Миний сурсан Киото хотод Камогава хэмээх гол урсдаг байв. Зурагт байгаа шиг эрэг газар нь ногоороод, сакүра дэлгэрээд, тунгалаг гол хоржигнон урсаж, хүмүүс тайван салхилдаг газар байлаа. Улаанбаатар хотын дундуур өнөөдөр Сэлбэ гол, Дунд гол, Туул гол урсана. Хог ихтэй, бохир заваан нь нүд халтирам. Гол хогоор дүүрч, булингартан бохирдож, өмхий самхай үнэр тавьдаг бол тэр хотын соёл, хүн зоны сэтгэлгээний хэмжээг харуулна. Сэлбэ голыг зуны 8-р сард жил бүр Шинэ Монгол сургуулийн ахлахын сурагчидтайгаа цэвэрлэдэг байлаа. Жилийн жилд портер дүүрэн хог гарна. Нэг жил бүр үхсэн нохойг хүүхдүүдтэйгээ цуг зайлуулж байлаа. Гол цэвэрлэж үзсэн хүн өөрөө хэзээ ч хог хаяхгүй болж хүмүүждэг юм билээ.

Улаанбаатарчууд бид жил бүр нийтээрээ эдгээр голоо цэвэрлэж, тэдгээрт цутгах бохирын асуудлыг шийдвэл нийслэл хот дотроо олон цэцэрлэгт хүрээлэнг байгалийнх төрх, ландшафтаар нь байгуулах бүрэн боломжтой. Байгалиараа ургасан мод бутыг нь тордоод, хогийг нь цэвэрлэчихвэл олон ч хүүхдийн байгальд ойр өсөж торних, тоглох боломж нөхцөл бүрдэнэ.

Одоо урин дулааны цаг. Ээлжийн амралтын аваад ихэнх хүн хөдөө гадаа явна. Хотоос гарахад л үнэртдэг цэвэрлэх байгууламж, зам дагуух хог, үхсэн амьтны сэг, голын хаяанд ирэхэд түрүүчийн хүмүүсийн аялсан ул мөр. Ул мөргүй аялцгаая. Галаа унтрааж, хогоо түүгээд, байгаль эхээ хүндэтгээд буцах нь илтэд сайн чанар мөн. Хэрэв та хогоо хаявал таныг даган дуурайх бяцхан үрс бий. Бид юу хийнэ, тэд яг л түүнийг хийнэ.  

Хятадад цэвэрлэх байгууламжийн лагийг газар тариалангийн бордоо болгодог технологи байна. Япон, Солонгост саарал усыг хэд дахин эргүүлсэн ч эрүүл ахуйн шаардлага хангадаг туршлага байна. Сингапурт голыг цэвэрлэсэн, ус цуглуулах талбай бий болгосон, далайн усыг давсгүйжүүлсэн эрдэм байна. Бид суралцъя, хэрэгжүүлье. Ойроосоо суралцъя. Байгаль орчны ногоон гадаадын хөрөнгө оруулалт, иргэдийн оролцоог дэмжье.