Социализмын үед эрдэм чадалтай боловсон хүчнийг бэлдэж, улс орны хөгжлийн торгон цэрэг болгодог бодлого хэрэгжиж байсны илрэл бол Дангаасүрэнгийн Энхбат. Тэрбээр 1975 онд ерөнхий боловсролын сургуулиа төгсөөд ЗХУ-ын Уралын политехникийн их сургуульд системийн инженерээр суралцаж 1980 онд дүүргэжээ. Интернэт хараахан үүсээгүй ч Алан Тюрений боловсруулсан онолоор компьютер хэдийн үүсээд байсан үе. Киберг гэдэг латин гаралтай үгийг ч монголчууд мэддэг болоод байв. Энэ л үед компьютерийн инженерээр бэлтгэгдсэн хэрэг.
Уралын политехникийн их сургуульд ижил чиглэлээр суралцан төгссөн бас нэг мэргэжилтэн бол УИХ-ын дарга асан З.Энхболд. Харин Д.Энхбат 2008-2012 онд УИХ-ын гишүүн байв. Нэг сургуулиас Монголын төр нийгмийн хоёр зүтгэлтэн төрнө гэдэг ховор тохиолдол. Уралын политехникийн их сургууль нь ЗХУ-д хүнд үйлдвэрлэл хөгжүүлэх боловсон хүчин бэлдэх зорилгоор 1920-оод онд байгуулагдсан инженерчлэлийн төвлөрсөн сургалттай томоохон их сургууль юм. Нацистын Герман ЗХУ-д халдан довтолсноор инженерийн сургалтаа Уралын нурууны наана татсан нь тус их сургуулийн боловсон хүчний төвлөрөл болох, бэхжин хөгжихөд ихээхэн нөлөөлжээ. Дангаасүрэнгийн Энхбат их сургуулиа төгсөж ирээд Статистикийн төв газарт программистаар 1984 он хүртэл ажиллажээ. Тухайн үе бол төлөвлөгөөт эдийн засагтай байсан үе. Социалист төлөвлөгөө рациональ сэтгэлгээний охь гэгдэж байсан үе. Ард түмнийхээ бүх эрэлт, хэрэгцээг нарийвчлан тооцож, МАХН-ын таван жилийн төлөвлөгөөг боловсруулна. Сампин, тооны машин бариад үзэлцдэг байсан тоог өгөгдөл хэлбэрээр боловсруулан, алгоритм зохиож, тухайн үеийн овортой компьютерт оруулдаг гол мэргэжилтэн нь байсан гэсэн үг.
Хойно төгсөөд ирсэн шинэ мэргэжилтэнг тухайн үеийн дарга нар ойшоож, үгийг нь авдаг байсан болов уу. Тиймээс Монголын төр түүнийг 1984-1988 онд дахин Москвагийн Шинжлэх ухаан технологийн үндэсний их сургуульд докторантурт явуулжээ. Энхбат ган хайлшийн салбарт техникийн ухааны докторын зэрэг хамгаалав. Рейган, Тетчерийн неолиберал бодлого амжилттай хэрэгжин эдийн засгийн хувьд хөшингө, үрэлгэн социализм улам бүр доройтож байсан цаг. Энхбат ЗХУ дахь өөрчлөн байгуулалт, ил тод байдлыг тухайн газар дээр нь үзсэн сэхээтний нэг байсан тул ирэх цагийн их өөрчлөлтийг хамгийн их мэдэрч байсан биз ээ.
Эх орондоо ирээд стандартчилал, техникийн дэвшлийн чиглэлээр төрийн өндөр албанд тохоогдон хоёр жил ажилласны дараа 1990-1992 онд Үндэсний хөгжлийн яамны орлогч сайдын албан тушаалыг хашжээ. 31 насандаа дэд сайд болно гэдэг тухайн үед тун ховор үзэгдэл байв. МАХН-ын удирдах бүрэлдэхүүнд хүнийг олон жилийн хичээл зүтгэлээр шат дараалуулан ахиулдаг байсан тухайн үед 31 настай залууг шууд сайдын суудалд аваачсан нь өдрийн од мэт томилгоо юм. Шилдэг боловсролтой, зоригтой шинэчлэгч залуусыг хүсэх уур амьсгал нийгэмд бүрэлдсэнтэй ч энэ нь холбоотой байх. Энхбат нийгмийн энэхүү хүлээлтийг зүтгэлээр хариулж, Монголд ардчилсан хувьсгалтай дүйхүйц хувьсгалыг авчирсан юм. Энэ бол Монголыг дэлхийтэй холбосон, тухайн үедээ датаком хэмээн алдаршсан интернэт байв.
Тэрбээр 1993 оноос хувийн хэвшилд зүтгэж, “Монголын мэдээллийн харилцаа” хэмээх компаниа байгуулж, Монголд интернэтийг анх нэвтрүүлсэн юм. Тиймээс ч ард түмэн түүнийг Монголын интернетийн эцэг, Дата Комын Энхбат хэмээн нэрлэдэг. Энэ агуу хувьсгалд Энхбатыг бэлдсэн нь Монголын төр байлаа. Төр түмэн нүдтэй гэдэг энэ ажгуу. Зөв хүнийг зөв газарт нь байршуулж, зөв аргаар нь бэлдэж, зөв цагт нь дэмжин ард түмэнд зүтгүүлдэг байх нь төрийн бодлогын амжилтын үндэс билээ. Дангаасүрэнгийн Энхбат бол төрийн албанд “нухуулж” бэлтгэгдсэн төрийн хүн юм.