Шинэ Монгол сургуулийн 20 жилийн ойн арга хэмжээнд хэлсэн үг

Түүхт 20 жилийн ойн баярын мэндийг төрөлхи сургуулийнхаа багш, ажилтан, шавь, эцэг эх, төгсөгч, туслан дэмжигч олон сайхан хүмүүстээ хүргэе. Шинэ Монгол сургууль шинэ зууны босгон дээр байгуулагдаж, байгуулагдсан цагаасаа өсөлт, хөгжлийн замаар замнасан бахархалт түүхийг эргэн харж, эдүгээг цэгнэн, ирээдүйг онилох торгон мөчид бид ирээд байна. Үүсгэн байгуулагч Галбадрах багш 10 жилийн ойн босгон дээр сайн сургууль болон хөгжсөнөө зарлаад ирэх 10 жилдээ агуу сургууль болохыг зорино гэсэн билээ. Миний илтгэл энэ асуудлаар та бүхэнтэй санал бодлоо солилцоход оршино.

Найман жилийн хугацаанд сургуулиа хоёрдугаар үеийн захирал болж удирдах явцдаа баримталсан зарчим, нэвтрүүлсэн бодлого, мэдэрсэн мэдрэмж, сургуулийн байх ёстой дүр зургийн талаар “Нүсэр бус төсөр” (2020) номдоо дэлгэрэнгүй бичсэн тул энд би нуршихгүй ээ. Сургуулийн хүрсэн амжилт, тоон үзүүлэлтийн талаар сургуулийн удирдлагын зүгээс нарийвчлан ярьсан тул энд дурдалгүй “Агуу”-гийн тухай эргэцүүлэмжээ ярья.

“Агуу” гэж?

“Агуу” гэдгийг олон сайны бат бөх нийлбэр гэж би боддог. Олон сайн гэдэг нь сайн сайхан чанарын цогцлол, бат бөх гэдэг нь аливаа хүчин зүйлд эдгээр сайн чанарын цогцлолоо ямагт хадгалан агуулах мөн чанар болно. “Агуу”-г шалгах бүх хүчин зүйлийн гол цөм нь цаг хугацаа. Өөрөөр хэлбэл, агуугийн гол шалгуур бол цаг хугацаа мөн. Хэдэн зуунаар оршин тогтнож, нийгэмдээ үнэлэгдэн, хүндлэгдэж ирсэн сургууль өнөөдөр хөгжингүй орнуудад байна. Үүнийг манайхан сайн мэднэ. Тэдгээр сургууль өөрсдийнхөө эхэлсэн цаг, туулсан түүхийг үеийн үед бахархаж, цаг үетэйгээ хөл нийлэн алхсан учраас оршин тогтносон гэж би боддог. Эндээс хэд хэдэн гаргалгааг гаргаж болно. Нэгдүгээрт өөрөөрөө бахархах үзэл.

“Өөрөөрөө бахархах нь”

Энэ бол бардамнал биш. Энэ бол биеэ тоох үзэл бус. Энэ бол бусадтай цаг ямагт өөрийгөө харьцуулах ядмаг өрсөлдөөн бус. Зөвхөн өнгөрсөн цагийн өөртэйгөө өөрийгөө харьцуулан, тэндээсээ дутуугаа гүйцэж, дундуураа дүүргэж явахын ухаан. Өнгөрсөн цаг хугацаанд Шинэ Монгол сургууль ийм тийм амжилт гаргасан, төгсөгч хүүхдүүд нь ийм тийм сайн чанартай байсан. Одоо бид ямар болчихов? гэдэг харьцуулалт. Ийм хараа, ийм бодол сургуулийн удирдлага, багш нарыг сургуулийн дотоод орчноо үргэлжид харж, өнгөрсөнд байсан сайн бүхнийг, хувирч өөрчлөгдөж болохгүй мөн чанарыг ямагт санаж явахад хүргэнэ. Үүнийгээ мартаагүй цагт Шинэ Монгол сургуулийн үзэл санаа хэдэн зууныг өртөөлөн ирээдүйн монголчуудын тулгуур үзлийн нэг хэсэг болох болов уу.

Бид бусадтай өөрийгөө хэтрүүлэн харьцуулж, өөрийгөө алдахаас сэрэмжлүүштэй. Энэ тэр сургууль ийм тийм амжилт гаргалаа, тэднийг гүйцэж түрүүлэх ёстой гэсэн бодолд ээрэгдэх үед хүн, байгууллага өөрийгөө алддаг. Хэрэггүй өрсөлдөөний зарчмаар бусдыг харахгүй байхыг эрхэм багш нараасаа хүснэм. Өрсөлдөгч бол та өөрөө өөртөө. Сүнз хэмээх философич “Дайтах урлаг” бүтээлдээ “Өөрийгөө тань, дайснаа тань. Тэр цагт та ямагт ялна” гэсэн байдаг. Өөрийгөө танихаас бүх зүйл эхэлдэгийг санууштай. Өөрөөрөө бахархах үзэл тань ямагт эрүүл байх болтугай. Өөрийгөө дөвийлгөн, өргөмжилж, байгаадаа хэт сэтгэл ханаж, цаашид хөгжих хөгжлөө боомилж болохгүйг давхар өөртөө сануулах нь зүй. Алфред Адлерын хэлсэнчлэн эрүүл, зөв “дутуугийн мэдрэмж” ямагт багш, ажилтанд маань байж, өөрийгөө хөгжүүлэн, сургуулиа хөгжүүлж явахыг чин сэтгэлээсээ хүснэ. Өөрөөрөө бахархаж чаддаг хүмүүс өөрийгөө уудлах жинхэнэ хүчийг эзэмшдэг.

“Өөрийгөө уудлах нь”

Шилдэг бүхэн гадаадад, шинэ бүхэн гадна орчинд байх албагүй. “Айлаас эрэхээр авдраа уудал”, “Хар авдранд ном бий, хазгар өвгөнд эрдэм бий, хамаагүй басч болохгүй” ч гэдэг. Миний сургуулиа удирдсан он жилүүдэд гаднаас сайныг хуулбарласан нь бий ч, түүнээсээ илүүтэйгээр ардаасаа, өвгөдөөсөө, багш, ажилтан нараасаа ихийг уудалсан он жилүүд байжээ. Монгол улсын соёлын гавьяат зүтгэлтэн Ц.Няндаг багш, төрийн соёрхолт зохиолч Д.Батбаяр багшаасаа Шинэ Монгол сургуулийн багш ажилтан бид ихийг сурч, ихийг ухаарч, ихийг өөртөө шингээжээ. Гэвч өвгөдийн ухаан барагдашгүй. Дундаршгүй арвин туршлага, дуусашгүй гүн чанар, гэтэлж барамгүй их мэдлэгийнх нь өчүүхэн хэсгийг л бид авчээ. Бага сургуульд монгол хүнийг бэлдэх иж бүрэн хөтөлбөр, амьдрах чадварт суралцах үйл ажиллагаа, хөдөлмөрөөр дамжуулан хүн бэлдэх ухаан, хүнээр хүн хийх сурганы ухааны цөм чанарыг та бид эдгээр сайхан хүмүүсээсээ, сургуулийнхаа ахмад багш нараасаа, удирдлагуудаасаа өвлөн авчээ. Үүнд л боловсролын мөн чанар оршиж, үүнд л өнө мөнх орших бидний хүч чадал нуугддаг.

Мэдээж гадны шилдэг туршлага, тэнд туршигдсан сайн зүйлийг бүтээлчээр авч хэрэгжүүлэхэд цааргалах зүйл үгүй, тэгэх ч ёстой. Японы элит ахлах сургуулийн байгалийн ухаан, математикийн хичээлүүдээс авсан зүйлс, Грэйпсийд англи хэлний арга барил, багшаа бэлдэх, үнэлгээний төв ажиллуулахад Кембрижийн сургалтын арга барилыг судалсан гэх мэт энэ талаар бидэнд ярих зүйл их бий. Гагцхүү энэ бүхэн Монгол хөрсөнд бууж, монголжиж, дэлхийн үнэ цэнтэй монгол иргэдийг бэлдэхэд чиглэх учиртай юм аа. Багш ажилтнууд аа, өөрсдийгөө уудалъя. Өв уламжлалаасаа суралцъя. Тэнд дээд үеийн амьдралын ухаан, туулж өнгөрүүлсэн туршлага, монгол нь монголоороо байх, хүн байгалийн шүтэн барилдлага, агуу түүхийг бүтээсэн эцэг өвгөдөө хүндлэн суралцах томоохон орон зай байгаа юм шүү. Шинэ монголчууд аа, энэ талбарт сайтар суралцаж, уг орон зайг улам уужим, агуу болгоход хувь нэмрээ оруулъя.

“Нийтийн сургууль байх нь”

Монголд өнөөдөр 158 хувийн өмчийн сургуульд 47 мянган хүүхэд сурч байна. Энэ хүүхдүүд бол бүгд Монголын ирээдүй. Монголын боловсролын системээр сурсан хүүхэд төр, хувийн өмчийн сургууль гэж ялгаралгүй бүгд л Монголын ирээдүйг авч явах боловсон хүчин, дэлхийд үнэлэгдэх монгол иргэд болох учиртай. Хувийн сургууль, улсын сургуулийг харьцуулаад боловсролын тэгш бус байдалд хувийн сургууль буруутай гэсэн бусдаас бурууг хайсан арчаагүй хандлага одоо цагт газар авч буй нь харамсалтай. Угтаа бол сайн сургуулийн менежментийг төрийн өмчийн сургуулиудад түлхүү нэвтрүүлж, боловсролын чанарыг тэгш, хүртээмжтэй нэмэгдүүлэхийн тулд төр бүхнийг хийж, хэрэгжүүлэх үүргийг өөртөө хүлээх ёстой юм. Шинэ Монгол сургуулийг эдүгээ хувийн сургууль гэж байвч, хэдэн арван жилийн дараа (1500 хүүхэд тогтмол сургаж байгаа одоогоо оролцуулаад ч тэр) тус сургууль Монголын нийгмийн үнэт баялаг болох нь ойлгомжтой. Тэр цагт өмчийн хэлбэр нь чухал бус болох агаад дотор нь ажиллаж буй хүмүүс ч, гадаад орчны нийгэм ч өмчийн хэлбэрийг нэг их тоохоо болих болов уу. Дэлхийд нэртэй Харвард, MIT зэрэг сургууль ч ийм хэмжээнд очсон байдаг. Тэд өөрсдийгөө төрийн өмчийх үү, хувийн өмчийх үү, эсвэл үүний дунд байдаг уу гэдгээ мэддэг ч үгүй, сонирхдог ч үгүй, төсвийн ихэнхийг төгсөгчийн хандиваар бүрдүүлдэг сургуулиуд болсон байдаг. Өнөөдөр дэлхийн нэлээдгүй хувийг Харвард төгсөгчид удирдаж байгаа нь нууц биш. Шинэ Монгол сургууль цаашдаа ийм болоосой гэж хүснэ. Өөрөөр хэлбэл, төгсөгч нь авч явдаг сургууль.

“Төгсөгч нь авч явдаг сургууль”

Үүнд би төгсөгч, төрөлхи сургуулийн амин холбоог би хэлж байна. “Төгсөгч нь сургуулиараа бахархаж, сургууль нь төгсөгчөөрөө алдаршина” гэж Галбадрах багш байнга хэлдэг. Энэ учиртай үг.

Шинэ Монголын төгсөгч гэдгээрээ бахархан, аз жаргалын эзэд болоод түүнийгээ бусдад түгээдэг төгсөгчдийг би харж байна. Бизнес хийж олсон орлогынхоо өчүүхэн ч гэсэн хамаагүй хэсгийг ирээдүй үедээ боломж болгон бэлэглэдэг төгсөгчдиийг би харж байна. Төгсөгчдийн тэтгэлгээр сургуулийн олон сурагч сурдаг болсон үеийг би харж байна. Сургуулийн төсвийн дийлэнх хувь төгсөгчдийн хандиваар бүрддэг болсон сургуулийг би харж байна. Сургууль маань Монголын нийгмийн цэвэр тунгалаг сэтгэлгээний охь, улс орныг түүчээлэн авч явах торгон цэрэг бэлддэг ундарга болох өдрийг би харж байна. Төгсөгч хоорондоо алтан хэлхээтэй байж, нийгмийг зөв шинэ бүхэн рүү хамтдаа хөтөлдөг цаг үеийг би харж байна. Энэ бүхэн сургуулийнхаа үзэл санааг амьдралдаа хэрэгжүүлэн, аз жаргалын эзэд болсон төгсөгчдийн эрин үед бүрэн биеллээ олохыг би харж байна. Шинэ Монгол сургуулийг эдүгээ нэгдүгээр үеийн төгсөгч, захирал Зулгэрэл багш удирдаж байна. Энэ бол маш чухал илрэл, сайн сайхан ирээдүйн зөгнөл мөн. Нэгдүгээр үеийн захирал төгсөгчийн нүдээр сургуулиа хайрлаж, шавийн нүдээр сургуулиа цэгнэж, шинэлэг цагийн удирдагчийн нүдээр шинэ үнэт зүйлийг сургуульдаа шингээж, үнэ биш үнэ цэнийг эрхэмлэсэн агуу эринийг авчирна гэдэгт би өчүүхэн ч эргэлзэхгүй байна.  Бүх зүйл нь чин сэтгэлээс урган гардаг багш ажилтны гараас ийм шавь нар төрөн гарах зүй тогтлыг би харж байна.

“Чин сэтгэлийн хүч”

Чин сэтгэлээс агуу хүч ундран гарна. Сургуулийн багш ажилтан бүр ажлын босгоор алхаад гэрээ мартаж, гэрийн босгоор алхаад ажлаа мартдаг анхаарал төвлөрлийн агуу хүчийг би хэлж байна. Өнгөрсөн, ирээдүй хоёрыг төмөр ханаар тусгаарлаж, одоо цагтаа төвлөрснөөр агуу хүч үүснэ. Шавьдаа зориулж буй цаг бүр, сургуульдаа зориулж буй мөч бүр тань чин сэтгэлийнх байж, түүнийхээ хариуд багш ажилтан та бүхэн чин сэтгэлийн бэлэг, талархал хүлээн авна аа. Чин сэтгэл. Энэ бол одоог өөрчлөх агуу хүчийг төрүүлэгч. Одоог өөрчилдөг хүмүүс ирээдүйн суурийг тавьж явдаг. Өнгөрсөн, одоо, ирээдүйн холбоосонд бид зэрэг оршдог хүмүүс. Багш хүн, сургуульд ажиллаж буй ажилтан хүн ирээдүй үеийг бэлддэг гэдэг утгаараа ирээдүйтэй илүү холбогдож, илүү өөдрөг, илүү хийморилог, илүү оюунлаг байх шаардлагатай байдаг юм аа.

Шинэ Монгол сургуулийн багш, ажилтнууд маань улам цоглог, өнгөлөг, гэрэл гэгээтэй, оюунлаг, шинийг эрэлхийлэгч, бадрангуй, гүнзгий сэтгэгч, чин сэтгэлийн эзэд байхын ерөөлийг өргөе. Ийм мундаг багш, ажилтнаас илүү мундаг шавь нар төрж, аз жаргалын эзэд болох нь дамжиггүй ээ. Монголын боловсрол мандан бадраг.