#ЭхОрондоолОчихсон хэмээх баримтат киноны нээлтэд урьсан “Зөвийг шүгэлдэгчид” ТББ-ын тэргүүн Enzu エンズ-д баярлалаа. Энзу буюу Эрдэнэзул продюссорлаж, нэрт найруулагч Золжаргал гуайн “Zoljargal and sons film” продакшны хамт олон бүтээжээ. Кино бодит болсон явдлыг байснаар нь л өгүүлжээ. Нэг талдаа коронагийн халдваргүй байсан Монгол Улс, нөгөө талдаа гадаадад гацсан монголчууд. Киноны нэг баатар “Гэрээсээ түр гараад эргээд орох гэтэл гэрийнхэн нь хаалгаа тайлж өгөхгүй бол хүн яах вэ? Хаана хонох юм, хаашаа явах юм?” гэж өгүүлж байна. Солонгост хорт хавдраар ханиа алдсан Даваасүрэн, гадаадад гацсанаас болж ээж аавыгаа сүүлчийн замд нь үдэж чадаагүй Баярчимэг, Энхсаран сувилалд болсон үйл явдлыг шүгэлдсэнээс болж шүүхэд хүргэгдсэн Мөнхбат гээд олон хүний бодитой яриа, видео факт хөвөрнө.

Кино үзэж буй хүмүүс энд тэнд уйлж байна. Миний хоолой ч зангирав. Киног үзээд бодлоо. Монгол хүнд хамгийн эрхэм зүйл бол эх орон. Эх орон нь харин хүний эрхийн мэдрэмжтэй Монгол Улс байх ёстой. Өнгөрсөн жил гаруйн хугацаанд юу болоод өнгөрөв? Гадаадад гацаж, хавчигдсан иргэдээ эх орон нь, Монголдоо байсан иргэд нь дээрээс нь нэрмэж бас гадуурхав уу? Баримтат кино үүнийг баримтаар өгүүлжээ.

Ерөөсөө энэ кино биднийг өөрсдийгөө тольдон харах бүтээл болжээ. Ковидын энэ үед Монгол төр, монгол хүн та хүн чанар, энэрэх сэтгэл, хариуцлагатай байж чадав уу? Дараагийн сорилт ирэхэд бид энэ кино биднээс асууж нэхэж байгаа шиг хүний эрхийг дээдэлдэг, хүнлэг, хариуцлагатай бас зарчимтай, шударга байж чадах уу?

Хамт очиж үзсэн Жаргалсайхан Золжаргал, Баатаржавын Мөнхсоёл, Бадралын МӨНХДӨЛ нартаа баярлалаа.