

Өмнөх үг
Номоо бичин суугаа энэ мөчид манай улсад 1278 ижил нэрт амьдаа байна. Намайг төрөхөд олон нэр яригдаж, сүүлд нь “Батбаяр, Наранбаяр” гэсэн хоёр нэр бичээд сугалахад авга ах Эрдэнэбаатарын өгсөн Наранбаяр нь таарсан гэдэг. Энэ нэртэйгээ би хуран мэдэхүйгээр бус тохиолдлоор учирсан хэрэг. Наранбаярыг хүмүүс Наранбаатартай их андуурдаг. Төстэй, илүү түгээмэл болохоор тэр. “Дуудах нэрийг эцэг эх, дуурсах нэрийг өөрөө” гэдэг. Би жирийн сэхээтний гэр бүлд төрсөн, энгийн намтартай нэгэн. Хүнээс хэтийдсэн авьяас чадалгүй ч дордох ч юмгүй. Олонхийн нэг хэсэг. Ийм хүн өөрийнхөө тухай бичиж, намтар түүхээ ухах болсон нь шинэ аравны босго хулгана жил айлчилж, цаг эргэх болсонтой холбоотой байх. Түүний зэрэгцээ 2020 он гармагц би Шинэ Монгол сургуулийн захирлын албан тушаалыг дараагийн үедээ хүлээлгэн өгч, шинэ замаар замнахын өмнөхөн бичлээ. Нутаг нүүж, буурь сэлгэхийн өмнө алсын уулсын оройг халиаж, ирэх цагийг шинжин, элдвийг эргэцүүлэн, дотор хүнтэйгээ ярьж, дотоод ертөнцөө шинжин суух нь монгол хүний зан. Ийм л зангаар энэ номыг бичив. Ер нь миний үеийнхэн нийгэм, улс төрийг сонирхон, байр сууриа илэрхийлж, болохгүйг засаж, болохыг төвхинүүлэхийг хүсэх болсон нь санамсаргүй хэрэг биш. Үеийнхэн маань энэ бүтээлийг үзээд нээрээ тийм дээ гэж байхад залуу үе харин сонирхож унших болов уу гэж хүсэн найдна. Номд бяцхан “хадуурал” ч бий. Гэхдээ ихэнхи нь миний ертөнцийг үзэх үзэл, ухаарал, залуу уншигчдын мэдлэгт дусал нэмэр болох зүйл байгаа. Мөн номд миний уулзаж, учирч, ач тусыг нь авч байсан олон хүнийг дурдаж чадалгүй өнгөрсөн юм. Тиймээс “Нэр дурдагдсангүй, намайг иймхэнээр дурслаа гэж үү” гэсэн гоморхлыг тээх хүн байх нь магад. Ном маань дурсамж, талархал гэхээсээ миний дотоод ертөнц, бодит үйл явдлын дүрслэлийг бүтээхэд чиглэсэн гэдгийг учирлаж, номын хуудасны гадна үлдсэн мянга, мянган ачтанаасаа хүлцэл өчмү. Номыг уншихад амар байлгах үүднээс дурдагдсан хүмүүсийн нэрийн овгийн эхний үсгийг бичээгүй болно. Эл бүтээлийг туурвих зуураа миний аав Г.Пүрэвсүрэн, эгч Т.Мөнхцэцэг, анд Б.Индра, Д.Гэрэлтөв нарын үнэтэй санал зөвлөгөөг авлаа. Та бүхэндээ чин сэтгэлийн угаас талархаж байна.
Пүрэвсүрэнгийн Наранбаяр 2020 оны 2 дугаар сарын 9