1992 оны Үндсэн хуульд монголчууд бидний үнэ цэнэ, бахархал, хүсэл, зарчим, философи шингэсэн гэж би боддог. Энэхүү үндсэн хуулийн Монгол Улсын ардчилал, тусгаар тогтнолд оруулсан хувь нэмэр үнэхээр их. Уг хуульд дараах нэмэлт өөрчлөлтийг оруулах тухай улс төрийн намууд өнөөдөр ярилцав. Үүнийг би хувь хүний хувьд ч 100 хувь дэмжиж байгаа. Бас нодлин жил яг өдийд лайваараа доорх асуудлыг ч ярьж байжээ.

1. Сонгуулийн хувь тэнцүүлсэн тогтолцоог нэвтрүүлсэн холимог тогтолцоог хүлээн зөвшөөрөх зохицуулалтыг оруулах. Эс тэгвэл нэг хүчтэй намын олонхийн дарангуйлал Монголын ардчиллын бэхжилтэд ч хортой.

2. Үндсэн хуулийг 1992 онд батлах үед хүн ам 2 сая байсан. Одоо 3.4 сая. 76 гишүүнтэй өнөөгийн гишүүний тоог 150 хүртэл нэмэгдүүлэх шаардлагатай. Төлөөллийн зарчмыг хангах үүднээс энэ нь ойлгомжтой.

3. УИХ-ын гишүүд нэмэгдсэнээр Засгийн газрын гишүүнийг давхар гүйцэтгэсэн ч парламентийн хяналтын хүч сулрахгүй, хууль чанаржих сайн талтай. Ер нь Үндсэн хуульд тодорхой тоо заахгүй байсан нь дээр. Сонгодог ёсондоо бол Засгийн газар парламентаасаа төрдөг. Энэ утгаараа сайд нар ч сонгогчдын сонголт буюу сонгуульд өрсөлдөж, парламентийн гишүүн болж мандатаа авсан байх ёстой. Энэ бол Англи, Япон зэрэг орнуудын парламентийн засаглалын ёс.

4. Ерөнхийлөгч хэмээх институцийг парламентаас эсвэл парламентийн өргөтгөсөн хүчнээс төрүүлдэг байх зарчмыг хуульчлах. Өнөөдрийг хүртэл Ерөнхийлөгч ард түмнээсээ сонгогддог байсан нь түүний легитим чанарыг хүчжүүлж, УИХ, Засгийн газрыг сулруулж, засаглалын хямралд улс орныг хүргэж ирсэн гашуун туршлага бидэнд байна.