Эдгэлээ. Өчигдрөөс эхлээд сөрөг гарав. Тийм ч уддаггүй юм байна. Омикроны халдварлах чадвар өндөр ч дельта хувилбартай харьцуулахад хүндрэлт нь 10 дахин бага байгаа тухай сая Японы NHK тв-ээр мэдээлэв. Гэхдээ энэ бол аюултай цар тахал. Настай, суурь өвчтэй хүмүүст хүнд тусдаг учир халдвар хамгааллын дэглэмийг сайтар барих нь зүй. Цар тахлын үеэр улс орон бүрийн онцлог харагдаж байна шүү.

Япон хилээ хаагаад бараг 2 сар боллоо. Хилээ нээ гэж ДЭМБ хэлээд ч, Америкийн судлаачид шаардаад ч нээсэнгүй. Япончууд дундад зуунд Эдогийн үед 250 жил хилээ хаасан улс. Хаалттай, өөртөө тулгуурласан ийм чанар нь энэ улсыг хөгжүүлсэн дээ. 20-р зууны эдийн засгийн үсрэнгүй хөгжил нь гадаадын хөрөнгө оруулалтад дулдуйгаагүй, өөрийн үйлдвэрлэл, боловсролтой чадварлаг иргэдээ л түшсэнээр бий болсон. Шинкансэн хэмээх гайхамшигт хурдан галт тэргийг Дэлхийн банкнаас зээл авч  бүтээсэн нь л цорын ганц томоохон гадны хөрөнгө оруулалт байсан байх. Энэ төслийг Дэлхийн банкны хамгийн амжилттай хэрэгжсэн төсөл гэдэг юм билээ.  

Израйль улс хүн амаа хамгийн түрүүнд вакцинжуулж, хамгийн түрүүнд 4-р тун руу орж, хамгийн түрүүнд 4-р тун үр дүн муутай байгааг зарлав. Еврейчүүд айхтар. Африкт вакцинжиж чадаагүй улс орон олон байхад нөөцөө битгий 3, 4-р тунд хэрэглээч ээ гэж ДЭМБ анхааруулаад л байхад Израйль хамгийн түрүүнд 3-р тун руу орсон. Амиа бодсон гэхэд хаашаа ч юм, ер нь үндэсний эрх ашиг эрхэм дээд гэдгийг еврейчүүд харуулав. Израйль ер нь эргэлзэж тээнэгэлздэггүй улс л даа, 1960-аад онд Арабын орнуудтай дайтсан, Мюнхений олимпийн дараа тагнуулын байгууллага нь алуурчдыг мөшгиж устгасан, Ираны цөмийн реактор руу шууд л пуужин харваж орхисон, цөмийн энергийн иран эрдэмтнийг хиймэл оюун ухаан ашиглан машинд нь эхнэрийнх нь дэргэд буудан хороосон гээд л.

Тайвань IT ашиглан халдвар хамгааллын дэглэмийг хамгийн сайн сахиулсан улсаар шалгарав. Цахим хөгжлийн яамных нь сайд 20 хэдтэй бүсгүй дэлхийд од болсон доо. Бүх шийдэл нь их энгийн атлаа ухаалаг. Нүсэр бус төсөр улсууд юм, энэ тайваньчууд. Гэсэн атлаа одоо болтол ханз үсгээ хялбарчлаагүй хувилбараар нь бичдэг гэж байгаа. Тайваньчуудад Хятад вакцин өгөхгүй гэхэд япончууд хамгийн түрүүнд файзераасаа илүүчилсэн. Тайванийг япончууд 50 жил колоничлохдоо орчин үеийн хөгжилтэй улс болгосон болохоор япончуудад Тайвань элэгтэй ханддаг юм шиг санагддаг. 1950 онд Мао Зедун Тайваньд цэрэг оруулахад хуучин Квантуны армийн нэг генерал нууцаар Тайваньд очиж, армийг нь удирдаж, Хятадын найман замын цэргийг салам цохиж байсан түүхтэй. Тайваний асуудлыг би Украйны асуудалтай холбож хараад байгаа. Орос тэнд хөдөлбөл, Хятад Тайвань уруу цэрэг хөдөлгөх магадлалтай. Бичээд байвал хөврөхөөр байна. Түр зогсооё.