Өнгөрөгч Ням гараг буюу 6-р сарын 5-нд Шинэ Монгол - Мабүчи тэтгэлгийн сан/SMMS foundation/-гийн тэтгэлэгт 33 оюутанд зориулсан төгсөлтийн ёслолд оролцов.

Оюутнууд төгсөлтийн ажлаа менторууд болон бусдынхаа өмнө танилцуулж, дөрвөн жилд юу сурсан, юуг ухаарсан, тэтгэлэг авснаар өөрт нь ямар эерэг өөрчлөлт гарсныг ярилаа.

Тус тэтгэлгийн сан 2015 онд байгуулагдсан цагаасаа хойш дотоодын 23 их дээд сургуульд 21 аймаг, нийслэлээс суралцсан 236 оюутанд хүүгүй, барьцаагүй хэлбэрийн 2.5 тэрбум төгрөгийн тэтгэлгийн зээл олгожээ. Эдүгээ 108 оюутан төгсөж, зээлээ эргэн төлж байна. Тэтгэлгийн зээлийг эргэн төлснөөр өөрөө тэтгэлэг олгогч болж, "Шинэ Монгол Мабүчи" хэмээх тэтгэлгийн сан бие даан, тогтвортой үйл ажиллагаа явуулах боломжтой болох юм.

2015 онд Галбадрах багш, Зулгэрэл багш болон биднийг Мабүчи олон улсын тэтгэлгийн сантай хамтран уг санг анх байгуулж байхад миний хүндэлж явдаг нэг ах "Монгол хүн авсан мөнгөө буцааж өгдөггүй шүү. Их өрөнд унах вий" гэж чин сэтгэлээсээ сануулан зөвлөж байсан юм. Хэдий тийм боловч хариуцлагатай амьдралыг сонгодог залуу үед итгэх итгэл бидэнд илүү хүчтэй байв. Чингэж эхлүүлсэн тэтгэлэг маань өнөөдөр оюутнуудын хувьд хүсэн хүлээдэг, шалгаруулалтад нь орж өөрийгөө сорьдог газар болон хөгжжээ.

Шинэ Монгол Мабүчи сангийн тэтгэлэгт оюутан болсноор ментортой болж, сурахуйн болон амьдрахуйн зөвлөгөөг ах эгч нараасаа авч болдог. Мөн улирал бүр уулзалдаж, хамтдаа уншсан номоо ярьж, нийгмийн зүтгэлтнүүдийн үгийг сонсож, спорт тэмцээн зохиох зэргээр бусдаасаа суралцах боломжтой байдаг. Тэтгэлэг аваад л таг алга болно гэж үгүй.

Энэ жил миний мэнтий Шүрэн-Эрдэнэ санхүүгийн чиглэлээр амжилттай төгслөө. Шүрээ маань Таван толгой компанийн санхүүгийн өнөөгийн байдалд дүн шинжилгээ хийгээд ирээдүйг таамаглан төсөөлсөн сүрхий ажлыг танилцуулав. Болормаа, Оргилболд, Анхзаяа гэсэн оюутнуудын амттай илтгэлийг чих тавин сонсов. Залуу үе мундаг болжээ. Тэднээр бахархана. Өнгөрсөн жилүүдэд төгсөлтийн ажлыг нь сонсоод ажилд зуучилсан залуус ч миний хувьд хэд хэд бий.  Харамсалтай нь дараагийн ажилтай болоод дундуур нь гарах хэрэгтэй болов. Цагтайсан бол бүгдийг нь сонсох байлаа.

Төгсөгч нартаа баяр хүргэе. Эх орныхоо хөгжлийн торгон цэргүүд болж түүчээлээрэй.