Өнөөдөр Earth Day буюу Олон улсын эх дэлхийн өдөр. Гүүгл ч гэсэн энэ өдөрт зориулан хайлтын нүүрээ модны зураг, навч болгосныг та бүхэн анзаарсан байх аа.

1970 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр АНУ-ын сенатор Гэйлорд Нелсоны санаачлагаар 20 сая хүн нэгдэн эх дэлхийн анхны өдрийг тэмдэглэжээ.

2009 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр НҮБ-ын Ерөнхий ассамблейгаас “Олон улсын эх дэлхийн өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлэх тогтоолыг албан ёсоор гаргаснаар өдгөө дэлхийн 193 оронд энэ өдрийг тэмдэглэж байна.

Энэ жилийн хувьд дэлхийн өдрийг "Эх дэлхийгээ сэргээе" уриан дор тэмдэглэж байгаа ажээ. Эх дэлхийн өдрөөр  өнөөдрийн байдлаар олдсон цорын ганц амьдрал цогцлоосон гарагийн хувьд хүн төрөлхтөн Грекийн домогт өгүүлдэг Гайяа эхийн хайрласан хөрст алтан дэлхийгээ бүхэлд нь харж, хайрлан хямгадах бодлогоо ярилцдаг өдөр юм. НҮБ-ын Тогтвортой хөгжлийн хурлуудаар цэнхэр гараг Дэлхийг хайрлан хамгаалах тухай олон тогтоол, бодлогыг гаргаснаар хүн төрөлхтөн эх болсон дэлхийгээ хайрлах, сэргээх тухай мэргэн ухаанаа уралдуулж, олон улсын хамтын ажиллагааны хүрээнд сэргээх арга хэмжээ авдаг болсон юм. Үүний нэг тод жишээ нь Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх НҮБ-ын суурь конвенц. Манай улсын хувьд уур амьсгалын өөрчлөлт цөлжилт хэмээх байгалийн гамшгийг авчирч байна. Хүмүүн бидний хийж чадах нэг үйлс бол МОД ТАРИХ. Миний бие 2007 онд Киотогийн их сургуульд магистрын зэрэг хамгаалан буцаж ирээд "Японы экологийн сан"-гийн Монгол дахь төлөөлөгчийн газрыг ажиллуулж байхдаа 2009 он хүртэл нийт нэг сая мод тариулжээ. Мод тариулахаар Сэлэнгийн Тужийн нарс, Богд уулын Ташихайн аманд очдог байсан үе минь одоо ч сэтгэлд тод. Эх дэлхийнхээ төлөө хийж байсан хамгийн сайхан ажлын минь нэг энэ байжээ.

Нэг хүн 18 мод тарихад насаараа амьсгалсан агаараа эх дэлхийдээ буцаан өгдөг гэж ярьдаг. Мод тарьж эх орноо гоёцгооё. Мод тарьж ирээдүй үедээ ногоон Монголыг үлдээе. Энэ өдөрт зориулан Хөвсгөл аймагт мод тарих хөдөлгөөн өрнүүлж буй Тэгш Тэмүүллийн төлөө НҮТББ-ын  Ногоон Мөрөн -Green Murun санд хандив өргөлөө. Та бүхэн ч боломж боломжоороо мод тарьж буй анд нөхдөдөө, байгууллагуудад хандив өргөөрэй. Их бага нь хамаагүй. Сэтгэл л чухал.