П.НАРАНБАЯР: МОНГОЛ ОЮУНД НЭМЭР БОЛЖ БАЙГАА НЬ МИНИЙ БАХАРХАЛ

П.НАРАНБАЯР: МОНГОЛ ОЮУНД НЭМЭР БОЛЖ БАЙГАА НЬ МИНИЙ БАХАРХАЛ

Posted by Өрөг.mn on Wednesday, May 27, 2020

Манай энэ удаагийн “ТЭР” буланд орчуулагч, зохиолч, Шинэ Монгол сургуулийн захирал, олон улс судлалын доктор Пүрэвсүрэнгийн Наранбаяр оролцлоо.

Тэрээр 1994 онд арван жилийн сургуулиа төгсөөд МУИС-ийн Олон улсын дээд сургуулийн япон хэлний ангид орж суралцсан. Харин Киотогийн их сургуульд төрийн захиргааны чиглэлээр магистр хамгаалжээ. Мөн үргэлжлүүлэн 2015 онд МУИС дээр олон улс судлалын докторын зэрэг хамгаалсан байна.

Анх тэрээр CW Никол гэх зохиолчийн “Цагаан буга” бүтээлийг Монгол хэлнээ буулган уншигчдад хүргэж байсан нь чамгүй амжилт авчирснаар урамшин орчуулгын томоохон бүтээл гаргах эхлэл нь болсон байдаг.

Үүний дараа Дэлхийн алдартай зохиол бүтээлийг эх хэлнээ буулгах том ажилд шимтэн оржээ. Тухайлбал, “Салхи зүсэлсэн хөвгүүн”, Японы нэрт зохиолч Мори Оогай  “Зэрлэг галуу”, “Дэлхийн түүх мэндэлсэн нь” Окада Хидэхирогийн “Чингис хаан, түүний үр сад”, Үмэсао Тадаогийн “Могол угсаатныг сурвалжилсан нь”, Икэда Норихикогийн “Евразийн том тоглоомын 150 жил алслагдсан улсын геополитик”, Инамори Казоү “Амжилтанд хүрэх гал эрмэлзэл” зэрэг томоохон бүтээлийг орчуулан уншигчдийн мэлмийг мялайгаад буй. Тэр ч бүү хэл орчуулгын бүтээлээс гадна өөрийн оюуны их сангаас ундарсан номыг 2020 онд “Нүсэр бус төсөр” хэмээн нэртэйгээр гаргасан. Үүнээс гадна хэд хэдэн бүтээлийг хамтран нийтлүүлсэн байна.

Өдгөө тэрээр “Хүн” намын бодлого хариуцсан нарийн бичгийн даргаар ажиллаж байгаа юм. Цаашид орчуулгын бүтээлийг түр хойш тавьж өөрийн бүтээлийг гаргахаас гадна улс орныхоо оюуны санд зохиол бүтээл, өөрийн хийж хэрэгжүүлэх боловсролын асуудал руу түлхүү анхаарал хандуулан ажиллахаар сэтгэл шулуудсан байна.