Өнөөдөр хөндий цээжнээ оршдог аялгуу сайхан монгол хэлний минь өдөр. Би хэл шинжээч биш. Сонирхогч. Сонирхогч ч гэж дээ 20-иод жилийн өмнө оюутан байхдаа хэл шинжлэлийг сонирхон уншиж байв. Мэдэх хүрээндээ бодлоо дэлгэе. Андуурал, эндүүрэл, хоцрогдол мэдээж бий. Мэргэжлийнхэн болгооно биз ээ.

Монгол хэл Алтайн хэлний бүлд хамаарахыг анх Рамстедт гэдэг финлянд эрдэмтэн 150 гаруй жилийн өмнө анзаарч, монгол хэлийг энэ бүлэгт зүсэлж өгсөн түүхтэй. Алтайн хэлний бүлийг түрэг, монгол гэж хоёр том айд хуваадаг гэхээр энэ хоёр хэл нэг хэлнээс тасарсан ах дүүс гэж ойлгож болно. Тэгэхээр эртний түрэг үг монгол хэлнээ нэлээд бий, монгол хэлний уугуул үг ч түрэг хэлнээ бий. Хэдэн жилийн өмнө Стамбулын онгоцны буудалд “аймаг, сандали” гэдэг танил үгтэйгээ таараад баярлаж байж билээ.

Монгол хэл бол өвөг уугуул монгол хэлнийхээ үгийн сангаас гадна түрэг, уйгур, санскрит, түвэд, манж, хятад, орос, англи хэлний баялаг сангаас өөртөө шингээсэн урт түүхтэй хэл. Хэл гэдэг угаас гаднаас үг зээлдэж, гадагш экспортолж байдаг амьд зүйл л дээ. Гадны үг бүрийг хажиглах нь хэлийг эсрэгээр нь ядууруулах аюултай. Харин хэт олноор нь гадаад үг авахад хэлийг бусдын соёлд живүүлэх аюултай. Хэлний хамгийн тогтвортой, гадны нөлөөнд бараг ордоггүй амин сүнс нь хэлзүй буюу бүтэц нь. Үгийн сан бол цагаа даган байнга хувьсаж байдаг хөдөлгөөнтэй хэсэг нь.

Монгол хэл минь маш олон бичиг үсэгтэй байснаараа ер нь рекорд тогтоож магад. Орхоны эртний бичээснээс эхлээд уйгур худам монгол бичиг, Пагва ламын дөрвөлжин үсэг, Өндөр Гэгээний соёмбо үсэг, Аюуш гүүшийн али гали үсэг, Ойрадын тод үсэг, манж үсэг, Буриадын Вагиндарагийн үсэг, латин үсэг, кирилл монгол үсэг гээд харахад бахархам агуу түүх шүү.

Бичиг үсгийн бодлого гэдэг үндэстэн бүрэлдэхэд чухал үүрэгтэй. Ц.Дамдинсүрэн халх аялгуунд суурилсан кирилл үсгийг зохиожээ. Кирилл үсгийг зохиоход ЗХУ-ын элчин сайдын яамны зөвлөхүүдийн шахалт, нөлөө хүчтэй байсныг өнөөгийн түүх бидэнд өгүүлнэ. Нэг хуралд Цэдэнбалын дэргэд суусан орос нөхөр “Ь, Ъ” үсгийг кирилл монгол бичигтээ оруул гэснийг Цэдэнбал өлгөж аваад Дамдинсүрэнг шахсан тухай тэмдэглэлийг уншиж байлаа. Гэхдээ кирилл үсэг өнөөгийн монгол хэлийг бүрдүүлж, өнгөрсөн 80 жилийн хугацаанд орчин үеийн шинжлэх ухаан, нийгмийн ухааны мэдлэгтэй мөр зэрэгцсэн, монгол хэлээр бүрдсэн асар том оюуны сан хөмрөгийг монголчууд бид бий болгосон юм. Монгол бичигт 2025 онд шууд шилжих нь хэцүү. Худам монгол бичгээ бид хүндэтгэлийн хэрэглээнд давхар аваад явбал зүгээр санагддаг.

Дуудлагатайгаа ойр бичдэг кирилл үсэг нутгийн аялгыг устгаж, бүгдийг халх аялгад оруулж байгаад би санаа зовдог. Дархад, баяд, дөрвөд, буриад, зүүн аймгийн нутгийн сайхан аялга бидний өдөр тутмын амьдралаас алсарсаар. Нутгийн аялга ядуурч, алга болох нь амьд ярианы хэл сөнөхийн цондон гэдэг. Үүнийг сэргээж, сурталчлахад хэл шинжээчид, боловсролын салбарынхан анхаарах цаг болжээ.

Эх оронч сэтгэлийн үндэс бол эх хэл. Монгол хэлээрээ ярихад тархи амарч, сэтгэл цэнгэдэг. Нялх хүүхэд эх хэлийг ээжээсээ, эмээгээсээ амлаж өсдөг өө. Ээж, эмээ нар хүүхдүүддээ монгол хэлний амьд айзамтай үлгэр, тууль ярьж өгч, хүүхдээрээ цээжлүүлдэг бол нэн сайн.
“Нар сая мандаж байхад
Навч сая дэлгэрч байхад
Сүн далайг шалбааг байхад
Сүмбэр уулыг дов байхад”…Танд айзам мэдэгдэж байгаа биз.
Монгол хэл минь монгол угсаатан бүрийн эх ундарга, дундын баялаг билээ. Дэлхийгээр тархан суурьшсан нийт монголчууддаа эх хэлний баярын мэнд хүргэе.