Монгол орон зундаа хуурай халуун, өвөлдөө хуурай хүйтэн. Гол мөрөн хөлдөж, мод, зүлэг хагдран унаснаар чийгшилтгүй болно. Тэгэхээр хамгийн хуурай улирал нь өвөл болж таардаг. Өвөл ууланд алхан Богд уулын дээрээс нийслэлээ халиахад, аяганы амсрыг бүрхсэн мэт тэр доор утаа, тортог борголтоход эрхгүй сэтгэл эмзэглэдэг.  

Үүний дээр автомашины хөдөлгүүрийн дутуу шаталтаар ялгарсан хар тугалга зэрэг хүнд метал агаарын найрлага дахь хүчилтөрөгч, азот, нүүрсхүчлийн хийн массаас хүнд учир 0-1.5м орчимд тунадаг. Тэгэхээр энэ нь хүүхдэд илүү хортой болж таарах нь. Өнгөрсөн өвөл сайжруулсан түлш хэрэглээнд нэвтэрснээр  угаарын хийн түвшин мэдэгдэхүйц буурчээ. Үүнийг түүхий нүүрс түлэхийг зөвшөөрсөн орон нутагтай харьцуулахад шууд л ойлгогдохоор байв.

Гэвч сайны хажуугаар саар. Аюулгүйн заавар дутуу хүрсэн, дулимаг мөрдсөн, туршлага дутсан, зуух стандарт бус байсны улмаас олон хүний амь эрсдэв. Сайжруулсан түлшийг зөвхөн төрийн өмчит компани үйлдвэрлэхээр зохицуулалт хийсэн нь сайн, чанарлаг сайжруулсан түлш үйлдвэрлэж байсан хувийн хэвшлийн бизнесийг хаахад хүргэв.

Уг нь төр стандартаар сайн шахаж, патентаа ашиглуулчихвал хувийн хэвшил аяндаа агаарын бохирдолтой тэмцэх, арилгах асуудлыг манлайлах боломжтой юм.

Утааг багасгалаа. Одоо тоосжилтыг багасгая.  Хоёр арга байна. Ногоон байгууламжийг нэмж, шороогоороо байгаа гудамж, замыг хатуу хучилттай болгох. Гэр хорооллыг амьдрах таатай орчин болгон хувиргавал асуудлыг нэг мөр шийдэж буй хэрэг.

Гэр хорооллыг устгах бус дэд бүтцийг нь сайжруулж, авто зам, гэрэлтүүлэг, цэвэр, бохир, дулааны шугам тавьж, айл өрх бүрийн хашаанд мод тариулан, гудамжийг зүлэгжүүлэх нь цогц шийдэл мөн.