Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус VII хуралдаанаар нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах цогц бодлогын хүрээнд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй арга хэмжээний чиглэлийн баримт бичигт дараах саналыг тусгуулав.

- Микро автобусны үйлчилгээнд өндөр стандартын шаардлагыг тавьж, маршрут, цагийн уян хатан зохицуулалт бүхий үйлчилгээг хувийн хэвшилд тулгуурлан нэвтрүүлэх

- Хот доторх хүнсний бүтээгдэхүүний ҮНДСЭН түгээлтийг шөнийн тээвэрт шилжүүлэх

Үндэслэлийг тайлбарлая.Микро автобусыг жамаар нь хөгжүүлж, стандарт шаардлагыг нь өндөрт тавьж ирсэн бол УБ хотыг илэрхийлсэн нийтийн тээврийн өвөрмөц төрхтэй, иргэндээ ойр үйлчилгээ болох байсан гэж би боддог. Тиймээс том оврын автобусны үйлчилгээ иргэдийн хэрэгцээ шаардлагад тэр бүр нийцэхгүй байгаа өнөө цагт уян хатан цагийн зохицуулалттай, өндөр стандарт хангасан микро автобусны үйлчилгээг нэвтрүүлэх нь зүйтэй.

Түүний зэрэгцээ, анхны төсөлд “Хот доторх хүнсний бүтээгдэхүүний түгээлтийг шөнийн тээвэрт шилжүүлэх” гэж байсан нь жижиг хүнсний дэлгүүр ажиллуулдаг хүн хүч багатай ААН-д ихээхэн хүндрэл учруулахад хүрэх юм. Иймд томоохон ААН, ложистик төвийн бүтээгдэхүүн түгээлтийг шөнийн тээвэрт шилжүүлж, бусдыг нь өдрийн цагт ч түгээж болохуйц байлгахаар “ҮНДСЭН” гэсэн үгийг нэмүүлэв.