Энд хуран цугласан эрхэм зочид, сонгогч, дэмжигч нар аа,

6-р сарын 2-ны өдөр сонгуулийн сурталчилгааны нээлтээ Шинэ Монгол сургууль дээр хийж байлаа. Шинэ Монгол сургууль бол миний үндэс, миний өлгий, миний гарааны цэг. Галбадрах, Тогос захирал тэргүүтэй Шинэ Монгол сургуулийн олон сайхан багш, ажилтан, төгсөгч, эцэг эхчүүд намайг дэмжин энэ хугацаанд ажиллалаа. Сургууль оршин байгаа газарт түүний эргэн тойронд сайн сайхан цэцэглэж байдаг. Нэг сургууль сайн бол нэг сайныг үүсгэн, нийгмийг сайн сайхнаар гийгүүлдэг. Бүх сургууль сайн бол Монгол даяар бүхий л сайныг нийгэмд хүргэнэ. Энэ болминий нэг зорилго. Сайн сургуулийн жишгийг төрөөс боловсруулан, бүх сургуулиудад түгээж, тэднийг төрөөс дэмжиж бүгдийг сайн болгоё. Сайн сургуулийн жишиг бол сургалтын орчны сайн стандарт, сургалтын сайн хөтөлбөр, сайн сурах бичиг, сайн багш нарын цогц мөн. САЙН СУРГУУЛИАС САЙН БОЛОВСРОЛ, САЙН БОЛОВСРОЛООС ХҮНИЙ ХӨГЖИЛ, ХҮНИЙ ХӨГЖЛӨӨС УЛСЫН ХӨГЖИЛ. САЙН СУРГУУЛИЙГ ТАНЫ ДЭРГЭД БИ АВЧИРЪЯ.

Боловсрол, эрүүл мэнд, тэтгэврийн шинэчлэл бол Зөв хүн-Электорат эвслийн “Хүндээ хөрөнгө оруулах” бодлогын суурь цөм. Боловсролын салшгүй хэсэг нь эрүүл мэнд бөгөөд эрүүл мэндийн үйлчилгээ тэгш, хүртээмжтэй байх ёстой. Эрүүл мэндийн даатгалын тогтолцоог төгөлдөржүүлэх нь бидний гол зорилго мөн. Монгол хүн өнөөдөр хувийн, улсын эмнэлэгт харьяалал харгалзахгүй даатгалаараа хөнгөлөлт эдлэн үйлчлүүлэх учиртай. Эмч эмнэлгийн ажилтан, багш нарын эрх зүйн статусыг бэхжүүлж, тэдэнд зориулсан хуулийг батлуулан, амьдралын түвшин, нэр хүндийг дээшлүүлж үйлчилгээг эрс сайжруулах нь бидний зорилго юм. Монгол хүн тэтгэвэртээ гараад ядуурах бус хангалттай хэмжээний тэтгэвэр авч, чанарлаг амьдрах үндэс суурийг бидний санал болгож буй тэтгэврийн шинэчлэл авчирна аа. Үүнд би бат итгэнэ.

Эрхэм сонгогчид оо, анд найз нар аа!

44 насныхаа босгонд ирсэн миний бие УИХ-д сонгогдоод ямар зарчмыг барьж, юуг хэрхэн хийх вэ? Энэ талаараа та бүхэнд бодлоо хүргэе.

Миний хүндэлж явдаг улс төрч Махатма Ганди нэгэнтээ “Хөдөлмөрөөр олоогүй хөрөнгө, зарчимгүй улс төр хоёрыг нүгэл мөн” гэж хэлжээ. Ариун цагаан хөдөлмөрөөрөө хөрөнгөжөөгүй хүмүүст хайрлах зүйл байдаггүй юм аа. Тэд эрх мэдэл, хөрөнгө мөнгөний төлөө элгэн садан, эх орноо ч худалдахад бэлэн байдаг. Харин бид зарчимтай, ёс зүйтэй улс төрийг Монгол оронд авчрахаа амлаж байна. Ариун цагаан хөдөлмөрийг үнэлж, “ҮЗТЭЛ ҮНЭНЭЭР ЯВАГЧИЙГ ҮРГЭЛЖ ӨӨД НЬ ДЭМЖДЭГ” уламжлалт төрийн бодлогоо эргэн сэргээж, зөв газартаа зөв хүн нь очиж, төрийн жолоог атгалцан, түмний дэмжлэгийг хүлээж, зөв цаг, зөв гольдролыг авчран эх орноо хөгжүүлэх торгон агшин ирлээ. ТАНЫ СОНГОЛТ-ЦАГИЙН ЭРГЭЛТ. Бүх зүйл зөв гольдролдоо орж, монгол түмэн минь жаргах цаг ирлээ.

6 сарын 2-ноос хойш би бүх 11 хорооны нутаг дэвсгэрээр явж, 10 мянга гаруй сонгогчтой нүүр тулан уулзжээ. Би зах, дэлгүүр, гудамж, талбай, сургууль, автобус, буудлууд, худаг гээд хаана л боломжтой байна, тэнд очлоо. Надад 500 гаруй иргэн, хуулийн этгээд хандив өгчээ. Сонгуулийн кампанит ажлын үеэр анзаарсан зүйлээ өчье.

Улс төрд болоод өмнөх үеийн улс төрчдөд итгэх түмний итгэл алдарчээ. Шидэт дохиур атгачихсан мэт бүхнийг амлан гарч ирдэг УИХ-ын гишүүд 30 жилийн турш иргэдийн итгэлийг хөсөрдүүлснийг төгсгөл болгох цаг нь иржээ.  Бидэнд гарц, шийдэл нь байна. Зөв хүн электорат эвслийн мөрийн хөтөлбөрт энэ бүхэн туссан болно. Бид ид шидийг биш гагцхүү зөв, шударга бодлого, ёс зүй, зарчмыг хэрэгжүүлэх улс эх орныхоо төлөө гэсэн ЧИН СЭТГЭЛийг танд амлаж байна.

“Та нар цөөхүүл гараад юу ч хийж чадахгүй" гэх сонгогч надтай их таарлаа. Би ганцаараа, бид цөөхүүлээ биш ээ. Намайг 123 мянган сонгогч, ХҮН намын чадварлаг баг, байгууллага, Зөв хүн электорат эвсэл дэмжиж байгаа. Бидэнд нөлөөлөх их хүч бий. Би сонгогдсон тохиолдолд, тойргийнхоо иргэдэд хамгийн ойр, тэдэндээ хамгийн их ханддаг, тэднийхээ дэмжлэгийг цаг үргэлж хүсдэг гишүүн байх болно. Ардчиллыг бэхжүүлэх, өөрсдийн эрх ашгийг хангуулахад таны оролцоо туйлаас чухал учраас тэр юм. Надад итгээрэй, би таны итгэлийг зүтгэлээр хариулж, төрд итгэх түмний итгэлийг сэргээнэ. Итгэлээс итгэлцэл, итгэлцлээс ирээдүй цогцолно оо.

АНУ-ын ерөнхийлөгч Жон Кеннеди нэгэнтээ “Эх орон надад юу хийж өгөх вэ бус харин би эх орондоо юу хийж өгч чадах вэ гэж өөрөө асуу” хэмээн хэлсэн байдаг. Улс төрд идэвхитэй оролцож, дуу хоолойгоо хүргэдэг эрүүл сэтгэлгээтэй иргэдийг тэрбээр хүссэн хэрэг. Миний бие та бүхнээс ихийг шаарддаг гишүүн байх болно. Боловсруулан батлуулж буй хууль бүхэндээ, бодлого бүхэндээ та бүхнээс дэмжлэг хүсэж, дуу хоолойгоо хүргэн дэмжихийг шаарддаг гишүүн байх болно. Би та бүхнийг зүгээр суулгахгүй гишүүн байх болно. Тэгж байж гэмээнэ “Төрийн өндөр босго” гэж эмээн сүрдэж ирсэн бүхэн сүүдэр мэт агшин зуурт арилж, сайн сайхныг цогцлоосон “НҮСЭР БУС ТӨСӨР” төр таны дэргэд ирэх болно. Би та бүхний үнэнч дуу хоолой, олны хүчийг оломгүй далай болгон зангидсан хүчирхэг НӨЛӨӨЛӨГЧ байх болно. НАДАД ИТГЭ, БИ ЗҮТГЭЕ.

Эрхэм иргэд ээ, ирээдүйг авчрах итгэлийн тухай хэдэн үг хэлье. Өөртөө итгэдэггүй хүн бусдад итгэдэггүй гэсэн үг байдаг. Өнөөдөр бидний эх оронд өөрчлөлт хэрэгтэй байна. Та бүхэн улс орондоо итгээрэй, улс төрчиддөө итгээрэй, өөртөө итгээрэй. Таны санал бурууг зайлуулж, зөвийг авчрах их өөрчлөлтийг урин дуудах болно! Улс төрийн 30 жилийн зуд энгийн иргэд биднийг туйлдууллаа. Урин хавар, энх улирлыг ханхлуулах цаг нь болжээ!

Эх оронд эрдэм мэдлэгтэй залуус хэрэгтэй байна.

Эх орноо гэсэн чин шударга улс төрчид хэрэгтэй байна. Энэ бүх боломжийг бий болгох хамгийн АГУУ ХҮЧ БОЛ ЗӨВХӨН СОНГОГЧ та.

Миний бие улс орноо хар жагсаалт, эдийн засгийн хямрал, ядуурал, ажилгүйдэл, бухимдал, хүнд суртал, авлигын балчигт доройтон байхыг зүгээр хараад сууж чадахгүй нь ээ. Улс төрчдийн бэртэгчин хандлага, ханаж цаддаггүй эд хөрөнгийн шунал бидний хөгжлийг чөдөрлөж, аз жаргалыг булаахыг хэрхэвч зөвшөөрөхгүй ээ. Ирээдүйдээ итгэж, урагш тэмүүлэх их итгэлийг улс орондоо дахин бий болгохыг хүсч байна. Зөв явбал, үзтэл үнэнээр явбал бүхнийг чадна гэсэн итгэлийг хүүхэд залуустаа эгүүлэн авчрахыг би чин сэтгэлээсээ хүснэм.

Иргэд ээ, сонгогчид оо, залуус аа, таны гарт улс орон чинь байна. Таны гарт ардчиллын баталгаа болсон сонгуулийн эрх байна. Эрхээ эдэлж, үзгийн үзүүрээр шударга ёсыг сэргээн тогтоох агуу хүч танд байна. Ард түмэнтэйгээ цуг байж, тэдний цэвэр тунгалаг дуу хоолой болдог шинэ хэв загварын улс төрчдийг, шинэ улс төрийг сонгож, ардчиллаа бэхжүүлэн, ТУСГААР ТОГТНОЛОО баталгаажуулцгаая. Цөөхөн хүнтэй ч эрх чөлөөг эрхэмлэгч, зориг төгөлдөр ард түмэн билээ бид.

Ардчиллын үнэт зүйл болох сонгуульдаа заавал оролцож саналаа өгөөрэй. Улс орондоо итгэх итгэлээ сэргээгээрэй.

Пүрэвсүрэнгийн Наранбаяр миний бие залуус, сонгогч та бүхний ирээдүйн замыг засч, гишгүүр чинь болохын төлөө их замын эхэнд зогсож байна. Алсын замд мордох хүнд монголчууд бид сайн сайхныг хүсэн ерөөл тавьдаг. Ажнай хүлгийн минь дөрөөнд ариун цагаан сэтгэлийн сүүгээрээ дээжээ өргөж буй Баянзүрхийнхээ нийт сонгогч иргэддээ амлая.

Монголын мянга, мянган эцэг эх, ах, эгч, дүү нар аа, Баянзүрхчүүд ээ,

Би та бүхний итгэлийг чин сэтгэлийн зүтгэлээр хариулах болно оо.

Би өөрийгөө УИХ-д бүрэн бэлдлээ. Би тэнд онол үзэж, сургалтад суух гэж очоогүй ээ. Би тэнд сонгогч та бүхний байр суурийг илэрхийлж, та бүхний төлөө зүтгэх гэж очиж байна аа.

ТА ӨӨРТӨӨ ИТГЭЭРЭЙ, Таны санал буруу бүхнийг өөрчилж чадна аа.

Монголчууд биднийг мөнх хөх тэнгэр ивээг!

                                                                                   2020 оны 6-р сарын 20