Англи. Капитализмын өлгий, нэгэн цагт дэлхийн хамгийн хүчирхэг гүрэн байсан энэ улс цар тахлын эхэн үед сүргийн дархлаа тогтоох бодлого барьснаараа ноцтой байдалд орсон. Вакцин гараагүй, хүн ам нь вакцинжаагүй үед энэ алдаа байжээ гэж би боддог. Харин одоо бол омикроныг “хаях” бодлогыг хэрэгжүүлж эхэллээ. Элдэв хязгаарлалт тогтоолгүй хэвийн амьдралдаа орно гэсэн үг. Англичууд хүн амаа маш хурдан вакцинжуулсан улсын нэг. Вакцин тарих сургалтыг сайн дурынханд хийж, сувилагч, эмнэлгийн ажилтан биш хүмүүс ч энд тэндгүй тарьж байв. Гэртээ суугаа хүн үнэгүй такси дуудаж, гэрийн ойролцоох вакцинжуулалтын газарт хүргүүлнэ. Машин дотор нь ч тарьж байсан. Таксины төлбөрийг төрөөс хариуцсан учир хөл хорионд орж орлогоо алдсан таксины жолооч нар дуртайяа хүнээ зөөж байгааг олон улсын мэдээгээр харж байлаа. Англичууд шинэлэг, төсөрхөн, зоригтой алхмыг хийж чаддаг үндэстэн бололтой. Европын холбооноос гарчхаж л байна, Украйн руу зэвсэг нийлүүлчхэж л байна, Японтой хамтарсан тэнгисийн цэргийн сургууль хийчхэж л байна, Хятадаас парламентад нь шургалсан тагнуулыг олоод барьчхаж л байна. Харин Хятадын тал англичуудыг “Жэймс Бонд 007-гоо бага үз” гэсэн хариу барьсан байна лээ. Егөж байгаа юм шүү.

Их гүрнийг газар нутаг, хүн ам, эдийн засгийн хэмжээ, цэрэг зэвсэг гэсэн 4 шалгуур үзүүлэлтээр авч үздэг. Энэ дөрвийг хангаж байгаа их гүрэн бол Хятад. Дэлхийн 2 дахь эдийн засаг. НҮБ-д төлдөг татварын хэмжээ нь ч АНУ-ын дараа 2-рт ордог. Сансрын технологиороо ч Америктай өрсөлдөхүйц хэмжээнд хүрч, саран дээр хиймэл дагуулаа буулгасан. Одоо хүн илгээнэ гэж байгаа. Үхань хотын лабораториос ковидын вирусыг алдсан гэдэг нь бараг үнэн байх. Трамп ковидыг “хятад вирус” гэж цоллож, Байден тагнуулын албандаа үүрэг өгч уг асуудлыг судлуулж байв. Тайлан нь гарсан байсан. Яг ч алдсан гээгүй, бас ч үгүйсгээгүй байна лээ. Би хар ухаандаа, Америк, Хятадын судлаачид хамтарсан төсөл хэрэгжүүлж байгаад л санамсаргүй алдчихсан байх гэж харддаг. Хятад бол авторитар дэглэмээс нэг хүний дарангуйлал руу эргэлт буцалтгүй орж байгаа улс. Уйгур, Түвэд, Өвөр Монгол гээд улсын доторх хэл бичиг үсэг ондоотой ард түмний соёлыг хань үндэстний соёлд уусгах хүчтэй бодлогыг хэрэгжүүлж эхлэв. Эх хэлээрээ хүүхдүүдээ сургаж чадахаа больсон Өвөр Монголын элэг нэгтнүүдээ бодохоор цээжний угаас харуусал төрсөөр байдаг юм. Бээжингийн олимпод оролцох тамирчид Хятадад ирчхээд хүний эрхийн асуудлаар дуугарах л юм бол олимпизмын үзэл санаанд харш үйлдэл хийсэн гэж үзээд хөөнө ч гэх шиг. Хятад улсын прагматизм улам л хумигдсаар байна.

Хятадын коммунист нам хот хотоор нь хааж, “Тэг халдвар” гэсэн бодлогоо одоо ч барьсаар. Энэ нь хил залгаа оршиж, Хятадтай арилжаа наймаа, тээвэр ложистикийн хувьд хараат оршдог Монгол мэт улсад том цохилт болж байна. Сигийн Засгийн газар энэ бодлогоо үргэлжлүүлсээр байвал өөрсдөө эдийн засгийн том цохилтод орох магадлалтай. Одоо зах зухаасаа цухуйж л байна. Хэн ч нүүж ороогүй хорооллууд, үл хөдлөх хөрөнгийн томоохон компанийн дампуурлууд гээд л. Харин Хятад бол коронагийн вакциныг түрүүлж бүтээсэн улсын нэг бөгөөд вакцинаараа дипломатын нөлөөгөө нэлээд тэлээд авсан. Ялангуяа Африк руу. Нодлин нэгдүгээр сард Америк вакцины экспортыг зогсоож хүн амаа эрчимтэй вакцинжуулж байхад, Хятад л вероцеллээ дэлхийд, түүний дотор Африк руу түлхүү нийлүүлж байв. Энэ бол Америкийн орон зайг эзлэх гэсэн дипломат бодлого. Бас нэг жишээ хэлэхэд, Трампын Америк уур амьсгалын өөрчлөлтийн хэлэлцээрт нэгдэхгүй гэдгээ зарлахад Хятадын уур амьсгалын өөрчлөлтийн гадаад бодлого дээд цэгтээ хүртлээ идэвхижсэн. Америк хаана суларна, тэнд Хятад орон зайгаа тэлнэ. Нэг туйлт гадаад харилцаа өнөөдөр нэгэнт задарч хоёр туйлт, магадгүй олон туйлт болж эхэллээ. Их гүрнүүдийн толхилцоод байвал манайх шиг бага буурай оронд муу. Үхань өнөөдөр Си Зиньпингийн бодлого хичнээн зөв байсныг харуулах ёстой үзүүлэн, үзэл суртал болж хувирав. Үхань хотод болсон үйл явдлыг харуулсан үзэл суртлын кинонуудыг дор нь үйлдвэрлэснээс ганц нэг нь манай телевизүүдээр гарсан билээ. Си Жиньпингийн дарангуйлалд корона үнэлж баршгүй хувь нэмрээ оруулсан гэж хэлж болно. Харин ядуурлыг бууруулахад Хятад улсын гаргасан хүчин чармайлт, амжилтыг би үнэлдэг. Үүнээс сурах юм их бий.