Булган нутгаар зорчив. Гүүдскүүл (Good school), Сайн Сургуулийг Таны Дэргэд ТББ - The Good School Near You NGO ТББ-ын ажлаар явсан хэрэг л дээ. Монголын түүхэнд бахархам эх орончид энэ нутгаас мэндэлжээ. Нэрт яруу найрагч, цэргийн жанжин Цогт хунтайжийн хөшөө аймгийн төв талбайд сүндэрлэнэ. Цогт хунтайж Түвэдийг эзлэх их цэрэг хөдөлгөн Гүүш ханы цэрэгт цохигдсон ч баруун Монголын Гүүш хан Түвэдийг эзлэн авч 100 гаруй жил үргэлжилсэн Монголын ноёрхлыг тогтоосон түүхтэй. Эдүгээ Хөх нуурын хөвөөнд Гүүш хан, Цогт хунтайжийн үр удам нутаглаж, монгол соёлоо тээн уламжлуулсаар байна.

Аймгийн төвийн урд Хатанбаатар Магсаржавын баруун замын цэргийн төв штабын байр музей болон үлджээ. Орж үзэх гэсэн боловч засварт орсон байв. Магсаржав хэмээх энэ эрхэм хүнийг Монголын түүх мартах учиргүй. Хятадын хар цэрэг, хилийн босгуул дээрэмчид, сүүлд нь цагаантны цэргийн үлдэгдлээс эх орноо хамгаалсан цэргийн зүтгэлтэн. Магсаржавын дэргэд 15 настай Нацагдорж хөвгүүн шадарлаж, ирээдүйн их зохиолч болох үндэс сууриа тавьсны дээр Сүхбаатар түүний удирдлагаар бойжиж, цэргийн их жанжин болох замаа зассан гэдэг. Одоо ийм хүнийг бид англиар ментор гэх болжээ.

Миний хувьд бахархан дуурайдаг хүн бол эх орон, тусгаар тогтнолынхоо төлөө амь биеэ зориулсан Амар ерөнхий сайд. Мөн л Булган аймгийн угшилтай хүн. Түүний бичсэн “Монголын товч түүх”-ийг одоо ч уншихад зүрхэнд гал асдаг. Бид хэн бэ? Нүүдлийн соёл, мал аж ахуй, байгальтайгаа ойр байх, эзэн Чингисээс өвлөсөн Монгол Улсын мандал бадралаар бахархах сэтгэл, ирээдүйд хөгжүүлэн авч явах ухааныг энэ агуу хүмүүн тус номдоо өгүүлжээ.

Аймгийн Боловсрол шинжлэх ухааны газрын дарга Ганболд (Жаранживаа Ганболд) тус газрын мэргэжилтнүүд болон аймгийн Засаг даргын тамгын газрын дарга Алтаншагай нартай уулзав. Бид ЭЕШ-д Булган аймгийн хүүхдүүдийг бэлдэх талаар санал солилцов. Сайн боловсрол хотын төвдөө, хувийн сургуульдаа төвлөрөх учиргүй. Сайн боловсрол Монгол Улсын өнцөг булан бүрт хүрэх ёстой. Энэ л үүднээс бид Архангай аймаг болон Баянзүрх дүүрэгтэй хамтран ажилласан. Сайн үр дүн захаасаа дуулдаж байна. Энэ талаар удахгүй мэдээллээ хуваалцана аа.Дэкирү-Япон хэл сургалтын төв