Монголын боловсролын салбарын менежерүүдийн нэг, Шинэ Монгол сургуулийн захирал асан, олон улс судлалын доктор Пүрэвсүрэнгийн Наранбаярыг “Нээлттэй сургууль” сонины зочноор урьж ярилцав.
БХАН-ийн хөтөлбөрийн ажилтан А.Даваа, Б.Даваасүрэн
“Нээлттэй сургууль” сонин (НСС)-оос урьд нь тавьсан саналынхаа дагуу боловсролын шинэчлэлийн талаар ярилцъя. Боловсролын тэгш хүртээмжийг нэмэгдүүлэх, сургалтын чанарыг сайжруулах нь бусад асуудалтай уялддаг. Таны бодлыг сонсмоор байна.
Төр боловсролын тэгш хүртээмжид анхаарах ёстой юм. Төр Кембрижийн сургалтыг өөрийн хөрөнгөөр худалдан аваад, боловсролыг тэгш бус байдалд түлхэж болохгүй. Бүх нийтийн сургалт буюу олонхыг тэгш сайн сургахад төрийн анхаарал чиглэх ёстой. Түүндээ хувийн хэвшлийн сургуульд хэрэгжиж байгаа сайн туршлага, хөтөлбөрийн сайн тал, чиглэл хандлага зэргийг судлаад, төрийн сургуулиудын сургалтын чанарыг дээшлүүлэхэд ашиглаж болно. Ийм бодлогын үүднээс л нийгэмдээ үйлчилдэг төрийн бус байгууллагууд үүсээд, тогтвортой үйл ажиллагаа явуулахаар хичээж байгаа юм. Тэднийг төрөөс дэмжих хэрэгтэй.
Бидний тавьж байгаа өөр нэг зорилт бол судалгаа. Боловсролын тэгш бус байдлыг судлаад үр дүнг олон улсын хэмжээнд анхаарал татахуйцаар англи, япон хэлээр орчуулж гаргах шаардлагатай юм. Монголд боловсролын шинэчлэлийн талаар даацтай судалгаа хийдэг эрдэмтэн ховор байна. Монголын боловсролын тогтолцоог гаднаас нь сайн харж судлах нь бидэнд хэрэгтэй, бас урагшаа хөгжихөд тустай. Финляндын боловсролыг дэлхий даяар олон хүн судалгааныхаа сэдэв болгосон нь үүний нэг жишээ. Сургалт ба бусад бүх үйл ажиллагааг судалгаа дагаснаар чанар сайжирдаг. Монголын өнөөдрийн боловсролын тогтолцоо, чанар, хүртээмжийг судалж байгаа хүмүүсийн эгнээг тэлж, тэдний судалгааны дүнд авах гээхийн ухаанаар хандах ёстой.
Цаашдаа монголын боловсрол дэлхийн хэмжээнд өөрийн онцлогтойгоор хөгжиж, олон сайн талыг шингээхүйц байхыг хүснэ. Ийм эрэл хайгуулд Монголчууд 1990 оноос хойш мордлоо. Дэлхийд байгаа шилдэг арга туршлагаас суралцаж, зохистойг өөртөө шингээж авахад судлаачид их үүрэгтэй.
Та сая Кембрижийн талаар ярилаа. Ер нь улсын ба хувийн сургуулийн ялгаа юунд оршдог вэ? Ялгааг багасгах ямар боломж байна вэ?
Ялгаа байна. Гол ялгаа нь сургуулийн менежментэд байгаа. Хувийн олон сургуульд сургалтын орчин тийм сайнгүй, түрээсийн умгар байртай, материаллаг баазын хувьд дутагдалтай байна. Төрийн өмчийн сургалтын орчин сайтай сургуулиуд байна. Харин тэнд удирдлагын “эзэн” сэтгэлгээ дутаад байна. Юмандаа эзэн байж, том үр дүнд хүрнэ. “Энэ миний сургууль”, “Би үүнийг ингэж хөгжүүлнэ” гэсэн өөриймсөг ухаан, удирдлага дутлаа гэсэн үг. Төрийн өмчит сургуулийн багш нар зөвхөн хичээлээ заачхаад, гараад явчихдаг явдал түгээмэл байдаг гэх мэтээр тэнд менежмент сайнгүй байна. Сургууль дээрх өөр нэг бэрхшээл бол сурагчийн нягтрал. Өнөөдөр яагаад хүмүүс хувийн сургуульд хүүхдээ өгөх гээд байдаг юм бэ? Нэг ангид байгаа, нэг багшид оногдож байгаа хүүхдийн тоо 50-60 гараад ирэхээр юу болох вэ?
Төрийн өмчит сургуульд авлига нүүрлэж байна. Хүүхдээ ангийн урд эгнээнд суулгахын тулд багшид нь хахууль өгснийг дуулж байлаа. Хувийн сургуулийн сургалтын орчин нь төрийн өмчит сургуулийнхтай өрсөлдөж чадахгүй хэмжээнд хүрч байна. Өндөр буюу 20 сая төгрөгөөс дээш сургалтын төлбөртэй 5-6 сургууль л байна. Гэтэл 158 хувийн сургуулийн дийлэнх олонх нь тав хүртэл сая төгрөгийн төлбөртэй. Гэтэл яагаад эцэг эхчүүд тийшээ хүүхдээ өгөөд байна вэ? Хамгийн гол нь сургуулийн менежмент, багш нарын сайн хандлага. Сургуулийг өөд нь татахдаа сургалтын орчин төдийгүй багшийн орлогод анхаарах хэрэгтэй. Гэтэл өнөөдөр төрийн өмчийн сургуульд багш давхар хөдөлмөр эрхлэх үзэгдэл байсаар байна. Энэ байдлыг арилгахын тулд орлогыг нь нэмэгдүүлж, сайн багшийг сургуульдаа бөх уях хэрэгтэй. Ингэж байж сургууль “Сайн сургууль” болно. Өөрөөр хэлбэл, багш сайн бол сургууль сайн гэсэн үг. Сургууль сайн бол эцэг эхчүүд сургуульд итгэнэ. Гэтэл одоо боловсролд итгэлцэл алга. Эцэг эх нь багш, сургуулийг бүхэнд буруутгадаг. Багш нар нь гомдолтой. Эцэг эхчүүд бидэнд итгэдэггүй, бид ийм орчинд 50-60 хүүхэдтэй хэцүү байна, орлого муу өөр ажил хайхаас өөр арга алга гэдэг. Төрийн өмчийн сургууль багш нарт шаардлагатай шохойноос эхлээд сургалтын хэрэглэгдэхүүнийг олгодоггүйгээс тэд өөрсдөөсөө хангаж байна.
Хүн амын төвлөрөл, нягтаршилаа тооцсонгүй. Хөдөөгийн хүн ам цөөрөөд, 1000 хүүхдийн багтаамжтай атлаа 100 хүрэхгүй хүүхэдтэй сургууль УБ хотоос 90 км зайд байхад хотын төвд нэг ангид 70 хүүхэд хичээллэж байна. Тэгэхээр төвлөрлийг яаж задлах вэ? Өнөөдөр бүгд л хотын төвийн сургууль руу хошуурдаг нь тэнд арай дөнгүүр багш ажиллаж байгаад оршино. Эцэг эхийн хувьд төрийн өмчийн сургуульд хүүхдээ өгч байгаа нь төлбөрийн чадвартай холбоотой. Мэдээж төр хүүхдийг үнэгүй сургаж байгаа. Гэтэл төрийн өмчит сургуульд явдаг хүүхэд хичээл орохын өмнө, хойно төлбөртэй нэмэлт сургалтад хамрагддаг тохиолдол нэлээд бий. Энэ талаар судалгаа хийж үзэх хэрэгтэй. Төрийн өмчийн сургууль “Сургалтад хамрагддаг юм чинь хичээлээ ойлгоно уу, байна уу хамаагүй” гэсэн хандлагатай болчихсон тал бий. Хувийн сургуулиудын тухайд өгүүлэхэд, тэд Монголын боловсролд өөрийн хувь нэмрийг оруулж байгаа. 47000 хүүхдийг хувийн сургуулиуд сургаж, хэдэн мянган багшийн ажлын байрыг хангаж байна. Багшийн үнэлгээг өсгөж байна. Эндээс төр өөрийн асуудлыг олж хараад багшаа хөгжүүлэх ёстой. Чингэхгүй бол боловсролд үл итгэх байдал улам лавширна.
“Сайн сургууль таны дэргэд” ТББ-ынхаа үйл ажиллагааг танилцуулна уу.
“Сайн сургууль таны дэргэд” ТББ 2020 оны долоодугаар сард байгуулагдсан. Лого дээрээ хүн таван од руу гар сарвайн тэмүүлж буй хүүхдээр таван гол зорилгоо дүрсэлсэн юм. Монгол гэр, хүүхэд нь “Ерхөг найгасан талаасаа ертөнцийн дэвжээнд хүргэх”-ийг илэрхийлж буй. Таван зорилгоо дурдвал, цахим сургууль, цахим хичээлийн агуулга, боловсролын тэгш хүртээмжийг нэмэгдүүлэх, сургалтын чанарыг сайжруулах, сайн сургуулийн менежментийг түгээх. Эдгээр таван зорилго одоогийн боловсролд нэн шаардлагатай байгаа юм.
Цахим сургууль бий болсноор Монгол хүүхэд зайны дарангуйлалд орохгүйгээр эх орныхоо өнцөг булан бүрээс, тэр ч байтугай хил давж, монгол хэлээр сурах хүсэлтэй Өвөр Монгол, Буриад Монгол, Халимаг Монгол, Дээд Монгол хүүхдүүд цахим хичээлийн агуулгаар суралцах боломжтой болно. Өвөр Монголд монгол хэл, соёлыг боловсролд хориглож байгаа юм бол цахим орчинд, үүний эсрэг чиглэлийн үйл ажиллагааг Монголын нийгэм өөрөө хийх ёстой.
Цахим хичээлийн агуулгын хувьд цахим сургуулийнхаа хичээлийг үнэгүй байрлуулна. Ингэснээр хүүхэд орлогын ялгаанаас үл хамааран чанартай боловсрол эзэмших боломж бүрдэнэ.
Сайн сургуулийн менежментийн хувьд миний ажиллаж байсан “Шинэ монгол” сургуулийн сайн менежментийг дэлгэрүүлэхэд анхаарч байна. Сургууль эцэг эхийн өмнө илүү хариуцлага хүлээлгэдэг, тайлагнадаг, ил тод байх ёстой. Ийм менежментийг Монгол Улсын аль ч сургуульд нэвтрүүлж болно. Энэ ажлын хүрээнд, Шинэ Монгол сургуулийн үүсгэн байгуулагч Галбадрах багш өөрөө болон түүний баг сумын, аймгийн төвийн, хотын захын найман сургуульд зөвлөгөө өгч байна. Миний хувьд сайн сургуулийн менежментийн зөвлөгөөг таван байгууллагад өгч байна. Сайн туршлага элбэг байдаг ч, бусадтай хуваалцаж, үр дүнд хүргэх нь чухал.
Цахим сургуульд бүх шинжлэх ухааны хичээл орох уу? Хүүхэд, залуучуудыг физик, хими, байгалийн шинжлэлд яаж дуртай болгох вэ? Таны шавь нар энэ чиглэлд нэлээд амжилттай яваа шүү дээ.
Тухайн хичээлд дуртай болох эсэх багшаас шалтгаалдаг. Жишээлбэл: Дургүй багшийнхаа хичээлд хүүхэд дургүй болчихдог. “Багадаа энэ хичээлийг би сайн үзээгүй, багшдаа дургүй байсан” гэсэн үг олонтаа сонсогддог. Бүх зүйл багшаас хамаардаг. Мэдээж хүүхдийн өөрийнх нь сонирхлын асуудал бий л дээ. Монголдоо танигдсан сайн багшийн хичээлийг цахимаар хаана ч хүргэж болно. Хими, физик, математик, биологи, англи хэл, нийгмийн ухаан зэрэг ЭЕШ-ын голлох агуулгыг бэлдээд, чанартай цахим хичээл явуулахыг бид зорьж байгаа.
Би сургалтын тогтолцоонд маш сайн программ хангамжийг суурьшуулахыг мөрөөддөг. Үүний цаана хиймэл оюун ухаан ажиллаж, хүүхдийн түвшинг оношилдог байвал зүгээр. Үүнд мэдээж, хөрөнгө оруулалт хэрэгтэй. ТББ-аасаа гадна программ хангамжийн шилдэг инженерүүдтэй компанийг ажиллуулж болно. Чанартай ажил хийхэд хугацаа хэрэгтэй.
Өнөөдөр өөр өөр төрлийн сургалтууд Монголд орж ирж байна. Томужин академи Томужин ахлах сургуулиа байгуулаад, альтернатив сургалт руу орчихлоо. Боловсролыг сонголттой, олон хувилбартай болгож байгаагийн тод жишээ. Альтернатив сургалт нь ангигүй юм. Нэгдүгээр ангийн хүүхэд ч, тавдугаар ангийн сурагч ч хамт хичээлд суух боломжтой байдаг. Ийм сургалтыг ойлгож, давуу талыг нь олж харж чадахуйц байхаар багш нарын нүдийг нээх хэрэгтэй. Яагаад багш нар хайрцаглагдаж, хоцрогдож байх ёстой гэж. Багш нар нийгмийн манлайлагчид юм. Тэд ирээдүй цагт хандаж ажилладаг хүмүүс. Тиймээс нийгмийн хамгийн гол шинэчлэгчид нь багш нар. Гэтэл тэднийг өнөөдөр хуучинсаг болгож байгаа нь манай тогтолцооны гажиг.
Хиймэл оюун ухааны Монгол дахь хөгжлийг та яаж төсөөлж байна вэ?
Хиймэл оюун ухаан банк санхүүгийн салбарт орж ирчхээд байна. Лэнд.мн зэрэг цахим зээлийн үйлчилгээ үзүүлэгч байгууллагууд хэдхэн секундийн дотор хүний зээлийн эргэн төлөх чадварыг хандлагатай нь хамт хиймэл оюун ухаанаар оношилж байна. Хиймэл оюун ухаан тухайн хүнийг хэдхэн секундийн дотор 30 жил найзалсан найзаас нь илүү мэддэг болж байна гэсэн үг. Анх лэнд.мн-ийн хиймэл оюун ухаан 40 гаруй зээлдэгчтэй байхад Налайхаас хүсэлтээ гаргасан хүнд зээл өгөх боломжгүй гэсэн хариу өгч байв. Налайхад мөнгө зээлсэн нөхөр өгөөгүй байж л дээ. Хиймэл ухаан өөрөө торнидгийн нэг жишээ энэ.
Цаашдаа цахим боловсрол виртуал реалити (VR) орж хөгжих ёстой. Өөрөөр хэлбэл, толгойн өмсгөл өмсөөд, өөрийнхөө аватараар шууд хичээлд сууна гэсэн үг. Үүнд AR, MR, BR гэсэн сүүлийн үеийн технологийг хослуулсан хичээлүүд явж эхэлнэ. Хананаас шууд галт тэрэг гараад ирэх жишээтэй. Тэгээд хөдөлгүүрийг багш шууд тайлбарлаад явах маягаар онлайн, дижитал бүхэл бүтэн цогц сургалт явуулах боломжтой. Энэ талаар МУИС-ийн Энхбаяр багштай санал солилцдог. Тэрээр боловсролын салбарт VR-г оруулж ирж байгаа хүн. Түүний бүтээсэн хими, физик, биологи, түүхийн хичээлийн VR лаборатори үнэхээр сонирхолтой. Түүхийн хичээлээр гэхэд л шууд Төвхөн хийд, Бурхан Халдун руу яваад очоод бүр дээгүүр нь алхана. Жишээ нь, Төвхөн хийд рүү очиход Занабазарын бүх бүтээл агуй дотроо байна. Агуйд ороход Цагаан, Ногоон дарь эх. Ойртоод бүгдийг харж, бүх тайлбарыг унших боломжтой. Энэ чиглэлд бид хамтран ажиллана. Манай ТББ-д Санжжав, Ангирмаа, Энхсайхан зэрэг олон залуус байна.
ЭМОС клубийн үйл ажиллагаа юунд чиглэдэг вэ? Залуусын ийм нэгдэл яагаад хэрэгтэй вэ?
Нийгмийн оюун санааны гэгээрэлд нэмэр болъё гэж тухайн үед гадаадад сурч байсан залуучууд “Электрон монгол оюутны семинар” буюу ЭМОС-ыг байгуулж, “Өөрийгөө хөгжүүлье” гэдэг ном гаргасан юм. Тухайн үед энэ чиглэлийн ном ховор байж. Одоо бол зөндөө. Түүнээс хойш жил бүр нэг ном гаргая гэж зорьсон юм. Сүүлдээ жил бүр ном гаргаж дийлээгүй ч хэдэн ном гаргажээ. Бид тогтвортой үйл ажиллагаа явуулаад 16 жил болжээ. Хамгийн сүүлд “Сурахад суралцах нь” ном гарсан. “Мэргэжлээ зөв сонгоход тань”, “Ном унших ном”, “Амжилтад хүрэх гал эрмэлзэл”, “Япон хөтөч” гээд нэлээд олон ном бий. Клубийн одоогийн зохицуулагч unread.mn-ын захирал Ганзориг. Тэр анх ЭМОС-ын номыг уншаад оюутан байхдаа биднийг зорьж ирж байв. Одоо өөрөө зохицуулагч нь болоод явж байгаа нь сайхан санагддаг.
Сүүлийн жилүүдэд, монголчуудын хувьд хос хэлтэй байх тухай их яригдаж байгаа. Хос хэлтэй байх шаардлага нь яг юу вэ?
Англи хэлийг монгол хүн болгон үзэх ёстой. Сайн ч сурах ёстой. Гэхдээ төрийн албан ёсны хэл бол монгол хэл. Өөр хэл байж болохгүй. Үндсэн хуулиа зөрчсөн хэрэг болно. Англи хэлийг хос хэлний хэмжээнд авч үзэхийг миний хувьд дэмжихгүй. Гадаад хэл нь англи хэл байх хэрэгтэй. Үзээд явна. Албан ёсны хэл бол монгол хэл. Аль ч улс орос, герман, япон, хятад гэх мэтээр бүгд өөрийн үндэсний хэлтэй. Эдгээр улсууд бүгд л англи хэлийг сурдаг шүү дээ. Би таван хэлтэй малчинтай таарч л байлаа. Баян-Өлгийн Ногооннуур сумын Далайхан гэж хүн. Казак, монгол, орос, англи, франц хэлтэй. Яагаад олон хэл сурсан бэ гэхээр өөрийг нь зорьж, ихэвчлэн Америк, Францаас жуулчид ирдэг. Нөхөр тэдэнтэй нэвтрэлцэх шаардлагатай байсан хэрэг. Орос хэлийг бол багаасаа үзсэн. Далайханы хувьд хэрэгцээ нь байсан байхгүй юу. Гайхах зүйл биш. Гадаад хэлийг заавал сэхээтнүүд үзэх хэрэгтэй юу? Үгүй. Гадаад хэлийг хэрэглэхгүй бол хэцүү шүү дээ. Өдөр тутмын ажилд англи хэл хэрэгтэй бол сурахаас өөр аргагүй. Өдөр тутмын ажилд монгол хэлээрээ зөв найруулан бичих шаардлага бол байгаа тэр чиглэлээрээ илүү хөгжинө гэсэн үг. Англи хэлийг төрийн албан ёсны хэлний хэмжээнд авчирч хэрэглэх шаардлага Монгол Улсад байхгүй. Гэхдээ дахин хэлье. “Англи хэл бол дэлхийн мэдлэгийн хэл” учраас монгол хүмүүс энэ хэлийг ерөнхий боловсролын хүрээнд сайн заалгаж сурах ёстойг үгүйсгэхгүй.
Хувийн сургууль болон улсын сургуулийн ялгааг дээр хэлсэн. Үүн дээр гадаад хэлний мэдлэгийн түвшин ялгаатай байгаа юу? Залуучууд, өсвөр үеийнхэн гадаад хэлийг заавал орчинд нь очиж байж сурах зүйл гэж хараад байдаг. Та энэ тал дээр юу гэж зөвлөх вэ?
Тухайн хэлийг тухайн орчинд нь очиж сурах бол хамгийн сайн сурах аргын нэг л дээ. Боломж гарвал очоод сурчих хэрэгтэй. Гадаадад очоод сурсан хүн харьцуулах нүдтэй болдог. Монгол хүн гэж хэн, бидний хэл, соёл ямар онцлогтой, гадаадынхан яагаад өөрөөр сэтгээд байна, бид бас яагаад өөрөөр сэтгээд байна гэх мэт. Улсын сургууль, хувийн сургуульд гадаад хэл үзэхэд ялгаатай байдал үүссэн үү гэвэл үүссэн. Сурч байгаа жил, хэрэглэж байгаа сурах бичиг, зааж байгаа багшийн чанар ч өөр байна. Төрийн өмчийн сургуулиуд англи хэлний сургалтаа сайжруулахад анхаарах хэрэгтэй болчхоод байна. Яаж сайжруулах вэ? Сайн багшийг аваачих хэрэгтэй. Сайн сурах бичиг, сайн хөтөлбөртэй байх хэрэгтэй.
Та “Шинэ монгол” сургуульд ажилласан туршлагаасаа хуваалцаач гэвэл юу хэлэх вэ?
Хүнтэй ажиллах ухаанаас суралцсан даа. Боловсролын салбарт найман жил ажиллаад Монголын боловсролд өнөөдөр юу хэрэгтэйг өөрийн хэмжээндээ танилаа. Шинэ монгол сургууль өөрийн соёл, үзэл санаатай. Хүмүүс нь түүндээ тохирсон зарчимтай, өөрийн философитой, алсын дүр зурагтай. Үүнийг чухал гэдгийг ажиллаж байхдаа илүү сайн ойлгож дээ.
Эх сурвалж: Боловсролын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгийн хэвлэл, Нээлттэй сургууль сонины 2020 оны 10 дугаар сар, №9 (231)