Ардчилсан намаас Эрдэнэ, Алтанхуяг хоёр нэр дэвшихээр болжээ. Хууль ёсны гэж үзэх магадлалтай АН-аас Эрдэнэ гэхээр дэргэдэх "эрдэнэ"-ээ бид таньдаггүй л явж иржээ. МАНАН-гаа арилгаж, цэвэр тунгалаг улс төр ярих цаг нь болоогүй л юм байна. Оюунгэрэл нь сунгаагаараа гараад ирсэн бол АН-д их л найдах байлаа.
ХҮН-ын оролцсон Зөв ХҮН электорат эвслээс маргааш нэр дэвшигч тодорно. Бид ямар ерөнхийлөгчийг хүлээж байна вэ? Таван шинжийг нь дурдъя.
- Мөр цагаан хүн. Улс төр бохир гэдэг. Гэхдээ гишгэсэн мөр нь цагаан агаад ардчилалд хувь нэмрээ оруулж, улс орны хөгжлийг засалцсан улс төрд зөв мөртэй цөөн ч гэсэн хүн бий. Тийм хүнээ бид олж нэр дэвшүүлнэ.
- Улам бүр хүчирхэгжиж буй Хятад, мөн хүчтэй хэвээр байгаа Орос гэсэн хоёр гүрний дунд хавчуулагдсан ардчиллын арал, алслагдсан бүс болох Монголын геополитикийн онцлогийг мэдэрч, алсыг харсан дипломат бодлоготон, стратегич, оюунлаг хүн байх ёстой.
- Бүх ард түмнээс сонгогдсон хүчтэй нөлөө бүхий Ерөнхийлөгч гэдэг институцийг зөв залж, хууль тогтоох, гүйцэтгэх засаглалд хөндлөнгөөс оролцохгүй байх жишгийг тогтоох хүн. Засаглалд хөндлөнгөөс оролцохгүй гэдэг утгаараа "юу ч хийхгүй" хүн.
- Ард түмний эв нэгдлийг хангаж, иргэдийн дуу хоолойг сонсож, хариуцлагаа хүлээдэг хүн.
- Хүний эрхийг дээдэлж, Монголын ардчиллыг бэхжүүлэх хүн.
Ийм л хүнийг ХҮН дэвшүүлнэ. Энэ бол бидний улс төрийн хариуцлага.