Монгол Улс, ОХУ-ын Ерөнхийлөгч нар Москва хотноо 12-р сарын 16-нд уулзаж, хамтарсан тунхаглал (Communique буюу коммунике. Оролцогч талууд ижил байр суурьтай байгаагаа илэрхийлсэн дипломат баримт бичгийн нэг хэлбэр. Уг нь “тунхаглал” гэхийг зүгээр л “тунхаг” гэчихмээр. Нэгэнт тогтсон хэллэг юм даа) гаргав. Хамтарсан тунхаглалаас анхаарал татсан ганц өгүүлбэрийг өөрийн хувийн өнцгөөс задлан шинжилье. Цаашдаа зав гарвал өөр өгүүлбэрүүдийг ч бичээд явна аа. “…Талууд Халх голын байлдаан, Аугаа их Эх орны дайн болон Дэлхийн хоёрдугаар дайнд байгуулсан ялалтад зориулсан хамтарсан арга хэмжээ зохион байгуулах, эдгээр үйл явдлыг судлах, дурсгалыг нь мөнхжүүлэх санаачилгуудыг дэмжиж, түүхийг гуйвуулах, нацизмыг алдаршуулах явдал гаргахгүй байх арга хэмжээ авна…” гэсэн өгүүлбэр явж байна. Үүнээс “түүхийг гуйвуулах” гэж юуг хэлж байна вэ? Путин энэ санаагаа Ши Жиньпинтэй уулзахдаа ч баталгаажуулж авсан, бусад хөрш орнууддаа ч энэ асуудлыг хөндөн тавьж, хүлээн зөвшөөрүүлдэг. Ерөөсөө дэлхийн II дайныг тойрсон асуудал юм. Өрнийн түүхчид уг асуудалд өөрөөр ханддаг. Дэлхийн II дайныг өдөөсөн гол буруутан хэн бэ? Энэ бол Версалийн гэрээний тогтолцоог нураах гэсэн нацист Герман төдийгүй ЗХУ-ын удирдагч Сталиныг тэд хамтад нь буруутгадаг юм. Халхын голын дайнаар Японы Квантуны армийг буулгаж авсан ЗХУ 1939 оны 9-р сарын 17-нд Гитлерийн Германы хамтаар Польшид халдсан нь дэлхийн II дайныг эхлүүлэхэд хүрсэн юм. Энэ явдлын дараа 1939 оны 8-р сарын 23-нд ЗХУ, Германы хооронд байгуулсан гэрээ буюу Молотов Риббентропын харилцан үл довтлох гэрээг Гитлер дангаараа цуцалж, 1941 оны 6-р сарын 22-нд ЗХУ-д халдан довтолсон байдаг. Эндээс хамтарсан тунхагт дурдсан Аугаа их Эх орны дайн эхэлнэ. Нацизмыг нугаслахад ЗХУ-ын гүйцэтгэсэн үүргийг бид сайн мэднэ.  Гэхдээ Молотов Риббентропын гэрээнд оросууд одоо ч эмзэг ханддаг. “Түүхийг гуйвуулах” гэдэг нь энэ хэсгийг хэлээд байна уу?