Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит XIII хуралдаан хуралдаанаар НИТХ-ын төлөөлөгчийн хувиар агаарын бохирдлын талаар асуудал хэлэлцэхэд дараах саналыг хэлэв.

"Хүйтний эсрэг технологи"

Дэлхийд хамгийн хүйтэн нийслэл гэгддэг УБ хот. Жилийн дундаж температур нь -1.3 градус. Агаарын бохирдлын асуудлыг бид түлш буюу нүүрсэнд төвлөрч сүүлийн 4 жил ярилцлаа. Түүний өмнө зуух ярьсан. Бүгд гал түлж, дулаан үйлдвэрлэдэг актив талын арга хэмжээ. Үүндээ ч төсвийн их мөнгө төвлөрүүлэн зарцуулж, шамшигдуулж, хулгайлсан тохиолдол цөөнгүй байсныг иргэд харж байгаа. Үр дүн нь ямар байв аа?

Сайжруулсан зуухыг оруулж ирэн, гэр хороололд тараан, хөнгөлөлттэй үнээр борлуулсан. Өнөөдөр гэр хорооллын ердөө 50 хувь хуучирч муудсан сайжруулсан зуухтай байна. Зуух үйлдвэрлэдэг үндэсний үйлдвэр ч олигтой хөгжсөнгүй. Дундаж, чинээлэг хэсэг нь Орос, Турк, Чех, Германы голлосон гоёлын, сайжруулсан зуухыг импортоор хэрэглэх боллоо.

Харин бид пассив буюу дулааныг хадгалах, дулаан тусгаарлах технологийг сул анхаарч иржээ. Энэ бол хүйтний эсрэг технологийн хамгийн чухал хэсэг. Өнөөдөр технологи хөгжиж, эрчим хүчний хэмнэлттэй, дулааны алдагдал багатай барилга байшингийн технологи бий болсон. Барилгын дулаалгын материалыг бид өнөөдөр Оросоос, тодруулж хэлбэл Сибириэс түлхүү импортолж байна. Гэтэл эдгээр нь малын ноос, органик материалд тулгуурласан тусгай аргаар боловсруулсан эсгий, зулхай гэх мэт зүйлсээс авахуулаад бид дотооддоо бүрэн үйлдвэрлэхүйц зүйлс байна.

Гадаадаас импортолж суухын оронд үндэсний хэмжээнд жижиг дунд үйлдвэрээ дэмжээд өөрсдөө үйлдвэрлэдэг болъё. Энэ чиглэлээр пассив хаусын үндэсний мэргэжилтэн, судлаачдыг оролцуулсан “Хүйтний эсрэг” актив, пассив технологийг бүхэлд нь ярьсан яриа зөвлөгөөнийг өрнүүлье.

Судалгааг дэмжиж, үйлдвэрлэлийг босгоход зээл, хөрөнгө оруулалтаар Нийслэлийн зүгээс тэтгэе. Энэ бол инноваци, энэ бол жижиг дунд үйлдвэрийг дэмжих бодлого, агаарын бохирдолтой бүрэн цогцоор нь тэмцэх, шийдвэрлэх алхам юм. Инновац эрхэлсэн орлогч дарга энд байна. Уг санаачлагыг дэмжиж, нэн даруй, яаралтай, мэргэжилтнүүдийг цуглуулан дээрх зөвлөгөөнийг зохион байгуулж, зөвлөмж гаргуулан, төсөв мөнгийг тооцож, үйлдэл болгохыг уриалж байна.