Дарханы Залуучууд театрын уулзалтын дараа Дарханы Боловсрол шинжлэх ухааны газрын дарга Галбадрахтай уулзаж, боловсролын талаар санал солилцов. Мөн Dashnyam Byambabaatar захиралтай Цайхун сургуульд эхнэрийн хамт зочлов. Бямбабаатар бид хоёр арван жилийн нэг анги юм. Андтайгаа хуучлан суух сайхан.

Цайхун сургууль 18 жилийн өмнө хоёр өрөөтэй, цөөхөн хүүхэдтэй байгуулагдаж байсан бол эдүгээ өөрийн хичээлийн тохилог байртай, 300 гаруй сурагчтай, хятад хэлний сургалтаараа улсад нэртэй сургууль болжээ. Тус сургууль Дэлхийн хятад хэлний тэмцээнд багаараа гуравдугаар байр эзэлсэн нь бахархам амжилт. Хятадад хоёр ч төгсөгч нь  төгсөж ирээд төрөлхи сургуульдаа багшилдаг ажээ. Төгсөгч сургууль хоёрын амин холбоо сургуулийн хамгийн том эерэг соёл юм.

Сургууль гэдэг мэдлэг чадвараас гадна хүмүүжил олгож, хувь хүнийг нийгэмд бэлдэн гаргадаг. Цайхун сургууль хүмүүжлийн таван зөв хандлагыг томъёолон хүүхэд бүрт эзэмшүүлэхээр, зүрх сэтгэлд нь гүн бат суулгахаар ажилладаг тухайгаа Бямбабаатар надад өгүүлэв. Дарханы боловсролд хувь нэмрээ оруулж буй анддаа амжилт хүсье!