Нэрт сэтгэгч Сатиш Кумар (1936-) СOVID-19 цар тахлын дараах хүн төрөлхтний шинэ үнэт зүйлийн үзлийг дараах байдлаар томьёолжээ. “Урт удаан хугацааны туршид “Зах зээл” (Market), “Мөнгө” (Money), “Материализм” (Materialism) хүмүүсийн үзэл санааг тодорхойлж ирэв. Харин одоо бид амгалан цаг хугацааг эргүүлэн авчирч, эеврүү сэтгэлээр байгаль дэлхийн дуу хоолойг чагнах ёстой болов. Хуучин гурвалыг халж, шинэ гурвал буюу “эх газар” (Soil), “сэтгэл зүрх” (Soul), “нийгэм”(Society)-ийг бид бий болгох хэрэгтэй” гэжээ. Энэ үг бидэнд боловсролын ирээдүйг харах нүдийг олгож байна. Байгальд ойр, сэтгэл зүрх хандлагыг тогтооход чиглэсэн, нийгмийн амьдралд бие даан оролцох нийгэмшсэн иргэдийг бэлдэхэд боловсрол илүүтэй чиглэх учиртай боллоо гэсэн үг.
Сурах үйл явц ч гэсэн “Юуг сурах”-ад биш “Яаж сурах”-ад төвлөрөх болов. Мэдлэгийг чихэх бус мэдлэгийг олж авах, өөрт байгаа мэдлэгт үндэслэн шинэ мэдлэгт шилжин орох, мэдлэгийг бүтээх (метакогнитив түвшин) бүтээлч хандлагыг тогтоохыг цаг үе шаардах боллоо. ХХ зууны эхээр уран зургийг фото зураг чөлөөлсөн шиг цээжлэн тогтоох, тооцоолол хийх хүчир “хөдөлмөр”-өөс хиймэл оюун ухаан хүн төрөлхтнийг чөлөөлж эхэллээ. Дэлхийн эдийн засгийн форумын мэдээлснээр 2030, 2040 он гэхэд хүний гүйцэтгэдэг байсан олон мэргэжлийг хиймэл оюун ухаан эзэгнэх нь ойлгомжтой болов. Олон улсын эдийн засаг, хөгжлийн хамтын ажиллагааны байгууллага (OECD), ЮНЕСКО зэрэг байгууллагууд боловсролыг зөвхөн мэдлэг бус чадамж, чадвар, мэдлэг, чанарын цогц хэмээн үзэх боллоо. Товчхондоо хэлэхэд боловсролоор дамжин хүн нийгэмдээ аз жаргалтай, утга учиртай амьдрахыг “Шилдэг боловсрол” гэж ойлгох болжээ.
Хүн ам цөөн, геополитикийн хувьд Орос Хятад хэмээх хоёр их гүрний дунд оршдог, ардчиллын “арал” Монгол Улс цаашид хүчирхэгжин оршин тогтноход боловсролын гүйцэтгэх үүрэг ямар байх ёстой вэ? Сайн боловсролоос хүний хөгжил хамаарч, хүний хөгжлөөс улсын хөгжил хамаарна. Гурван сая монголчууд 300 сая мэт хүчирхэг оршиход оюуны аж үйлдвэрийг хөгжүүлэх шилдэг боловсрол шаардлагатай. Шилдэг боловсрол гэдэг сайныг нь шилж, саарыг нь орхих асуудал огт биш юм. Шинэ Монголыг цогцлоох шилдэг боловсрол гэдэг нь хүүхэд бүр хүсэл эрмэлзэлтэйгээр сурч боловсорч, өөрийн сонирхол тэмүүллээр мэргэжлээ сонгож, ажлаа дурлаж, шунаж хийдэг Монголдоо үнэлэгдэх цаашлаад дэлхийд үнэлэгдэх Монгол иргэдийг бэлтгэх асуудал юм. Өнөөдөр Монголд хамгийн өндөр цалинтай ажлыг гадаадынхан бус монголчууд бид өөрсдөө хийж, цаашлаад дэлхийн тавцанд гарах нь бидний хувьд амин чухал асуудал болов. Шилдэг боловсролд дараах гурван хүчин зүйлийг чухалчлах нь зүйтэй. Үүнд:
ИТГЭЛЭЭС ИТГЭЛЦЭЛ: Монгол үндэстнээрээ шинэ Монголыг цогцлоох, тусгаар тогтнолоо баталгаажуулах үндэс нь шилдэг боловсрол гэдэгт бат итгэж, нэгдсэн ойлголцолд хүрэх явдал. Ингэснээр боловсрол, шинжлэх ухаанд хөрөнгө оруулалтыг түлхүү оруулах суурь нөхцөл бүрдэнэ. Хэрэглэгч монгол үндэстнээс оюуны үйлдвэрлэгч монгол үндэстэн болохын үндэс энд оршино. Итгэлээс итгэлцэл үүснэ. Боловсролын салбарт хөрөнгө оруулалт хангалттай орж ирснээр иргэдийн итгэл сэргэж, багш-эцэг эх-төр гурвын хооронд итгэлцэл бий болно. Боловсрол, шинжлэх ухааны салбар чинээлэг дундчуудыг бүрдүүлж, нийгмийн чадварлаг хэсэг энд ажилладаг болно. Мэдлэг, чадвар, сэтгэлтэй сайн багштай сургуульд эцэг эх итгэж, “САЙН СУРГУУЛЬ БОЛ ГЭРИЙН ОЙР СУРГУУЛЬ” гэсэн нийгмийн ойлголт түгээмэл болно. Энэ цагт монголчууд баялгийнхаа эзэд болж, илүү гэрэлтэй ирээдүйг цогцлоож чадна. Яагаад гэвэл үүний цаана багш, сургуулийг цаг үргэлж буруутгасан зэмлэл бус итгэл оршиж буй болохоор тэр.
ЧИН СЭТГЭЛ: Чин сэтгэл боловсролд ус агаар мэт хэрэгтэй байна. Хүүхэд бүр чин сэтгэлээсээ суралцдаг, багш бүр чин сэтгэлээсээ багшилдаг байх нөхцөлийг бүрдүүлье. Манай боловсролын систем, сургалтын агуулга хүүхдийг яагаад “дургүйд хүчгүй” болгоод байна вэ? Хүн дургүй зүйлээ албадуулан хийлгэдэг нь бүх талаараа сөрөг нөлөөтэй. “Хүүхэд дүүргэх ёстой сав биш дүрэлзэх ёстой бамбар” гэсэн уриаг удирдлага болгон хүүхдийг сурах арга барил эзэмшихэд нь анхаардаг боловсролын систем, агуулгыг төлөвшүүлье. Чадварлаг багш чин сэтгэлээсээ багшилж, суралцагчдад бүх сэтгэлээ зориулах хангалттай нөхцөл бололцоог бүрдүүлж өгөх нь төрийн үүрэг мөн. Ерөнхий боловсролын сургуульд өөрийгөө хууралгүй чин сэтгэлээсээ, “ДУРТАЙД ХҮЧТЭЙ” суралцсан хүүхэд мэргэжил сонголт, ажил сонголтдоо ч ингэж хандсанаар бүтээмж нэмэгдэн, амьдралын хандлага, аз жаргалын мэдрэмж нь илүү эерэг болох болно. Ажилдаа шунан дурлаж, аз жаргалтайгаар ажилладаг хүн чадварлаг, бүтээлч мэргэжилтэн болж хөгжлийг түүчээлдэг билээ. Ирээдүйн ажлын байрны дүр төрхийг олон улсын болон үндэстний хэмжээнд макро орчны өөрчлөлт, чиг хандлага болон аж үйлдвэрийн 4-р хувьсгалд нийцүүлэн зөв тодорхойлж, түүнд чиглэсэн мэдлэг, чадвар, хандлагыг нийтээр төлөвшүүлэх, хүүхдийг ирээдүйн ажлын байрандаа дур сонирхолтой, аз жаргалтайгаар ажиллах суурийг тавихад чиглэсэн төрийн бодлого үгүйлэгдэж байна.
ТУУШТАЙ ЗҮТГЭЛ: Шинэ Монголыг бүтээх шилдэг боловсролтой залуусыг хөгжилд зүтгүүлэх талбар хэрэгтэй. Нөхцөлийг бүрдүүлж, шаардлагыг чангатгахын зэрэгцээ хөдөлмөрийг бодитой, зохистой урамшуулдаг байх нь чухал. ЗӨВ ГАЗАРТ ЗӨВ ХҮН-ийг байршуулж олон улсад өрсөлдөхүйц үнэлгээний тогтолцоо бүрдүүлснээр залуус үндэстний урт хугацааны хөгжлийн бодлогод нийцсэн ажлын байранд тэмүүлж зүтгэх нөхцөл бүрдэнэ. Чадварт суурилсан мерит тогтолцоог бүрдүүлж, төрийн албыг улс төрийн хүлээснээс ангижруулан шударга, ил тод байдлыг хангаснаар төрд чадварлаг залуус зүтгэж, ёс суртахууны толь болох болно. Энэ бүхэн бүрэлдсэнээр шилдэг хүний нөөц, шимт хөгжлийг хөтөлж, үндэсний чадавхыг дээшлүүлж, амьдралын чанарыг сайжруулна.
Монгол хүн үндэсний хүсэл эрмэлзлээ гүйцэлдүүлж, монгол хүн монголоороо байж, эх орондоо аз жаргалтай, эзэн ёсоор сууж, тогтвортой хөгжих үндэс нь боловсрол мөн. Шилдэг боловсролоос аз жаргалын эзэд болсон шинэ Монгол эхэлнэ.