Өнөөдөр Монгол бахархлын өдөр. 2019 оны 4-р сард миний бие Окада Хидэхирогийн "Чингис хаан түүний үр сад" бүтээлийг монгол хэлнээ орчуулж гаргасан юм. Чингис хаан бол монголчууд бидний үндэсний эцэг билээ. Энэ хүний агуу үйл хэргийг дотроо бахархан бодож, дэлхийгээр тархан суурьшсан олон монголчуудын зүрх сэтгэл, оюун соёлын голомт болсон энэ Монгол Улсаа олигтойхон бадраан хөгжөөж явъя даа. Номын эхний хэсгийг танилцуулъя. Интерном дэлгүүр, МУИС-ийн номын дэлгүүрт бий. (Хөл хорионы дараа авахыг хүсвэл 8899-1988 рүү ярьж болно)"
...Чингис хааны жинхэнэ нэр Тэмүжин, монгол хүн. Тэрбээр XII зууны дунд үест өнөөгийн Оросын Сибирь, Монгол улсын (умард Монгол) хилээр урсах Онон голын бэлчирт мэндэлжээ. Тэрбээр амьдралынхаа эхэн хагаст хойд Азийн нүүдэлчдийг бүхэлд нь нэгтгэж, 1206 онд Монгол улсын нийслэл Улаанбаатарын зүүн талд байдаг Хэнтийн нуруунд тэдгээр нүүдэлчдийн эзэн хаанаар өргөмжлөгдөж, Чингис хаан хэмээх цолтой болсон ажгуу. Түүний дараа Чингис хаан хөрш зэргэлдээ тариаланч улс үндэстэн рүү цэрэглэж, зүүн талдаа Хятадын Шар мөрний хойд эрэг, өмнөд талдаа Пакистаны Инд мөрөн, баруун талдаа Украйны Днепр мөрний зүүн эрэг хүрч, тухайн газар бүртээ ялалт байгуулсан юм. 1227 онд Чингис хаан өнөөгийн БНХАУ-ын Нинся Хуй үндэстний өөртөө засах оронд байсан тангуд үндэстний Баруун Ся (西夏. Тангуд, Хашин улс ч хэмээн нэрлэдэг. Орч) улсыг мөхөөснийхөө дараа тус улсын өмнөд хязгаар Ганьсү мужийн хилийн ойролцоох Лю Баньшань (六盤山) уулын өвөрт тэнгэрт хальсан болно. Хааны шарилыг төрсөн нутагт нь авчирч, Хэнтийн нуруунд оршуулжээ. Чингис хаан Монгол хэмээх үндэстний эцэг болой. Тэгээд ч зогсохгүй Чингисийн үр хойчис Азиас Европ хүртэл тархан суурьшиж, олон төр улс байгуулж, өрнө дорны ертөнцийг холбосноор дэлхийн түүхийн чиглэл өөрчлөгдөн хүн төрөлхтөн XIII зуунаас эхлэн шинэ цаг үетэй золгосон юм. Энэхүү шинэ эриний үүдийг нээсэн хүн бол Чингис хаан. Гэтэл энэхүү Чингис хааны амьдралыг бүхэлд нь олж мэдье гэхэд монголчуудын өөрийн хэлээр тэмдэглэсэн цадиг нэг ч үлдсэнгүй. Бичиг үсэггүй монголчууд бичиг үсэгтэй болж, түүхээ тэмдэглэн үлдээх болсон нь Чингис хаан 1204 онд Найманы Таян ханыг мөхөөж, түүний бичгийн түшмэл уйгур үндэстэн Тататунгад зарлиг буулган уйгур үсгийг ашиглан монгол хэлийг бичиж тэмдэглэх болсноос эхтэй. Ямар ч хэлийг бичиг үсгээр анх тэмдэглэхэд үг бүрийн бичих аргыг тогтоохоос гадна найруулгын хэм хэмжээг бий болгох шаардлагатай болно. Энэ нь ихээхэн бэрхшээлтэй учир Чингис хааны амьд ахуйд болоод түүнийг таалал төгссөний дараахан монгол хэл цадиг бичих хэмжээнд хөгжөөгүй байв. Чингис хааны цадигийг албан ёсоор бичиж эхэлсэн нь түүний ачийн үед буюу өөд болсноос нь хойш 60 гаруй жилийн дараа 1286 онд Хубилай хаан (Юаний Шизү хаан) зарлиг буулган Чингис хаанаас (Тайзү) эхлүүлэн үе залгамжилсан хаадын “Магад хууль” (実録) -ийг бичүүлсэнтэй холбоотой. “Магад хууль” гэдэг нь хятадууд VII зууны Тан улсын үеэс эхлэн хааныг таалал төгсмөгц тухайн хааны үеийн үйл явдлыг жил, сар, өдрөөр нь тэмдэглэсэн тэмдэглэл, хааны ордонд хадгалагддаг албан ёсны цадигийг хэлдэг. “Магад хууль” Хубилайг амьд сэрүүн ахуйд бус нас эцэслэснээс есөн жил өнгөрсний хойно буюу 1303 онд л гүйцэд бичигджээ. “Магад хууль”-ийг монгол, хятад хэлээр бичсэн бололтой ч бидний үед аль аль нь хадгалагдан үлдсэнгүй. Гэхдээ энэхүү “Тайзүгийн магад хууль”-д юу тэмдэглэгдсэнийг олж мэдэх хоёр сэжүүр бий. Үүний нэг нь “Богд баатар биеэр дайлсан тэмдэглэл” (聖武親征録) хэмээх эх сурвалж. Хятадаар бичсэн хийгээд чухам хэн, хэзээ бичсэн нь тодорхойгүй. Агуулгаас нь харахад XIII зууны сүүл хагаст Хубилай хааны үед бичигдсэн нь илэрхий байна. “Богд баатар” гэдэг нь Чингис хаан тул “Чингис хааны дайны тэмдэглэл” гэсэн утгатай, агуулгын хувьд Чингис хааны мэндэлснээс тэнгэрт халих хүртэл хугацаагаар хязгаарлалгүй түүнийг залгамжлагч Өгэдэй хааны (Тайзун хаан) нас нөгчсөн 1241 он хүртэлхийг хамаарчээ. Энэ нь “Тайзүгийн магад хууль”, “Тайзунгийн магад хууль”-ийн хятад эх байсан биз ээ. “Тайзүгийн магад хууль”-ийн нөгөө нэг сэжүүр нь “Юань улсын судар”-ын (元史) нэгдүгээр боть “Тайзүгийн уг тэмдэглэл” (太祖本紀) болой. Хубилай хааны үр сад үе дамжин Хятадыг захирсан агаад Тогоонтөмөр хаан (順帝) 1368 онд Мин улсын Тайзү Хун Үди (洪武帝) хааны цэрэгт ялагдан Хятадаас хөөгдөж Монголын тал нутагт буцсан юм. Үүний дараа онд Хун Үди хааны зарлигаар монгол хаадын үеийн албан ёсны түүхийг бичүүлсэн нь “Юань улсын судар” юм. Уг сударт хаадын түүхийг тэмдэглэсэн “Уг тэмдэглэл” нэртэй 47 боть байдаг нь дээрхи “Магад хууль”-ийн түүвэр хуулбар. “Юань улсын судар”-ын “Тайзүгийн уг тэмдэглэл”-ийн агуулга “Богд баатар биеэр дайлсан тэмдэглэл”-ийг бодвол товчхон ч Чингис хааны дээд өвгийн талаар нэмж өгүүлснээрээ өвөрмөц. Энэ судар ч бас хятад хэлээр бичигджээ. Гурав дахь нь перс хэлний эх сурвалж. Мөн л Чингисийн ач Хубилай хааны дүү Хүлэгү хаан Ираныг эзлэн суусан агаад түүний ачинцар Газан хаан өөрийн шадар сайд еврей үндэстэн Рашид-ад-Динд зарлиг буулган, дэлхийн түүхийг бичүүлсэн ч түүнийг амьд ахуйд дуусаагүй, таалал төгссөнийх нь дараа түүний дүү Өлзийт хааны үе хүрч байж 1307 онд дуусчээ. Араб хэлээр “Түүхийн чуулган” гэсэн утгатай “Жами-ал-таварих”-ийг “Судрын чуулган” гэж нэршиж хэвшжээ. Перс хэлээр бичигдсэн уг бүтээлийн нэгдүгээр ботид монголчуудын түүхийг тэмдэглэхдээ Чингисийн өвөг дээдэс болон түүний намтрыг багтаажээ. Тэмдэглэсэн түүх нь “Богд баатар биеэр дайлсан тэмдэглэл”, “Юань улсын судар”-ын “Тайзүгийн уг тэмдэглэл”-тэй нийцдэг нь нэг ижил монгол эхээс орчуулсантай холбоотой буй за..."