Ерөнхий боловсролын “Шинэ Монгол” ахлах сургууль хичээлийн шинэ жилийн нээлтээ хийв. Нээлтэд ахлах сургуулийн сурагчид, эцэг эхчүүд болон багш, удирдлагууд оролцсон юм. Арга хэмжээг нээж “Шинэ Монгол” бүрэн дунд сургуулийн захирал П.Наранбаяр үг хэлсэн юм. Тэрбээр “2019-2020 оны хичээлийн шинэ жилийн баярын мэнд хүргэе. “Шинэ Монгол” сургуулийг сонгож шинээр элсэн орсон 10-р ангийн хүүхдүүддээ болон анги дэвшин суралцаж буй нийт сурагчдадаа амжилт бүтээл дүүрэн байхыг хүсэн ерөөе. 2020 он бол “Шинэ Монгол” сургууль 20 жилийн ойгоо амжилт, бүтээлээр угтах жил. Аливаад бэлгэ дэмбэрэл гэж бий. Хичээлийн жилийн босгон дээр манай сургуульд Нобелийн шагналт эрдэмтэн Ноёри Рёожи айлчлан хүүхдүүд та бүхэнтэй хүн байгалийн шүтэн барилдлага, хүн төрөлхтний эв нэгдлийн тухай англи, япон хэлээр ярилцсан нь шинэ хичээлийн жилийн хамгийн онцлууштай, бэлгэшээлтэй үйл явдал боллоо. Сургуулийн үүдэнд ирээдүйн Нобелийн шагналтны хөшөөний суурь бий. Энэ танхимд байгаа нүдэндээ галтай, нүүрэндээ цогтой шинэ монголчуудаас ирээдүйн Нобелийн шагналтан төрөх биз ээ. Хүүхдүүд та бүхэн том мөрөөдлөө зорилго болгож, зорилгодоо хүрэх бодитой алхмыг хийгээрэй. Энэ хичээлийн жил ердөө 33 долоон хоногтой, харьцангуй богино. Тиймээс өдөр, цаг, минут тутмыг хайрлаж, өөрийнхөө гол хөдөлмөр болох суралцахуйд зориулаарай. Бид бол XXI зууныг бүтээж буй шинэ монголчууд. “Яг цагтаа бүгд цугтаа” зарчмыг баримталж, хором бүрийг үр бүтээлтэй өнгөрүүлэхийг нийт сурагчдадаа уриалж байна. Японы соён гэгээрүүлэгч Фүкүзава Юкичи “Тэнгэр хүмүүнийг дээрд, доорд хэмээн ялган бүтээгээгүй... Гагцхүү сурсан сураагүйн ялгаа л мэргэн, мунхаг хоёрыг бүтээдэг” хэмээн сургасан байдаг. Мэргэн үгийг цээжиндээ хадаж, өдөр тутмын хичээлдээ шамдан сурахыг эрхэм та нараасаа хүсье” гэсэн юм.

Сурагчид дуу дуулж, хөгжим тоглож, бүжиг бүжиглэн өөрсдийн авьяас чадвараа таниулан хүрэлцэн ирсэн зочид, эцэг эхчүүдэд мэндчилгээ дэвшүүлсэн юм. Энэ үеэр хүндэт зочин, Япон улсаас Монгол улсад суугаа Элчин сайдын яамны Зөвлөх Хаяаши Шиничиро сурагчдад хандан үг хэлж, амжилт хүслээ. Хаяаши Шиничиро хэлэхдээ “Миний бие ахлах ангийн сурагч байхдаа япон зохиолчийн бичсэн бөртэ чоно гэдэг номыг уншиж байлаа. Тус номонд монголчууд өсч томроод чоно болдог гэдэг үг байдаг. Миний бие Монголыг зорих их хүсэлдээ  хөтлөгдөн суралцсаар 14 жилийн өмнө Монголд ажиллахаар ирсэн. Гэвч одоог хүртэл “Монгол хүн чоно болдог” гэдэг ямар утгатай вэ гэдгийг бүрэн ухаж ойлгож чадаагүй л байна. Гэхдээ чоно гэдэг бусдад хохирол учруулдаг зэрлэг араатан биш. Харин чоно зоригтой, хүчтэй бахархам амьтан гэдгийг ойлгосон.

“Яг цагтаа, бүгд цугтаа” зарчмыг баримтлахыг сурагчдадаа уриаллаа

Нэгэн алдартай хүн амьдрал зөвхөн хоёр төрөл байдаг гэж хэлсэн. Нэг нь зоригтой бас хүчтэйгээр өөрийгөө сорьж тэмцдэг амьдрал. Нөгөө нь чонын идэш болоод дуусдаг амьдрал.  тэгэхээр бөртэ чонын удамтай монгол залуустаа хандан “Шинэ Монгол сургуульд суралцах хугацаандаа юунаас ч айхгүй, шантрахгүй бүхий л ур чадвараа дайчлан хичээллэж, гайхалтай чоно болох бэлтгэлээ хийгээрэй” гэж хэлмээр байна. Амжилт хүсье” хэмээн хэллээ. Эцэг эхийг төлөөлж анагаах ухааны доктор Ц.Билэгтсайхан үг хэлсэн юм. Тэрбээр “Эцэг эхчүүд “Шинэ Монгол”-ыг сонгодог нь гурван шалтгаантай. Нэгд, үе, үеийн төгсөгчид дараагийн үеэ тосон авч өөрсдийн туршлага, мэдлэгээсээ хуваалцан зааж зөвлөдөг соёл төлөвшсөн. Хоёрт, монгол соёлд байдаг, монгол хүнд байдаг хамгийн давуу чанаруудыг сорчлон авч япон соёл, япон хүнд байдаг давуу чанаруудыг хамтад нь шингээн үнэт зүйлээ тодорхойлсон нь сурагчдыг энэрэнгүй, төлөв төвшин, зарчимч, бүтээлч, ухамсартай болгон бэлтгэхэд хамгийн гол хөшүүрэг болдог. Гуравт, хамгийн шилдэг багш, боловсон хүчин хамгийн тохитой, тухтай орчинд хүүхдүүдийг сургах боломжоор хангасан” хэмээсэн юм.