг аливаа хэлбэрээр авахыг хориглосон
гэх бөгөөд аливаа гэдэгт бүх төрлийн шалгалт орно. Шалгалтыг нээлттэй, ил тод,
шударга явуулж ирсэн сургуулийн хувьд хэлэхэд одоо “Үүнийг хэрхэн зохион
байгуулах ёстой юм” гэдэг оньсого шиг асуулттай үлдээд байна. Шулуухан хэлэхэд,
энэ бол амьдралд нийцтэй шийдвэр гэж хэлэхэд хэцүү.
Хоёрдугаарт, “Одоо бид яах вэ” гэдэг асуулт гарч байна. Сургуулийн эрэлт хэрэгцээ
байгаа нь албадаагүй ч ирээд бүртгүүлж байгаа эцэг эхчүүдээс харагдана. Заавал
“Шинэ Монгол сургуульд ор, элсэлтэнд бүртгүүл, шалгалт өг” гэж бид нэг ч хүний
албадаагүй. Бүгд өөрсдөө сайн дураар “Элсэлтийн шалгалтыг тань өгье” гээд ирдэг.
Мөн бид тойргийн хамран сургах төрийн өмчийн сургууль биш. Тухайн тойрогт оршин
сууж байгаа бүх хүүхдүүдийг сургах ёстой гэдэг утгаар төрийн өмчит сургуульд элсэгч
нь байнга байдаг. Гэтэл хувийн сургууль нь Монгол улсын өнцөг булан бүрт амьдарч
байгаа хүүхэд бүрт гарааны тэгш боломжийг олгож байгаа. Элсэн орох эсэх асуудал
нь сургалтын багтаамж зэргээс шалтгаалан квоттой байх нь ойлгомжтой.

-Элсэлтийн шалгалтаас өөр арга замаар авах боломж бий юу?
-Бид Их дэлгүүрийн үүдэнд бараа гаргаж тавьчихаад сугалаа явуулдаг хүмүүс шиг
системээр ажиллах ёстой юм болов уу. Гудамжинд гарч шоу хийх үү? Монгол улсад
байгаа хэдэн арван мянган хүүхэд “Шинэ Монгол” сургуульд орох боломж байж
магадгүй гээд тэр сугалаанд оролцох уу? Бид 10 мянган хүнээр сугалаа сугалуулах
уу?
Нөгөөтэйгүүр, биднийг олон хүн бүртгэж байна, бүртгэлээ хязгаарласангүй гэдэг
асуудал ярьдаг. Тэгвэл бүртгэлээ хязгаарлаад, эхний 200 хүүхдийг л бүртгээд
шалгалтаа авна гэж үзье. Тэгвэл эхний 200-д орох гэсэн эцэг эхчүүд хэдэн өдрийн
өмнөөс дугаарлах вэ. Манай сургуулийн гадаа маш олон майхан барьчихсан, бөөн юм
болвол битгий гайхаарай.
Гуравдугаарт, элсэлтийн шалгалтаас хураамж авлаа гэж загнаж байна. Гэтэл
бүртгүүлсэн 1000 хүүхдийн цаана 100 гаруй хүн ажилладаг юм шүү дээ. Шалгалтын
нууцлалыг хадгалахын тулд өндөр хэмжээнд ажилладаг. Бид уг шалгалтыг 10 дахь
жилдээ зохион байгуулах гэж буйг эцэг эхчүүд маш сайн мэднэ. Нууцлал өндөртэй,
зохион байгуулалт өндөртэй шалгалтын цаана маш их зардал гардаг. Үнэ төлбөргүй
болгочихъё гэж тооцъё. Гэтэл манайд нэг удаагийн элсэлтээр 1000 гаруй хүүхэд ирж
байсан жишээтэй. Үнэ төлбөргүй болговол 2-3 мянга болж өсөх нь ойлгомжтой. Гэтэл
үүнийг ганц сургууль яаж зохион байгуулах вэ? Зургаан настнуудаас авдаг шалгалт нь
сайн хэлбэртэй гэж хүмүүс үнэлдэг тул хүн болгон л өгөөд үзье гэж бодох нь мэдээж.
-Хүн болгон хүүхдээ ямар түвшинд байгааг мэдэх гэж оруулдаг түвшин тогтоох
шалгалт маягийн юм болох нь ээ?
-Тийм.

-Тушаал гарснаас хойш нилээд хэд хоногийн дараа фэйсбүүк хуудсаар
дамжуулан хувийн хэвшлүүд мэдээллийг авч. Одоо тэгвэл танай сургууль ямар
байдалтай байгаа вэ?
-Маргаашийн сенсаци гэх гарчиг бүхий фэйсбүүкийн мэдээ гарсны маргааш буюу
дөрөвдүгээр сарын 09-нд бид мэдмэгцээ шалгалтынхаа бүртгэлийг зогсоосон. Эхний
өдөр ирсэн 305 эцэг эхэд, Шинэ Монгол Харүмафүжи сургуульд ирсэн 330 эцэг эхэд
бүгдэд нь шалгалтынх нь хураамжийг буцаан олгосон. Өөрөөр хэлбэл, гурав хоногийн
шалгалтын мөнгө болох 33 мянган төгрөгийг буцааж өгөөд, бүртгэлийг нь хүчингүй
болгосон. Ийм л чирэгдэлтэй байна. Хэрэв төр ийм шийдвэр гаргах байсан бол он
гарахад хийх байсан. Урьдчилж хэлсэн бол бид өөрөөр ажиллах байсан. Гарсан энэ
чирэгдлийг хэн хариуцах юм? Би бол БСШУСЯ, түүний сайд Ё.Баатарбилэг тушаал
гаргасан тул хариуцах ёстой гэж харж байгаа.
-Та бүхэнд яаманд дээрх нөхцөл байдал, хүсэлтээ уламжилсан уу? Хариу ирсэн
үү?
-Бид өнөөдөр л албан бичгээ өгсөн. Хариу ирээгүй байна. Үйл явц өчигдөр л эхэлсэн.
Харин бид бүртгүүлсэн болоод бүртгүүлэх гэж буй эцэг эхчүүдэд өөрийн фэйсбүүк
хуудсаараа дамжуулан мэдэгдэл гаргасан. Үүнд, бид шалгалт зохион байгуулахгүй

учир нь өмчийн бүх хэлбэрийн сургуулиудад хандаж аливаа арга хэлбэрээр шалгалт
зохион байгуулахыг сайд хориглочихлоо гэсэн нь бий. Бид албан ёсны байр сууриа
өнөөдөр сайдад бичгээр хүргүүлсэн байгаа.
-Төрийн өмчит ерөнхий боловсролын зарим сургуулиуд ачааллаа даахгүйн
улмаас гурван ээлжээр хичээллэж байна. Энэ ачааллыг хуваалцаж яваа хувийн
хэвшилтэй төр хэрхэн хамтарч ажиллаж, дээрх томоохон шийдвэр гаргахаас
өмнө хэрхэн зөвшилцөх ёстой гэж бодож байна?
-Таны тавьсан асуулт өөрөө хариулт юм. Зөвшилцөх ёстой. Бидэнтэй хэн ч
зөвшилсөнгүй, шууд тушаалаа гаргаж, тулгасан. Хоёрдугаарт, 25 мянган хүүхэд
хувийн сургуульд сурч байгаа шүү. Хэрэв энэ хэмжээний хүүхдийг сургах сургууль
барих асуудал яригдвал улсын төсөвт ямар дарамт учрах вэ. Үүнийг бодолцоорой.
Хувийн хэвшлийн сургуулиуд чинь боловсролыг сонголттой болгож байгаа шүү. Ийм
сургуульд хүүхдээ оруулахсан гэх эцэг эхийн эрэлт хэрэгцээг бид хангаж байгаа шүү.
Бид Монголын боловсролд хувь нэмрээ оруулж байгаа болохоос чөдөр тээг болоогүй.
Битгий алагчлаачээ гэж хэлмээр.
Хоёрдугаарт, аливаа сургуульд шалгалтаар элсэгчээ авах эрх академик эрх чөлөөний
нэг хэсэг. Сургуулийн бие даасан эрх чөлөөний салшгүй хэсэг. Ийм зүйл рүү яам орж
ирж байгаа нь тун харамсалтай.

-Уучлаарай, та түрүүн бүртгэлийн хураамжны талаар ярьсан. Илүү тодруулж
асуухад, хэдэн элсэгчийн хэдэн төгрөгийг юу юунд яг зарцуулдаг талаар
дэлгэрэнгүй хэлж өгөхгүй юу?
-Бид 1000 гаруй эцэг эхийг хүүхэдтэйгээ ирэхэд нь аюулгүй байдлыг нь хангахад
зарцуулах зардлаас эхэлнэ. Маш их хэмжээний цаас шалгалтанд зарцуулна. Мөн
шалгалтын их олон материал бэлдэж, хүүхдүүдийг тоглуулах байдлаар шалгалтаа
авдаг. Шалгалтын материалыг маш нууц хэмжээнд боловсруулахад зардал гарна. Мөн
тэр 1000 хүүхдийг нэг дор оруулчих байр сав хаа байх билээ. Анги болгон хувааж анги
бүрийг хариуцсан багш тавина. Та боддоо, 40 гаруй анги гаргадаг шүү дээ. Энэ мэт
зардал маш их байдаг. Хоёрдугаарт, бид эцэг эхчүүдийг албан журмаар албадаад
“Шалгалт өгцгөө, хураамжаа төлцгөө” гэдэггүй. Эцэг эхчүүд өөрсдөө “Шинэ Монгол”
сургуулийг сонирхон, хураамжаа төлөөд, шалгалтаа өгдөг. Бид төрийн байгууллага
шиг энэ үйлчилгээг авахын тулд тэдэн төгрөгийн хураамж төлөх ЁСТОЙ гэдэггүй.
-Шалгалтын ач холбогдол юу вэ?
-Шалгалт шударга, ил тод, нээлттэй байх зарчмыг хангах гол арга хэрэгсэл болдог.
1000 хүүхэд бүртгүүлэхэд хэнд нь ч боломж бий. Тэднээс адилхан аргаар, адилхан

шалгалт авдаг. Ингээд гурав хоногийн хугацаанд хүүхдүүдийн дундаж оноо гарч,
түүнээсээ улаан шугамаа татна. Одоо шалгалтгүй болчихоор яаж шударга байдлыг
хангах вэ, шалгалтыг гол зорилго энэ. Зургаан настай хүүхдийн чадварыг үнэлнэ гэдэг
маш хүнд. Тиймээс үүнд нь тохирсон шалгалт бэлдэхийн тулд маш их хөдөлмөр
зарцуулдаг, маш их хөдөлмөр шүү.
-Танайх хэдэн хүүхэд шалгалтаар элсүүлж авдаг вэ?
-72 хүүхэд авдаг. Үүнийгээ ил тод зарладаг, манай сайтад хэн ч ороод харахад
харагдах байдлаар нээлттэй тавигддаг. Нэгдүгээр анги нийт 120 хүүхэдтэй, үүнээс 72-
ийг нь шалгалтаар авдаг. Үлдсэнийг нь багш ажилчдын хүүхэд, хамтран ажилладаг
байгууллагынхаа хүүхдүүдээс авдаг. Энэ бүхнээ ч бид мэдээлэл ч ил тод зарладаг.
Гэтэл одоо 72 хүүхдээ бид яаж авах вэ, яах ёстой вэ? Та надад заагаад өгөөч.
-Сургууль хүрэлцээгүй гэх эрэлтээс гадна танай сургуулийн бодлого бас нэгэн
эрэлт шүү дээ. Зөвхөн мэдлэг олж авах боловсролоос гадна соёлын боловсрол
олж авах гэсэн эрэлт их. Төрийн өмчит ЕБС-уудын бодлогоос юугаараа давуу
тал амлаж бодлогоо боловсруулдаг вэ?
-Манай сургууль Удирдах зөвлөлтэй, Бодлогын зөвлөлтэй. Бодлогын зөвлөлийн
даргаар Монгол улсын Төрийн соёрхолт зохиолч Дарма Батбаяр багш ажилладаг. Бид
үе үеийг дамнасан бат бэх харилцаатай. Өөрөөр хэлбэл, настай туршлагатай
улсынхаа туршлагыг судалж авна. Мөн дэлхийн хэмжээнд суралцчихсан
төгсөгчдийнхөө санаа бодолыг шингээнэ. Ингээд цаг үеийн мэргэн ухаан гэж хэлж
болох зүйлийг бий болгохыг зорьдог.
Хоёрдугаарт, манай сургуулийн эрхэмлэдэг “Алтан гурвалжин” гэж бий. Зүрх сэтгэл,
оюун ухаан, бие махбодын өв тэгш хүмүүжлээр хүүхдүүдээ хүмүүжүүлж гаргахыг
боддог. Хүүхэд гэдэг зөвхөн хичээл хийдэг робот биш, зүрх сэтгэлтэй. Дээр нь бие
бялдарын хувьд, спортын хувьд их зөв суурьтай болж бага сургуулиа төгсөх ёстой.
Мөн бидний сургууль аялал жуулчлалыг сургуулийнхаа сургалттай уялдуулсан гэж
хардаг. Өөрөөр хэлбэл, хүүхэд нэгдүгээр ангиасаа эхлээд л аялаж эхэлдэг. Эцэг
эхээсээ тусгаар болно гэсэн үг. Ингэхээр хүүхэд эцэг эхээ, гэр бүлээ илүү их хайрлах
хайраар өсч, хайрыг өөртөө шингээдэг. Монголчуудын өөрийн өв уламжлал, дэлхийн
шилдэг бодлого систем юу байна, үүнийг нийлүүлэхийг оролдоод явж байгаа л
сургууль. Бид болоогүй байгаа. Гэхдээ бидний сургуулийг зориод, зөв гэж үзээд ирж
байгаа олон эцэг эхчүүдийн ашиг сонирхол гэж бий. Үүнийг хэн нэгэн сайд шууд тас
цохино гэдэг байж боломгүй зүйл.

Нэгдүгээр ангийн сурагчдын ачаалал хэт их байна гэх эцэг эхчүүдийн гомдол
байдаг. Танай сургуулийн хувьд зургаан настнуудтайгаа хэрхэн ажиллаж, ямар
боловсрол өгөхийг чухалчилдаг вэ?
-Сургалтын тал дээр нарийн технологиуд зөндөө бий. Үүнийг нарийвчилбал, манай
багш нартай ярилцсан нь дээр болов уу. Ерөнхий утгаар хариулбал бид жишээлбэл,
хүүхдүүдэд даалгавар өгдөггүй. Бага сургуульд ялангуяа, бага ангийн хүүхдэд өгч буй
даалгавар их үр дүн багатай гэдэг нь судалгаагаар нотлогдчихсон. Хүүхэд нэг зүйлд
төвлөрөх чадвар өндөртэй. Тухайлбал, 3-6 настай хүүхэд нэг л хүүхэлдэйн киног 20,30
удаа үздэг. Ийм чадвар ахлах анги руугаа ороод ирэхээр байхгүй болчихдог. Одоо
биднийг нэг юмаа 10 удаа үз гэвэл яах билээ дээ. Гэтэл хүүхдэд ингэж төвлөрөх
чадвар маш өндөр байдаг тул бид үүнийг нь ашигладаг. Өөрөөр хэлбэл, яг өөрт нь
таарсан ачаалал, таарсан зүйлийг нь л өгөөд явна. Жишээлбэл, манай сургууль
үелүүлдэггүй шууд үгээ заана. Эхний хагас улиралд бичүүлэхгүй. Нүдлэх чадвар
өндөртэй, таарсан бүхнээ унших гээд байдаг тул эхлээд үсгийг нь нүдлүүлээд дараа
нь уншуулах ажилд ордог. Ингээд хагас жилийн дараа бичүүлэх ажлаа хийдэг. Гэтэл
уншуулах, бичүүлэх, нүдлүүлэх ажлыг нэгэн зэрэг хүүхдэд өгвөл тун удахгүй залхана.
Гэх мэт нарийн технологиуд бий.
-Төрөөс хувийн хэвшлийн энэ мэт туршлагаас суралцах, судлах нь бий юу?
-“Шинэ Монгол” сургууль дээр хэрэгжиж буй сургалтын арга барилд бид зохиогчийн
эрх ярьдаггүй. Үүнийгээ бид “Сайн туршлагын сан” болгочихсон байгаа. Уг материалыг
Нийслэлийн Боловсролын газарт “Та бүхэн үүнийг хэрэглэж болно, авч ашиглаарай”
гээд маш нарийн тодорхойлж бичсэн цаас бичиг баримт болон зарим видеоны хамт
хүргэдэг юм. Харин Нийслэлийн Боловсролын газар үүнийг юу болгохыг мэдэхгүй,
хоёр жилийн өмнө өгсөн ч эргээд ямар нэгэн байдлаар хариу ирээгүй. Хэрэг боллоо ч
гээгүй, хэрэг болсонгүй ч гээгүй.
Хоёрдугаарт, манай сургуулийг ирж үзэн, туршлага суралцаж байгаа газрууд бий.
Өнөөдөр /2019.04.10/ гэхэд Дундговь аймгийн Эрдэнэдалай сумынхан ирж үзээд
явлаа. Их олон газраас ирдэг. Бид тэр бүрт үүд хаалгаа нээлттэй байлгадаг.
-Сайдын гаргасан тушаалыг эргэн харах тал дээр танд ямар санал байна?
-Сайдын бүрэн эрхийн хүрээнд төрийн өмчийн сургуулиудыг мэдээж ингэж зохицуулж
болно. Гэхдээ сургуулийн бие даасан байдал, академик эрх чөлөө, Боловсролын
тухай хуулийн 6.1 дэх заалт зэргийг уг тушаал нь өөрөө зөрчсөн байх магадлалтай
учраас эргэж хараач гэж бид хандаж байгаа. Төрийн бус өмчийн сургуулиудын ач
холбогдлыг үнэлж, тэдний дотоод хэрэгт оролцохгүй байх нь түншлэл. Хувийн хэвшил,

төр засаг хоёр хамтран ажилладаг түншлэгчид болохоос биш бие биенээ үгүйсгэдэг
ийм харилцаанд орж болохгүй шүү дээ. Тиймээс яам маань зөв шийдвэрүүдээ ар
араас нь гаргах байх гэж найдаж байна.

-Сэдвийн хүрээнд минийх асуух асуулт дууслаа. Танд энэ ярилцлагад нэмж
хэлэх зүйл байна уу?
-Төр, хувийн хэвшлийн түншлэл, зүй зохистой харилцаа, бие биенийхээ эрх ашгийг
хөндсөн аливаа эрх зүйн харилцаанд оролцохын өмнө харилцан ярилцдаг байх
зарчим. Энэ бүхэн туйлын чухал байна. Гэнэтийн шийдвэрүүд олон нийтэд таалагдах
боловч бид Дон Кихот биш. Хувийн хэвшил ч тэр, сайд өөрөө ч тэр мангастай
тулалдаад, ферм рүү дайраад байгаа Дон Кихот биш. Бид харилцан ярилцаж, хэл
амаа ололцдог түншилсэн, зөв харилцаатай байх ёстой. Маргааш /2019.04.11/ багш
нарын чуулга уулзалт Их хурал нэртэй болох гэж байна. Бид энэ саналаа тавина.
Хувийн хэвшлийн оролцоо боловсролд орж эхэлснээр Монголын боловсрол урагш
хөгжсөн юм шүү. Муу сайн ч хувийн сургуулиудад, Монголдоо бэлтгэгдсэн хүүхдүүд
дэлхийн хэмжээний сургуульд элсэж орж, дэлхийд улсынхаа нэрийг дуурсгаж байна.
Иймээс ийм хүүхдүүд бэлтгэдэг, суурьтай тогтолцоогоо битгий тайраасай. Бид

гуравхан сая хүн амтай жижиг улс. Гэвч бидэнд боловсон хүчний асар их нөөц бий.
Үүнийг мэргэн ухаанаар, ултай суурьтай харж шийдвэрээ гаргаасай гэж хүсч байна.
-Хамгийн гол нь энэ асуудалд зөвшилцөх санал хүргүүлбэл, хувийн хэвшил
үргэлж нээлтэй байна байх?
-Бид байнга л нээлттэй байдаг. Бид төрдөө ч, нийгэмдээ ч хүчин зүтгэж, ирээдүйг
төртэйгөө хамтарч бүтээж байгаа хүчин гэж өөрсдийгөө харж байгаа болохоос
хоёулаа хоёр талд бие биенээ шүүмжлээд суугаад байх хүчин биш шүү дээ.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Г.БАЗАРРАГЧАА