"Уут уутаар нь улсаа идсэн ноёд" гэж ХХ зууны эхээр монголчууд шүүмжилцгээж байв. Богдын засгийн газар загас толгойноосоо өтдөг гэдэг шиг засаг нь ялзарч, улс орноо хамгаалж чадахгүйд хүрэв. Үүнийг овжин олж харсан Сью Шүжаний цэрэг орж ирэн монголчууд 2 жилийн хугацаанд тусгаар тогтнолоо алджээ. Өнөөдөр Хөгжлийн банкнаас 60 этгээд 1 их наяд давсан зээл авчхаад төлөөгүй ажээ.  Ард нь байгаа нь ахиад л авлигад идэгдсэн улс төрчид. Тэд уут уутаар нь хулгайлж, улсаа худалдаж яваа хүмүүс. Тэд ХОТШ банкийг дампууруулсан технологийг ашиглав. Гэвч одоо бол тэр үеийн хэвлэл мэдээлэл, сонгогчид биш. Сэтгүүлчид, дэвшилтэт үзэлтэй улс төрчид, сонгогчид өршөөхгүй гэдгээ дуу нэгтэй илэрхийлж эхлэв. Дуугарвал дуу нэг, дугтарвал хүч нэг гэдэг.

#өөрсдөөрньтөлүүлье

Хөгжлийн банкны концепцийг анх Японоос хуулсан гэдэг. Япон улс Шуудангийн даатгалд цугларсан дотоодын их хадгаламжийг төсвөөс гадуур хөгжлийн томоохон төслүүдийг санхүүжүүлэн, хөгжил цэцэглэл, орлого, ажлын байр, аж үйлдвэр, дэд бүтцийг бий болгожээ. Харин манайд энэ нь улс төрчдийн авлигал, дээрэм, ёроолгүй идсэн шунахай заваан түүхийг үлдээв.