Мета ертөнц. Виртуал дэлхий гэсэн үг. Фэйсбүүк жил бүр 10 тэрбум долларын хөрөнгө оруулж мета ертөнцөө байгуулж эхлэв. Чадварлаг монгол залуус өнөөдөр А.Энхбаяр багшийн удирдлагаар ВИРТУАЛ МОНГОЛ ертөнцийг Digital Solutions компанийнхан байгуулж байна.  Виртуал Хархориноор нь хүмүүс тэднийг сайн мэднэ. Энхбаяр (Enkhbayar Altantsetseg) багштайгаа энэ талаар хөөрөлдөв.

“Өнгөрсөн, одоо, ирээдүй гэсэн гурван ертөнц бий болно. Окулус толгойн өмсгөлөөс гадна гар утас, компьютер бүхий л боломжит төхөөрөмжөөр виртуал ертөнцөд орно. Өнгөрсөнд орвол шууд эртний нийслэл Хархоринд очно. Тэндээ орон сууц, орчноо бүрдүүлээд хөрөнгөө үүсгэн удирдаж, хэрэглэж, уулзаж, хуралдаж, тоглож, суралцаж гэх мэтээр нэтийн орчинд хэрэгцээтэй бүх зүйлийг бий болгоно. Жишээ нь Е-скүүл тэнд байна. Тэнд Монгол хэмээх ертөнц хил хязгааргүйгээр нэгдэх боломжтой” гэж Энхбаяр багш өгүүлэв.

“Тийм ээ, багш аа. Тэнд халх, цахар, ойрад аялга, тод, худам, кирилл монгол бичиг зэрэгцэн оршино. Монгол ертөнцөд нэвтэрсэн хүн бүр өөрийгөө Монгол гээд л монгол болох ёстой. Тэд Монгол ертөнцөд дахин нэгдэж, цахим иргэний гэрэгэний эзэд болно. Тэд дээрх аялга, бичгээр шалгалт өгч өөрийн зэрэглэлийг ахиулан цахим ертөнцийн хариуцлагатай иргэд болно. Чингис хаан эсгий туургатныг нэгтгээд бүгдийг нь Монгол хэмээх нэгэн ертөнцөд нэгтгэсэн юм. Яг ийм үзэгдэл виртуал ертөнцөд өрнөнө. Агуу Чингис хааны үед “МОНГОЛ, БААТАР” хэмээн цоллуулан дуудуулах нь хамгийн том магтаал, хүндэтгэл, нэр хүнд байж. Дижитал Солюшнс компанийн байгуулах Виртуал Монголд ийм агуу үзэгдэл дахин үүснэ. Дэлхийн өнцөг булан бүрт тархан суурьшсан диоспора монголчууд, Халимаг, Буриад, Өвөр Монгол, Монгол Улсын монголчууд нэгдмэл нэг ертөнцийг бүтээнэ. Тэнд монгол хэлээр ярилцагчид 5 саяас илүү гарна. Тэгээд удахгүй 50, 60 саяулаа болно. Их хэрэглээ, их хүч, их нэгтгэл” гэж намайг өгүүлэхэд, “Тийм ээ, Нараа, багш нь бүр…”

Энхбаяр багшийн нүд гэрэлтжээ. Бидний яриа хөвөрсөөр. Их үйлийг бүтээж буй хамтран зүтгэгч анд Энхбаяр багшдаа, Дижитал Солюшнсийн хамт олонд амжилт хүсье. Монгол хэмээх сэтгэл татам ертөнц хүн төрөлхтөний хүсэл мөрөөдлийн оргил байг!

Жич: Энхбаяр багшдаа намар орчуулсан Garuna publishing-ийн #улстөрэхлэнсуралцагчдад  номоо өргөн барив.