Ц.БАТТУЯА
2015 ОНЫ 6 САРЫН 9

MORNINIGNEWS.MN
“Шинэ Монгол” бүрэн дунд сургуулийн гүйцэтгэх захирал П.Наранбаярыг “Өглөөний
зочин” буландаа урьж өнөөгийн Монголын боловсролын салбар хийгээд төрийн бодлого,
хувийн хэвшлийн дунд сургуулиудад тохиолддог эерэг болон сөрөг асуудлуудын талаар
сонирхолтой яриа өрнүүллээ.
-Сүүлийн үед манайхан чанартай боловсролын талаар их ярьдаг болжээ. Ингэхэд чанартай
боловсрол гэж чухам юуг хэлээд байна вэ?
-Муу боловсрол нүгэл, сайн боловсрол буян л болно. Боловсролын байгууллага бүхэн буян
үйлдэхийн тулд үйл ажиллагаа явуулдаг. Манай сургууль “Дэлхийд үнэлэгдэх монгол
иргэдийг бид бэлдэнэ” гэсэн уриатай.
Хамгийн гол нь дэлхийд үнэлэгдсэн, Монгол Улсын иргэн. Дэлхийн иргэн биш шүү. Мөн
хүүхдүүдэд сургуулиа төгсөөд, амьдрал хөл тавихаараа нийгэмд л орно.
Боловсролын байгууллага бүхэн буян үйлдэхийн тулд үйл ажиллагаа явуулдаг.

Тэр болгонд математик яриад явахгүй нь лавтай. Тэгэхээр амьдрах чадвар тун чухал. Энэ ч
утгаараа оюун мэдлэг, сэтгэл, бие махбодийн харилцан шүтэлцээн дээр суурилсан өв тэгш
хүмүүжлийг олгох хэрэгтэй.
Ялангуяа гадаадын их, дээд сургуулиудын шалгалт ганц хичээлээр дагнадаггүй, тэнцвэртэй
мэдлэг асууна. Мөн ямар сургуульд, ямар манлайлалтай суралцаж байсныг нь харна. Дээрх
бүх хэрэгцээг хангаж чаддаг боловсролыг л чанартай гэж хэлнэ.
-Таны хэлсэн шиг чанартай боловсролыг монгол хүүхэд бүр эзэмшиж чадахгүй байх шиг
байна. Тэгэхээр боловсролын салбарт маш том шинэчлэл хийх шаардлагатай юм болов уу?
-Мөрөөдөл шиг юм ярьж магадгүй. Дунд сургуулиудыг нэг ээлжтэй болгох хэрэгтэй. Өнөөдөр
баригдаж байгаа сургууль, төрж байгаа хүүхдүүдийн тоо хоёр тэнгэр, газар шиг ялгаатай
байна. Сургуулиудын барилга маш их хуучирч байна. Багш бэлтгэх сургалтанд сүүлийн үед
анхаарч байгаа ч улам сайжруулах хэрэгтэй байна.
Сургуулиуд ч сургалтаа сайжруулах талаар анхаарч, зөвхөн мэдлэгт суурилах бус биеэр үзэх,
туршлага суулгахад анхаарах хэрэгтэй. Монголд боломж их байна. Улаанбаатар хотоос
гараад л тэр чигтээ сайхан боломжууд байна. Энэ бүхнийг бүх сургууль ашиглаасай.
Тухайлбал манай сургууль байгалийн ухаан, физик, хими, биологийн туршилтын
лабораторитой. Тэр ч байтугай бага сургууль дээрээ туршилтын лабораторитой.

Хоосон онол чихээд байвал дороо мартана. Онолыг хэрэгжүүлж, өөрийн гараар хийсэн
тохиолдолд хүн илүү хөгждөг. Иймэрхүү зүйлүүдийг л боловсролын салбарынхан илүү
анхаараасай.
-Танай сургууль ингэхэд хэдэн ээлжээр хичээллэдэг вэ?
-Хоёр ээлжтэй. Ахлах сургууль нэг ээлжээр хичээллэдэг. Ер нь Монгол Улсад нэг ээлжээр
хичээллэдэг үе ирээсэй л гэж хүсч байна. Хоёрт, сургуулийн ойр орчны талбайг төрөөс онцгой
анхаарах хэрэгтэй. Стандарт гэж нэг юм бий. Өнөөдөр харамсалтай нь, гаднаа биеийн
тамирын талбайтай сургууль өдрийн од шиг байна. Хүүхэд гаднаа гараад гүйж байх ёстой.
Бас сургуулийн хашаанд машин ойртуулмааргүй л байна. Даанч тийм боломж алга. Энэ
бүхэнд төр анхаарлаа хандуулаасай.
Ер нь хүүхдийнхээ ирээдүй болон боловсролд бүхнийг зориулсан улс орон л хөгждөг. Аливаа
улс орон авлигатай эсэх нь дунд сургуулийг нь харахад л ойлгомжтой. Сургууль нь хөгжиж
чадаагүй, гаднах талбайг нь хэн нэгэн булааж аваад, ичих ч үгүй барилга барьчихсан,
стандарт хангаагүй орчин бий болгочихоод байгаа нь яах аргагүй томчуудын л
гэм. Үүнд дүгнэлт хийж, хүүхдийн аюулгүй байдлыг онцгой хангачихаад дараагийн үе шатаа
ярих хэрэгтэй.
-Төр засгийн тэргүүнүүд болон түшээдийн маань дийлэнх нь улсын сургуулиудаа яая гэж
байхад хувийн сургуулиуд бол цаашаа гээд байгаа юм биш үү?
-Энэ бол мунхаг бодлого. Хувийн сургууль ч гэсэн төрийн ачаанаас үүрэлцэж байгаа.
Монголд үйл ажиллагаа явуулж байгаа 90 гаруй хувийн сургууль 7-8 мянган багшийг ажлын
байраар хангаж, 20-иод мянган хүүхдэд боловсрол эзэмшүүлж байна.
Хувийн хэвшлийн дунд сургуулиудад хувьсах зардал гаргаж өгсөн нь төрөөс өгсөн маш том
дэмжлэг.

Хувийн хэвшлийн дунд сургуулиудад хувьсах зардал гаргаж өгсөн нь төрөөс өгсөн маш том
дэмжлэг. Гэвч эдийн засгийн хямрал гэсэн нэрийн дор жилээс жилд хувьсах зардлаа танаж
байна.
Тэгсэн хэрнээ “Та нар эцэг, эхчүүдээс авсан төлбөрөөрөө бүхнийг зохицуул” гэж байна.
Төрийн дэмжлэг хэрвээ алга болбол энэ ачаалал эргээд эцэг, эхийн нуруун дээр бууна.
Яагаад гэвэл хувийн сургууль ч бас багш нарынхаа амьдралыг тэтгэх ёстой. Байр байшин,
орчин тойрноо цэвэр цэмцгэр байлгах учиртай. Энэ бүхэн өөр өөрийн гэсэн өртөгтэй. Хувийн
сургуулиуд уг нь өндөр төлбөртэй болсныхоо хэрээр л орчноо сайжруулаад байгаа юм шүү
дээ.
-Санхүүгийн асуудлаа өөрсдөө шийдээд, төрөөс юу ч гуйлгүйгээр үйл ажиллагаагаа
жигдхэн явуулъя гэхэд ямар нэгэн хүндрэл гардаг уу?
-Төрийн төлөвлөлт их сул. Цагийг нь дөхүүлж байгаад гэнэт мэдэгдэнэ. Жишээлбэл, амрах
хугацааг гэнэт өөрчилнө. Шалгалтын журмаа бүтэн жилийн хугацаанд шийдэж чадаагүй
хэрнээ хэдхэн хоногийн дотор гэнэт шийднэ. Мөн хувийн хэвшлийн сургуулийн багш нарын
сургалтанд анхаардаггүй. Бид өөрсдөө оролцуулъя гэсэн ч шууд хасдаг.

Янз бүрийн хөтөлбөрүүдэд хувийн сургуулийг оролцуулдаггүй. Наад захын жишээ дурдахад,
бид зөвхөн төрийн сургуулиуддаа л ном олгоно гэдэг. Хувийн сургуульд ч адилхан л
Монголын үр сад суралцаж байгаа шүү дээ. Иймэрхүү алагчилсан асуудлууд сүүлийн үед их
газар авч байна.
Түүний зэрэгцээ төрийн зүгээс тооцоолоогүй олон зүйл орж ирнэ ээ. Энэ Засгийн газрын үед
хувьсах зардлыг их ялгавартай олгодог болсон. Өмнө нь тийм байгаагүй.
-Шинэчлэлт гэж шинэ юм нэмж хэрэгжүүлэхийг хэлдэг байх. Гэтэл манайхан хуучин юмаа
хасаад, оронд нь нэг юм нэмэхийг л хэлж байна гэж ойлгоод байх шиг?
-Аливаа өөрчлөлтийг дан ганц зоригоор хийж болохгүй. Ялангуяа боловсролын салбар бол
хамгийн тогтвортой байх ёстой. Ер нь шинэчлэлт гэж дуугараагүй Засгийн газар Монголд
алга. Гэвч шинэчлэл нэрийн дор эмх замбараагүй байдлыг үүсгэх хандалт, үр дүн харагдаад
байна шүү дээ.
Том, том шинэчлэлүүд дуугараагүй үед л хийгддэг. Өөрөөр хэлбэл, шинэчлэл гэж чанга
дуугарах тусам аюул нь нэмэгдэнэ. Ултай суурьтай бодож, алгуур аажим хийсэн шинэчлэл
бүхэн сайн үр дүн өгдөг. Өнөөдөр бүх зүйл хувьсан өөрчлөгдөж байна. Гэтэл хуучин
зүйлүүдийг бүгдийг нь хасч танаад, алга болгочихож болохгүй.
Хуучин нийгэмд ч гэсэн сайн зүйл их байсан. Арван жилийн боловсролтой, тэрийгээ
хөдөлгөдөггүй байсан нь үнэхээр сайн зүйл. Дараа жил ямар сурах бичиг үзэхээ, арван
жилийн дараа яахаа бүгдийг нь төлөвлөж болдог байлаа. Гэтэл сүүлийн жилүүдэд 11, 12
жилийн боловсрол нэрийдлээр хэтэрхий их үсэргэж байна. Иймэрхүү эмх замбараагүй
байдлаа л засмаар байна.
-Дээр та авлигын талаар цухас дурдсан. Тэгэхээр авлига гээч зүйл боловсролын салбарт зах
замбараагаа алдаж байна. Бүр цэцэрлэгт хүүхдээ оруулахаас эхлээд л хахууль өгөхөд хүрч
байна шүү дээ?
-Энэ бол төрийн цэцэрлэг, сургуулиуд дээр л ажиглагдаж байгаа үзэгдэл. Гэхдээ би тэр
бүхнийг өөрийн нүдээр хараагүй учраас мэдэхгүй. Хүмүүсийн цуу ярианаас сонсоод байдаг л
юм байна гэж бодсон. Энэ байдлыг арилгах хамгийн дөт зам бол үгүйлэгдээд, дутагдаад
байгаа энэ орон зайд хувийн хэвшлийг оруулж ирэх явдал. Өөрөөр хэлбэл хувийн хэвшлийн
цэцэрлэг, сургуулиудыг төрөөс сайн дэмжих хэрэгтэй. Хувийн хэвшил хэзээ ч авлига авахгүй.
Яагаад гэвэл удирдлагууд нь өөрсдөө юм чинь.
-Хувийн сургуульд ч гэсэн шалгалтанд тэнцээгүй хүүхдийн эцэг, эхчүүд хээл хахууль өгөх
оролдлого хийдэг биз дээ?
-Манай сургуулийн хувьд тийм оролдлого маш цөөн. Яг хувь хүнд мөнгө өгөөд, хүүхдээ
оруулчихсан тохиолдол гарч байгаагүй.
-Танд ч гэсэн тийм санал ирдэг байх. Хэрхэн зохицуулдаг вэ?

-Буяндаа бузар хийхгүй гэдэг дээ. Сэтгэлээ зөв удирдах хэрэгтэй. Манай сургуулийнхан “Үзтэл
үнэнээр явагчийг үргэлж өөд нь дэмжигтүн” гэсэн зарчим баримталдаг юм. Хэрэв мөнгө
авчихвал энэ олон багш, сурагчдын нүүрийг яаж харах вэ.
-Танай сургуулийн төгсөгчид гадаадын их, дээд сургуулиуд, ялангуяа Японы сургуулиудад
элсэн суралцдаг талаар сайн мэдэх юм байна. Ер нь гадаадад боловсрол эзэмшсэн л бол
мундаг гэж ойлгох нь хэр зөв бэ?
-“Шинэ Монгол” бүрэн дунд сургууль байгуулагдаад 15 жил болж байна. Энэ хугацаанд
1,500 хүүхэд төгссөн байна. Тэдгээрээс гуравны нэг нь гадаадын томоохон их, дээд
сургуулиудад сурч мөрөөдлөө биелүүлж байна. Гэхдээ зөвхөн гадаадын их, дээд сургуульд
сурснаараа мундаг ч юм биш л дээ. Төгсөгчид нь бүгдээрээ нийгэмдээ өөрийн гэсэн байр
суурь, мөрөөдлөө биелүүлж яваа гэдэг нь л чухал.
-Ирэх сарын нэгнээс бүх их, дээд сургуулиуд элсэлтээ авч эхэлнэ. Танай сургууль ч бас
элсэлтээ авч байгаа гэж сонслоо?
-Манай сургууль жил бүрийн энэ үед ахлах болон бага сургуульдаа элсэлт авдаг. Энэ сарын
8-10-нд бага, 8-11-нд дунд болон ахлах ангийн бүртгэл явагдана.
Харин энэ сарын 12-нд элсэлтийн шалгалт болно. Шалгалтын дүн өдөртөө гарна. Дунд
сургуульдаа хүсэл мөрөөдөл, мэргэжлийн чиг баримжаа олох, улмаар гадаадын их дээд
сургуульд дэвшин суралцах хүсэлтэй, өөрийгөө олон талаас нь хөгжүүлэх эрмэлзэлтэй
хүүхдүүд байвал манай сургуульд ирж, шалгалтаа өгч болно.
-Шалгалтанд тэнцлээ ч төлбөрийг нь дийлэхгүй болов уу гэж бодож байгаа хүүхдүүд байж
магад?
-Хувийн хэвшлийн дунд сургуулиудтай харьцуулахад манай сургуулийн төлбөр алтан дундаж.
Тодруулбал, жилийн төлбөр нь 4.2 сая төгрөг. Дугуйлан секцүүд төлбөргүй. Харин хөдөлмөр
зуслан төлбөртэй. Ахлах сургуулийн хувьд намрын ажил тун бага төлбөртэйгээс гадна ажил
хийж цалин авдаг учраас төлбөргүй гэж ойлгож болно.
Мөн гадаадын их, сургуулиудад элсэн суралцахаар бэлтгэж байгаа хүүхдүүдэд зориулсан
хавар, намар, зуны сургалтууд тодорхой төлбөртэй.
-Хавар, намар, зуны сургалтуудад танай сургуульд сурдаггүй хүүхдүүд хамрагдах
боломжтой юу?
-Энэ жилээс боломжтой болсон. Тухайн үед нь зар гарна.
-Хоёулаа эргээд элсэлтийн талаарх яриандаа оръё. Ахлах сургуульд орж байгаа
хүүхдүүдийн дийлэнх нь үзэл бодол нь төлөвшчихсөн, түүнийгээ ч сайн хамгаалдаг
болчихсон байдаг. Газар газраас цугласан хүүхдүүдийг нэгтгэн, нэгэн хамт олон болгоход
багагүй хүндрэл гардаг уу?
-Нэг сонин юм ажиглагддаг. 1-5 дугаар ангидаа “Шинэ Монгол”-д сурчихна. Зургадугаар
ангидаа автоматаар орсон хүүхдүүд дээрээ нэмж сурагчид элсүүлнэ. Мөн 6-9 дүгээр ангиа
төгсөөд аравдугаар ангидаа орох үед нь хүүхэд нэмж аваад, холино. Янз бүрийн хүүхдүүд

ирдэг боловч дийлэнх нь мөрөөдлөө биелүүлчих юмсан гэсэн чин эрмэлзэлтэй байдаг.
Тиймээс орчиндоо дорхноо уусч, “Шинэ Монгол соёл”-оо ч хялбархан хүлээж авдаг юм.
-“Шинэ Монгол соёл” гэхээр их содон сонсогдож байна шүү?
-Манай сургууль хүүхдийг тэгш хөгжүүлэхэд нэн тэргүүнд анхаардаг. Өөрөөр хэлбэл, мэдлэг
оюун, бие махбодь, сэтгэлийн өв тэгш хүмүүжил олгохыг чухалчилдаг. Энэ ч утгаараа
хүүхдийн бие махбодийг хөгжүүлэхийн тулд 33 төрлийн дугуйлан секц ажиллуулдаг. Хүүхдэд
зөвхөн мэдлэг олгоод байвал бие махбодь, сэтгэлийн хэсэг нь хөгжихгүй шүү дээ.
Асуултын тухайд “Шинэ Монгол соёл” гэдэг бол манай сургуулийн дүрэм юм. Цаг барих,
худал хэлэхгүй байх, мэндлэх хүндлэх ёс, цэвэр цэмцгэр гэх мэтийн маш энгийн, товчхон
есөн зүйлтэй дүрэм бий.
-Дүрэм зөрчсөн тохиолдолд ямар шийтгэл оноох вэ?
-Зөрчүүлэхгүйн тулд л дүрэм зохиодог. Тэгэхийн төлөө багш, ажилчид бүгд багаар ажиллана.
Гэхдээ хүүхэд л болсон хойно зөрчил гаргана. Тухайн хүүхдийн сул талыг арилгахад илүү
анхаарна.
-Хэрхэн, яаж?
-Бид өнөөгийн нийгэмд амьдрах чадваргүй хүүх¬дүүдийг бэлтгэн гаргаж байна. Өөрөөр
хэлбэл, зөвхөн хичээлээ хийдэг, амиа хичээдэг хүүхдүүд. Эцэг, эхчүүдийн хандлага ч
ерөнхийдөө ийм байна. Мөн монгол ахуйгаас их холдож байна. Газар гишгэхээ больж байна.
Багад нь ээж, аав нь өргөөд явчихна. Нэгдүгээр ангид орохоор нь машинаар зөөж эхэлнэ.
Бүр сургуулийн хашаан дотор машинаа хаалганд тулгаж тавиад хүүхдээ буулгана.
Энэ бол 70, 80, 90-ээд оны эцэг, эхчүүд л дээ. Тэд яаж өссөн нь ойлгомжтой. Тэр хүмүүжлээ
өвлүүлэх гэж хүүхдүүддээ их анхаарал тавьж байна. Энэ нь эсрэгээрээ хүүхдийг нь хорлоно.
Хүүхдүүд чөлөөтэй тоглож, өөр хоорондоо нийгэм бүрдүүлэх боломжгүй боллоо.

Хүүхдийн тоглох талбайг бүгдийг нь машины зогсоол болгочихлоо. Хүүхдүүд чөлөөтэй
тоглож, өөр хоорондоо нийгэм бүрдүүлэх боломжгүй боллоо. Энэ бол өнөөгийн нийгмийн
урхигтай тал л даа. Тиймээс манай сургууль 1-3 дугаар ангийн хүүхдүүдийг зусланд заавал
явуулдаг.
Энэ насны хүүхдүүдийн дийлэнх нь амьдралын наад захын зүйлийг бие дааж хийж сураагүй
байдаг. Зусланд явснаар олны дунд орж, биеэ дааж эхэлдэг. Мөн 4, 5 дугаар ангийн
хүүхдүүдээ сумын төвийн сургуульд аваачиж, долоо хоног хичээллүүлдэг. Тэд тэнд гадаа
тоглоно, хөдөөгийн ахуйтай ойртоно. 6-9 дүгээр ангидаа бол хөдөлмөр зусланд явна. Тэнд
хичээл хийлгүйгээр байгальдаа ойртож, ямар нэгэн ажил хийх ёстой. Энэ зун л гэхэд хонь
хариулна. 10-11 дүгээр ангидаа намрын ажил хийнэ. Эдгээр ажил тодорхой үр дүнд ч хүрч
байгаа.
-Хүүхдүүд энэ ажилд хэр дуртай вэ?

-Маш их дуртай. Учир нь байгальтай харьцах, тоглох, анги нийтээрээ хамтдаа байх, хамгийн
хөгжилтэй дурсамжуудаа бүтээх нөхцөл бүрдэж байна.
Мөн манай сургууль дээр 1-11 дүгээр ангийн сурагчид ухаалаг гар утас барих хориотой.
Аюулгүй байдлын үүднээс товчлууртай гар утас л ашигладаг.
-Тэгэхээр танай сургууль дээр эд хөрөнгөөрөө гайхуулах, бусдаасаа ялгарах, давамгайлах
гэсэн оролдлого гардаггүй байх нь ээ?
-“Шинэ Монгол соёл” дүрэмд үл алгачлах гэсэн зүйл бий. Энэ ч утгаараа манай сургуульд
хагас болон бүтэн өнчин, амьдралын дундаас доош орлоготой айлын хүүхдүүд ч сурдаг. Мөн
“Өнөр бүл” хүүхэд асрах төвөөс жил бүр тэтгэлгээр сурдаг хүүхдүүд ч бий.
-Тэтгэлэг гэснээс танай сургууль сурагчдадаа ямар, ямар төрлийн тэтгэлэг олгодог вэ?
-Элсэлтийн шалгалтанд сайн оноо авсан хүүхдүүдэд 30, олимпиад уралдаан тэмцээнд
түрүүлсэн хүүхдүүдэд 100 хувийн сургалтын тэтгэлэг олгодог. Хөдөө орон нутгшийн
хүүхдүүдэд зориулсан дотуур байртай. Амьдралын хувьд хүнд хэцүү хүүхдийг амьдралыг нь
харгалзаж үзээд тэтгэлэг олгодог.
-Танай сургууль өнгөрсөн жилээс коллеж, дээд сургуультай болж өргөжсөн байх аа?
-11 дүгээр ангид орж байгаа хүүхдүүд “Шинэ Монгол” техник инженерийн коллежид элсэн
суралцах боломжтой болсон. Өөрөөр хэлбэл, 15 настайдаа аравдугаар ангид ороод 20-
тойдоо дэд бакалаврын зэрэгтэй, инженерийн дипломтой төгсөнө гэсэн үг. Дээд сургуулийг
цаасан дипломтой л төгслөө, ажил алга гэсэн шүүмжлэл их байдаг даа. Тэгвэл энэ коллежийг
төгсөж байгаа хүүхдүүдэд тийм асуудал тулгарахгүй. Учир нь тэд бол гараараа юм хийдэг,
онолоор ч практикаар ч Монголд хамгийн их үгүйлэгдэж байгаа мэргэжлийг эзэмшин төгсөж
байгаа юм.
Мөн “Шинэ Монгол” дээд сургууль 2+2 ажиллагааг хэрэгжүүлж байгаа. Тодруулбал, хоёр жил
эх орондоо сураад, хоёр жил гадаадын их, дээд сургуулиудад үргэлжлүүлэн суралцах
боломжтой.
-Ирэх намар их, дээд сургуулиудын оюутнуудад маш хэрэгтэй нэгэн тэтгэлэг олгож эхлэх
гэж байгаа гэж сонссон?
-Тийм ээ. Мабучигийн олон улсын тэтгэлгээр Японд суралцсан хүмүүс манай төгсөгчид дунд
олон бий. Энэ ч утгаараа төгсөгчид маань “Мабучи-Шинэ Монголын тэтгэлгийн сан”-г
санаачлан байгуулсан юм. Сангийнхаа шугамаар Монголын их, дээд сургуульд сурч байгаа
30 оюутанд тус бүр жилийн 1,500 долларын тэтгэлэг олгохоор болсон. Тэтгэлэг авсан
оюутнууд сургуулиа төгссөнийхөө дараа ямар ч хүү, шимтгэлгүйгээр буцааж өгнө. Тэр
мөнгөөр нь эргээд дараагийн оюутнуудыг тэтгэлэгт хамруулах юм.
-Хүүхдэд сайн боловсрол эзэмшүүлэхээс гадна ямар хөрөнгө оруулалт хийх ёстой вэ?
-Бие даасан үзэл бодолтой, аз жаргалыг ойлгодог, дэлхийд үнэлэгдэх хэмжээний мэдлэг
боловсролтой хүмүүс л улс орноо авч явна. Тиймээс манай сургууль оюун мэдлэг, сэтгэл,
махбодийг нь өв тэгш хөгжүүлж байгаагаа л сурагчдадаа оруулж буй хөрөнгө оруулалт гэж
хэлнэ дээ.

-Дээрх хөрөнгө оруулалтыг өөртөө хийхээр зориглосон хүүхдүүд танай сургуульд элсэхийн
тулд ямар шаардлагыг хангах ёстой вэ?
-Элсэлтийн шалгалтандаа тэнцэхэд л хангалттай. Манай Галаа багш “Чиний мөрөөдөл бол
миний мөрөөдөл” гэж хэлдэг юм. Тэгэхээр мөрөөдлөө олох, мөрөөдлөө биелүүлэх
сонирхолтой хүүхдүүдэд манай сургуулийн үүд хаалга цаг үргэлж нээлттэй.