Доор 14 жилийн өмнө бичсэн судалгааны ажлын дүнгээ танилцуулав. Монголын төрийн алба ийм л байдалтай явж, улс төрийн томилгоогоор газрын дарга, Төрийн нарийн бичгийн дарга нараа ч томилж ирсэн юм. Бүгд л хууль бусыг мэддэг хэрнээ бүгд л дуугүй явж ирсэн.
Гэтэл одоо бүр давраад Төрийн албаны тухай хуульд гадаадад л сургуульд төгссөн бол төрийн захиргааны албаны албан тушаалд шалгалтгүй авдаг хуулийн төсөл санаачлаад гүйж явахыг харлаа.
Төрийн эрх мэдлийг хоёр арга замаар авдаг. Нэг нь сонгуулиар засаглах эрх мэдлийн зүй ёс чанар буюу легитим чанараа олж авдаг улс төрчид. Нөгөөх нь нэг удаагийн төрийн албаны шалгалтаар төрийн захиргааны албанд тэнцэж, төрийн бодлого боловсруулах, шийдвэр гаргах түвшинд ажиллаж, засагладаг төрийн захиргааны албан хаагчид.
Улс орон бүр төрийн захиргааны албан хаагчдаа шударгаар шалгаруулан авах, улс орныг залах элитийнх нь хувьд маш сайн бэлддэг боловсролын тогтолцоотой байдаг. Манайд харин энэ нь алдагдсаар буй. Одоо бүр байсаар гадаадад л сургууль төгссөн бол шууд шалгалтгүй авна гэнэ үү? Тайван бай ч гэх шиг. Ийм юманд тайван байж болдоггүй юм. Samandariin Tsogtbayar-ийн Жорж Орвеллийн "Малын ферм" зохиолоос ишилсэн шог зураг үүнийг шууд л илэрхийлсэн байна лээ.
Төрийн захиргааны алба ажиллах хүнээ заавал шалгалтаар шалгаруулж авдаг байх ёстой. Энэ зарчмаас улс орон минь ухарч болохгүй. Ажилласан жил, сэтгэл хандлага, туршлага, ур чадвар, үр дүнд нь суурилан дэвшүүлэг карьерийн тогтолцоо байх ёстой. Ардчилал, эдийн засгаа амжилттай авч яваа бүх улс ингэж л явдаг. Төрийн албанд орж ажиллах гарааны тэгш боломжийг иргэддээ олгох ёстой юм.
Харин шалгалтын агуулга, дэвших тогтолцооны тухайд сайжруулах зүйлс, хүний жинхэнэ ур чадварыг илрүүлэхэд анхаарах шаардлага байсаар байна. Байсаар барахгүй тулгамдаад байна.
"Ур чадвартайд нь цалин пүнлүүт албан тушаалыг, ухаан сэтгэлтэйд нь улсын жолоог өг" гэж Мэйжигийн үеийн нэрт төрийн зүтгэлтэн Сайгоо Такамори хэлсэн байдаг юм.
Төрийн албаны шинэчлэл зайлшгүй хэрэгтэй. Гэхдээ ингэж бол биш.