Нүсэр бус төсөр
П. Наранбаяр
Гуравдугаар сарын эхний цас хотыг хучиж, гэрэл нэмэн гялтганана. Миний очих газар бол Ерөнхий боловсролын Шинэ монгол сургуулийн захирал асан П.Наранбаярын шинэ ажлын өрөө. Тэрбээр найман жил ажилласан боловсролын салбараасаа улс төр хэмээх шинэ салбарт өөрийгөө сорих гэж байгаа аж. Наранбаяр зургаадугаар сард болох УИХ-н сонгуульд Хөдөлмөрийн үндэсний нам (ХҮН нам)-аас нэр дэвшихээр ажиллаж байгаа юм байна.
Та Байгаль орчны яаманд албан хаагч, Шинэ Монгол сургуулийн захирлаар тус тус найман жил ажиллажээ. Монгол улс нийгмийн ардчилалд шилжсэнээс хойших 30 жилийн түүхийг эргэн харж, алдаа оноог дүгнэе гэвэл?
Үг хэлэх, шашин шүтэх эрх чөлөөг хангаж, ардчилсан боловсрол үзэл бодол тогтон нийгэм хөдөлгөөнд орсон нь бидний бий болгосон сайн зүйлс. Орос, Хятад гэсэн хөршөөсөө гадна дэлхий дахинтай “хөрш” болсноор тусгаар тогтнол илүү баталгаажив. Олон залуус өндөр хөгжилтэй орнуудад боловсрол эзэмшиж, Оросын нөлөөнөөс зохимжтой хэмжээнд хөндийрчээ. Монголчуудын өөртөө эзэн байх ухамсар нэмэгдэж, шашин шүтлэг, уламжлалаа сэргээв. Дотоодын нийт бүтээгдэхүүний 70 гаруй хувийг хувийн хэвшил бүрдүүлэх болов. Түүхийн үзэл шинэчлэгдэж, монголчууд түүхээ өөрсдөө бичих боллоо. Нэг үгээр хэлбэл, хүн хичээл зүтгэлээрээ өөрийгөө хөгжүүлэх бүрэн боломжтой нийгэм бүрэлдэв.
Гэвч нөгөө талдаа, хүн амын 30% нь ядуурч, баян ядуугийн ялгаа эрс нэмэгдэв. Мөн улс төр, албан хаагчдын авлигал, төрийн албаны тогтворгүй байдлаас үүдэн хөгжлийн төлөвлөлт үндсэндээ байхгүй болсон. Хариуцлагагүй уул уурхайгаас болж байгаль орчин эвдрэн бохирдож, хог хаягдал их хэмжээгээр нэмэгдэв. Хэтэрсэн либерализм ба хариуцлагагүй тогтолцооноос урган гарсан аминч үзэл газар авч, дундын өмчлөлийн ухамсар буурав. Үүний нэг жишээ нь газрыг дундаа эзэмшдэг нүүдэлчдийн уламжлал өөрчлөгдсөн явдал. Улс төр, төрийн алба, хувийн хэвшил тэнцвэртэй гурвалжин үүсгэх ёстой атал тэгсэнгүй нэгэн цэгт төвлөрөв. Эдгээрийг байранд нь буцаах ёстой.
Өмнө нь та япон хэв маягийн сургалтаараа алдартай шинэ монгол сургуулийн захирлаар ажиллаж байсан. Боловсролын цаашдын хандлагын талаар юу гэж боддог вэ?
Аж үйлдвэрийн 4-р хувьсгалд шаардагдах боловсон хүчнийг бэлдэх, гэхдээ зөвхөн боловсон хүчин бус ХҮН-ийг торниулах хэрэгтэй байна. Монгол хэлийг албан ёсны хэл болгосон цорын ганц улсын хувьд үүнийгээ ухамсарлаж, боловсролын салбарыг илүү сайжруулах нь чухал.
Сургуульдаа барьсан зорилго тань юу байсан бэ? Ямар бэрхшээл тулгарч байв?
Зүрх сэтгэл, оюун ухаан, бие бялдрын тэнцвэртэй боловсрол олгохыг зорьж байв. Сурагчдаа эх хэлээ сайтар эзэмшсэн монгол хүн болгон, дараагийн үеийн удирдагч болгон төлөвшүүлэхэд анхаарч ирлээ. Ганц нэг багшийн хуучин арга барилтайгаа зууралдах хандлагыг эс тооцвол бэрхшээл гэхээр юм байсангүй. Аан бас хүүхдүүдээ Шинэ Монголд оруулах хүсэлтэй эцэг эхчүүд бэрх даваа байж дээ.. (инээв).
Багш хүний хувьд та хүүхдүүдэд юу хэлмээр байна?
Зүрх сэтгэл, оюун ухаан, бие бялдраа хөгжүүлэн, бусдын төлөө амьдарч, аз жаргалаа олж аваарай.
Энэ чиглэлээр сургуульдаа хэрэгжүүлсэн тодорхой ажлын жишээ байна уу?
Бага сургуулиас ахлах сургууль хүртэл үе тус бүрээр хүүхдүүдийг хөдөө явуулж сургав. Сүү саах гэх мэтээр малчдад тусалж, төл арчилж амьтай бүхнийг хайрлах сэтгэлийг суулгахад анхаарч ирлээ. Ахлах ангийн сурагчдыг намрын ургац хураалтаас гадна нутгийн иргэдийн айраг найранд хүртэл оролцуулдаг байлаа (инээв).
Та Токиогийн Гадаад Судлалын Их Сургуулийн судлаач, Киотогийн Их Сургуулийн магистрантурт суралцаж байжээ. Тэнд юу сурав, цаашид түүнийгээ юунд ашиглахыг хүсдэг вэ?
Рационал сэтгэлгээ. Чөлөөтэй сэтгэж, чөлөөтэй сурах. Мөн япон хэлний хэлний чадвар. Дэлхийн шинжлэх ухааны мэдлэг ихэнхдээ англи, герман, япон хэлээр байдаг. Энэ давуу талаа ашиглана даа.
Өнөөгийн залуучуудын улс төрийн ухамсрыг хэрхэн үзэж байна вэ?
Залуучуудын улс төрийн ухамсар буурч байна. Дэлхийн чиг хандлага ч мөн адил. Залуучууд цэвэр ёс суртахуунтай болж байгаа нь сайшаалтай ч нөгөө талдаа улс төрд дургүй болсон. Залуучуудын сонгуулийн ирц 30% л байна. Тэд улс төрийн өнөөгийн байдалд сэтгэл маш дундуур байдаг. Би тэдний энэ мэдрэмжийг улс төрийн шинэчлэл болгохыг хүсч байна.
Ардчилал, эрх чөлөөг хольж хутгасан шинж ажиглагддаг?
Тийм шүү. Ардчиллын үндэс суурь нь чөлөөт иргэдийн хариуцлагатай үйл ажиллагаа. Үүнийг бид үл тоомсорлож, буруу ойлгосон байдаг юм.
Социализмын үед гэмт хэрэгтэн цөөн, үнэнч шударга хүн олон байсан гэж дуулддаг?
Хүн амын харьцаагаар харвал тийм биш. Нийгмийн капитал баялаг байсан гэж хэлж болох ч, энэ нь төрөөс иргэдийн орлогыг хянан зохицуулж, нийтээрээ тэгш ядуу байсан цаг үетэй холбоотой. Социализмын үед "матаас" гэдэг аймшигтай тогтолцоо байжээ. Урьд өмнө бүгд сайхан байсан, гэмт хэрэг бага байсан гэж хэлэхэд хэцүү.
Хээл хахууль арилахгүй байгаагийн учир юу бол?
Улс төр, мөнгө нэг цэгт төвлөрсөн нь энэ асуудлын уг язгуурт оршино . Мэдээллийг маш сайн ил болгох, улс төрчид, иргэд, төрийн албан хаагчдын ухамсрыг өөрчлөх нь чухал. Монгол Улсын парламент тэр бүр тардаггүй, парламентын гишүүдийн эрхийг дөрвөн жилийн хугацаанд баталгаажуулсан нь улс төрийн цөмийг гэмт хэрэг, авлигын үүр болоход хүргэжээ. Улс төрчид хариуцлагатай байх хэрэгтэй. Парламент, Засгийн газар тэнцвэртэй харилцаатай байж чадаагүй 30 жил болов. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулсны дараах ойрын ирээдүйг анхааралтай ажиглах хэрэгтэй.
Сонгууль болгоноор Засгийн газар өөрчлөгдсөнөөр их зүйлийг алдаж байна. Энэ талаар юу хэлэх вэ?
Засгийн газрын өөрчлөгдөн солигдох нь тун эрүүл үзэгдэл. Гагцхүү улс төрөөс хэт хамааралтай болоод байгаа нь өөрөө асуудал. Төрийн алба улс төрчдөөр хэт удирдуулж, сонгуулийн дараа төрийн албан хаагчдыг “намнах” үзэгдэл гаарав. Бид үүнийг залруулан журамд оруулж, амьдралд хэрэгжүүлэх хэрэгтэй.
Цаашид Япон улстай харилцаагаа бэхжүүлэх тухайд таны хүлээлт?
Хувийн секторын эдийн засгийн харилцааг хөгжүүлэх нь чухал байна. Япон улсын хөрөнгө оруулалт нэмэгдээсэй. Японы шилдэг уран зохиол, киноны монгол орчуулга олноор гарч, Монголд япон судлал улам хөгжөөсэй.
Танд дуртай үг эсвэл уриа байна уу?
Би өөртөө "Том сав бай" гэж хэлдэг. Чингис хааны билэг сургаальд дуртай. "Сэтгэлийг нь цуглуул. Тэр цагт бие нь хааш одох”, "Мах идэх шүд аманд, хүн идэх шүд сэтгэлд " гэх мэт. Миний амьдралын уриа бол "Нүсэр бус төсөр". Энэ нь энгийн байж, мөн чанарыг нь олж харах ухаан юм. Миний өөртөө бий болгосон үзэл санаа бол энэ.
Та ямар зан чанартай хүн бэ?
Бичих дуртай, бас хүмүүст дуртай. Хэт өрөвч зан сул тал минь юм болов уу даа.
Танд Японы юу таалагддаг бас юу нь таалагддаггүй вэ?
Таалагддаг тал нь гэвэл, япон хоол, халуун рашаан, байгаль, японы түүх, уран зохиол, япон хүмүүс, арьс өнгөөр ялгаварлан гадуурхдаггүй нийгэм, энхтайванч ард түмэн. Таалагддаггүй тал нь гэвэл, япон хүний хэтэрсэн гэмээр хамт олонч үзэл, хэт мэдрэг ч гэмээр хүмүүсийн харилцаа юм даа.
*Ярилцлагын дараа:
Наранбаяр энэ оны 2-р сар хүртэл Шинэ Монгол сургуулийн захирлаар ажиллаж байгаад өдгөө ХҮН намын бодлого хариуцсан нарийн бичгийн даргаар ажиллаж байна. Намын гишүүд, дэмжигчид нь гучаас дөчин настай ид гялалзаж яваа залуучууд голлодог. Улс төрд орох болсон нь "Гадаад болон дотоодод өндөр боловсрол эзэмшсэн төгсөгч нартаа шинэ цаг үеийг бүтээх боломж олгох" гэсэн бодолтой холбоотой.
"Өөрийн туршлагаа өрөөлийн сайн сайхны төлөө ашиглана. Үүнээс өөр бодол үгүй” гэж тэрээр шулуухан өгүүлэв. Яриа нь эрчтэй, бусдыг татах чадалтай. Шинэ Монгол эрдмийн хүрээлэнгийн ерөнхийлөгч Галбадрах “Би эргэн тойрны хүмүүстээ хүлээн зөвшөөрөгдсөн сургууль байгуулсан. Тэгээд Наранбаяр захиралд “Энэ сургуулийг “эвдээрэй” гэж хэлээд сургуулиа хүлээлгэн өгсөн юм. Тэр хүсч байснаар минь хүн болгон төлөвшүүлэх боловсролыг хэрэгжүүлж, том үр дүнд хүргэлээ. Боловсролын бус салбараас төрсөн агуу захирал” гэж түүнийг өндөр үнэлээд Монгол улсын боловсролын салбарыг дээшлүүлэн хөгжүүлэхэд улс төрчийн хувиар хувь нэмрээ оруулахыг хүсэн дэмжиж буйгаа илэрхийлэв.
Киотогийн их сургуульд эрх зүй (төрийн захиргаа) чиглэлээр магистр, Монгол Улсын Их сургуульд олон улс судлалаар докторын зэрэг тус тус хамгаалсан. Орчуулга, бүтээл цөөнгүй хэвлүүлсэн.
Эхнэр, том хүү (18 настай), охинтойгоо (11 настай) амьдардаг. Бичиг, орчуулгын ажилд дур сонирхолтой. Шорлог шарж, ойр дотныхныгоо дайлах дуртай. Судлаач төрхтэй, өвөрмөц улс төрч болон гарч ирэхийг найдан хүлээнэ.
Монцамэ агентлаг 2020.03.12-ны №10 (754)