Хүрэлсүх тангаргаа өргөж Ерөнхийлөгч болов. Хэрэг болгож үзлээ. Ёслолын үеэр УИХ-ын дарга Занданшатар хоёр ч удаа дарааллыг андуурав. "Төр төмбөгөр ёс ёмбогор" гэдэг үгийг энэ үед баримталбал сайн байв.

Санал өгсөн сонгогчийн 67 хувийн саналыг авсан Ерөнхийлөгчийн тухайд хувийн бодлоо дурдъя.

- Өнөөдөр болсон залуусын эсэргүүцэл, 2 жил тооцоо судалгаа муутай хөл хорионд сульдсан хувийн хэвшлийн дуу хоолойг Ерөнхийлөгч мартах ёсгүй.

- Сонгуулийн үеэр магтан дуулуулж, тахин шүтүүлж байсан Хүрэлсүх өнөөдөр интернэт орчин, талбайн эргэн тойронд ихээхэн эсэргүүцэлтэй тулав. Олон тролл ажиллуулсан сонгуулийн үеэс одоо бодит байдал ялгаатай байх нь ойлгомжтой.

- Засгийн газрын мөрийн хөтөлбөр шиг Ерөнхийлөгчийн сонгуулийн амлалтуудаа хэрхэн биелүүлэх вэ? Үе үеийн Ерөнхийлөгч бэлгэдлийн шинжтэй гэсэн атлаа бүх ард түмнээс сонгогдсон хүчирхэг зүй ёсоо хэтрүүлэн ашиглаж байв. Тэр ч байтугай АТГ, Шүүх зэрэг байгууллагыг өөрийн атгаг зорилгодоо хэрэглэсээр ирсэн юм.

Энэ удаагийн Ерөнхийлөгчийн хувьд хуулиараа энэ нь боломжгүй болсон ч Үндэсний Аюулгүй байдлын зөвлөл гэж юуг ч хамаагүй шийдэж байдаг, юунд ч хамаагүй оролцож байдаг, ярилцсан хэлэлцсэн нь нууцлагддаг сүрхий институт бий. Үүнийг сав л хийвэл ашиглах болов уу. ҮАБЗ далдын хар малгай болж, Ерөнхийлөгчийн хувьд ЗГ-ыг далдаас удирдах хэрэгсэл болох биз. Ерөнхийлөгчийн улс төр энд л төвлөрөх болов уу. Үндсэн хуулийн манаач болох Цэц, судлаачид, хуульчид, УИХ-ын гишүүд Ерөнхийлөгчийг Үндсэн хуулиа сахин биелүүлж буй эсэхийг маш сайн хянах л үлдлээ.