Уртхан бичихээс өөр арга алга. СХД-ийн сонгуулийн дүн. МАН үнэмлэхүй олонхийн санал болох 23 мянгыг, гэзэг дараад ХҮН-ын Найдалаа 5100-г, араас нь Улсын баатар Бат-Үүл 4900-г авлаа. СХД-т юу болов оо? Үйл явцыг цагийн дарааллаар хөврүүлэн бичээд, маш товчоор задлан шинжилье.

🔰

2020 оны 6-р сард болсон УИХ-ын сонгуульд МАХН, ИЗНН, МУНН эвсэл байгуулж оролцов. Энэ үед Батшугар МАНАН-г шүүмжилж задлах тухай ярьж байв. СХД дэх МАН-ынхан ч гэсэн Батшугарын эсрэг дайнд мордож байлаа. 2020 оны 10-р сард болсон орон нутгийн сонгуульд МАХН АН-тай очоод наалдчихав. Орон нутгийн сонгуулиар Баянгол дүүрэгт ганц төлөөлөгчтэй болсон ч өнөөх нь сонгуулийн дараа МАН-д элсэж, өндгөөр шидүүлж байсныг ФБ сануулдаг. МАХН дараагийн алхмаа хийж, Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө МАН-д нэгдэв. Энэ нэгдлээр Батшугарыг СХД-т нэр дэвшүүлэх тохироо хийгджээ. Нэг жилийн дотор ХҮН-аас бусад улс төрийн бүх хүчинтэй очиж наалдсан гэхээр Жамуха дэргэд нь юу ч биш бололтой.

🔰

Сонгинохайрхан дүүрэгт МАН үнэхээр хүчтэй байна. Зүгээр л СХД-ээр яваад үзэхэд энэ нь ойлгомжтой. МАН-ын хороо энд тэндгүй. Зарим газарт бүр хоёр гурваараа. Намын хатуу гишүүнчлэлтэй, дүүргийн 43 хороо нь бүгд МАН-ын гишүүн хорооны даргатай. Хорооны даргын доор хэсгийн ахлагч, улсын бүртгэгч, нийгмийн ажилтан, бусад ажилтнууд бүгд намын томилгоо, дэмжлэгтэй. Жижиглэн хуваасан эдгээр хороод төрийн байгууллага гэхээсээ намын бүтэц, санал багцалдаг машин юм. Нэг хороонд 20-25 хүн ажилладаг гэхэд даруй 1000 хүн болно. Дээр нь утааны байцаагч нар. Нийслэлд энэ хүмүүс 4000 орчим бий. Тэд айлын яндан харахын хажуугаар айлуудыг улаан, нил ягаан, цэнхрээр нь будаж ялгахад тусална. 1 сая 500 мянган хүнтэй УБ хотод давхардсан тоогоор халамж авдаг 1 сая орчим иргэн байна. СХД үүнд нэлээд жин дарна. Нийгмийн халамж бол хорооны дарга, албан тушаалтны эрх мэдлийн цалам. Тансан лам Сүн Үкүний толгойд шившлэгтэй цагираг углачихаад дургүйгээ хүрэхээрээ тарниа уншиж гэсгээдэг шиг үзэгдэл хаа сайгүй. Дээр нь бас СХД-т  сүүлийн жилүүдэд оруулсан хөрөнгө оруулалт. УБ хотын хүн ам хамгийн ихтэй БЗД болон СХД-ийн сүүлийн 5 жилийн төсвөөс хийсэн хөрөнгө оруулалтын хэмжээг харахад СХД даруй 600 тэрбум төгрөгөөр илүү байгаагаас энэ нь ойлгомжтой.

🔰

МАН-ын нэр дэвшигч тойргоороо тойрч ч явсангүй, тэр байтугай өөрийнх нь төлөө ажилласан ухуулагч нартайгаа ч уулзсан тухай мэдээ гарсангүй. Ганц нэг удаа сэтгүүлчийн асуултад хариулахдаа асуултаа ойлгоогүй юм уу, буруу солиу юм яриад өдөрт 240 литр сүү өгдөг “харь гарагийн” үнээний тухай дэгсдүүлж сонгуулийн штабаа сандралд оруулав. Хар багадаа Америкт очоод сурчихсан хүү монгол хэлээ маруухан эзэмшсэн байж ч мэднэ. Монголын сургуулиудыг монгол хэлээр бус англиар хичээлээ заадаг болгоно гэж ярьж явсан нөхөр л дөө. Ямартаа ч ил гарах бүртээ нэр хүндээ унагаж ирсэн нь үнэн. Нэр дэвшигчийн хүчин зүйл нойл. Нойл ч гэж, хасах заалт уруугаа орсон гэхэд хилсдэхгүй. МАН-д тэгэхээр өөрсдийн тогтолцоо, сүлжээ, мөнгөнд найдахаас өөр аргагүй. Тэд бидний татвараар мөнгө босгож, уламжлалт зөөлт, мөнгө тараалтаа цэвэрхэн хийлээ. Төрийн цагдаа нь ч хамар доор нь хууль бусаар төрийн эрхийг булаах ажиллагаа явж байгааг харсан ч хараагүй дүр үзүүлэв. Мөнгө тарааж гарсан хүн эрх мэдэлд хүрэхээрээ төрөөс төсвөөс хулгай хийнэ. Энэ бол манай тогтолцооны эмгэнэл.

🔰

2020 оны УИХ-ын сонгуульд 81 мянган хүн саналаа өгсөн бол энэ удаад нийт сонгогчдын 39 хувь буюу 45 мянган хүн л санал өглөө. Үүний ихэнх нь ахмадууд. Хүн амын 40 хүрэхгүй хувь нь асуудлыг шийдчихэж байна. Саналаа өгөлгүй үлдсэн 60 мянган иргэн. Дуугүй их хүч. Сонгох сонгогдох эрхээ эдэлнэ гэдэг ардчиллын гол хөшүүрэг. Дээр нь бас оролцоо гэсэн иргэний нийгмийн тулгуур ойлголт.Сонгогч та улс орноо бодож, ирээдүйгээ гэрэлтэй байлгая гэвэл энэ хагас сайнд буюу 10-р сарын 16-нд болох нөхөн сонгуульд саналаа өгөгтүн.  #Өглөө