Нэгэн залуу хөвүүн бэлчээр гүү саагаад сууж байтал, шарга морьтой үеийн бололтой нэг залуу хөвүүн ирж, "Найман морио алдчихлаа, үүгээр хулгай тууж яваагүй биз?" гэж асуув. Адууны хулгай байнга гардаг амар тайвангүй ороо бусгаа цаг. Залуу “Үүгээр өнгөрсөн, хоёул нийлж мөр мөшгөе” гээд саасан сүүгээ хээр тавиад шууд мордов. Хулгайчдыг мөрдөж яваа залуу санаа нь зовнин “Гэрийнхэндээ хэлэхгүй юм уу?” гэхэд “Хулгайчид цаг мөч бүрээр холдож байгаа, хоёул даруй хөөе” гэв. Хулгайчдаа ч олов. Харвалцах болоход адуугаа алдсан залуу “Анд чи хойшоо бай, би харвалдана” гэхэд өнөөх нь алхам ч холдолгүй мөр зэрэгцэн хулгайчидтай байлдаж адууг нь хураалцав. Хоёр залууг ирэхэд баян эцэг нь уйлчихсан “Хэд хоног хаашаа явчихдаг юм. Алга болчихоор чинь санаа зовнилоо” гэв. Энэ бол Монголын нууц товчоонд гардаг нэг яриа. Тэмүжин Боорчи хоёрын анд бололцсон түүх ийм. Гадаадад байгаа залууст хэлэхэд, Боорчи шиг "орхиод" шууд хүрээд ир. Зарим хэрэгт гал мэт дүрэлзэж, заримд нь уул мэт дүнхий гэдэг дээ. Хээр сүүгээ орхиод их үйл хэрэгт шунган оролцох зориг зүрх, гал эрмэлзэл зарим залууст дутаж байна уу даа. Цаг нь болсон гэж бодвол шууд л үйлдэл болго. Хүн нэг л эх оронтой, цар тахлын хүнд бэрх энэ үед чадварлаг хүний нөөц нийгмийг авч явна.