"Зүймэл" нэртэй номоо ирэх долоо хоногт уншигчийн гарт өргөн барих гэж буйдаа баяртай байна. Өмнөх үгээ нийтлэв.

ӨМНӨХ ҮГ

Испани хэлтний агуу зохиолч Борхесийн нэгэн өгүүллэгт нэгэнтээ эргүүлчихсэн хуудас нь эргээд хэзээ ч олддоггүй гайхалтай номын тухай өгүүлсэн байдаг. Өнөөгийн эрин зуунд мэдээлэл гарын салаагаар урсах элс мэт алга болж, дахиад эрж олоход ярвигтай болжээ. Энэ үзэгдэл фэйсбүүк гэх мэт сөүшл хэмээгдэх орчинд илт мэдрэгддэг. Мэдээлэл хурдтай болсон ч гүехэн, цаг зуурын шинжтэй болов. Мэдээлэл тархацтай болсон ч чанаргүй нь үерийн ус мэт нэмэгдэж, уншигчийг оюуны залхууралд оруулах болов. Ийм цаг дор мэдээллээс чанартайг нь сонгох, бодох, сайн мууг дэнслэх шаардлага зүй ёсоор ургана. Цагийн салхинд ул мөргүй устах чанаргүй мэдээлэл бус уншигчийн цээжинд үлдэхүйц зүйлийг бичихийг ямагт зорих нь бичих ажилд дурлагчийн мөн чанар байх учиртай гэж би боддог.

“Зүймэл” нь миний 2006 оноос блог, хожим фэйсбүүкийн талбарт оруулсан бичвэр, зарим нэг орчуулгыг бүлэглэн зүйж хийсэн бүтээл юм. Мөн Монголын түүхийн сэдвээр бичсэн бичвэрийг уг номд анх хэвлүүлж байгаа болно. Уншигчийн мэргэн оюунд өчүүхэн ч гэсэн нэмэр болохыг чин сэтгэлээс хүснэ.

Уг номыг бүтээхэд тусалсан Итгэл марал паблишинг (Itgel Maral Publishing) газрын хамт олонд болон өөрийн авсан гэрэл зургийг ашиглахыг зөвшөөрсөн анд Д.Гэрэлтөв, нэрт шог зураач С.Цогтбаяр (Samandariin Tsogtbayar) номын чимэг зургийг зурсан зураач Т.Соёл-Эрдэнэ (Т.Соёл Эрдэнэ), шавь Л.Энэрэл нартаа ахдаа талархал дэвшүүлье. Мэдлэгээ тэлж, ухаарлаа хуваалцвал нийгмийн орчин илүү гэгээлэг болмуй. Монгол хүний саруул ухаан бадраг!

_П.Наранбаяр