Тэгшмаа (Khutgur Tegshmaa), Батмөнх (Batmunkh Ayursed) багш нартайгаа өнгөрсөн онд дүүргийн багш нарын шатрын тэмцээнд оролцох үеийн зураг. Би шатарт маруухан ч, өрөг ойлгодог. 2017 оны 11-р сард сургуулийнхаа багш нартай тоглосон тэмцээний талаар бичсэн тэмдэглэлээ саяхан дахин уншив. Хуваалцмаар санагдаад... Шатар сайхан амралт шүү. Амралтад тань дусал нэмэр болог...

“...Миний эхний учраа Батмөнх багш. Батмөнх багш ноёны гамбитаар гардаг. Түүнийгээ ч гоё хийнэ. Гамбит гэдэг нь өгөөш гэсэн үг. Эхний хоёр нүүдэл дотроо хүүгээ сул хаяж өгөөд байрлалын давуу байдал үүсгээд салам довтлоод байна гэсэн үг л дээ. Би ч дотроо ер нь ноёны гамбитын эсрэг нэлээд нүүдэл бодоод сэхээ өгөлгүй довтолъё л гэж саналаа. Өргийн дунд хэсэг хүртэл овоо дайрав. Нэг хүү авлаа, тэргийг нь тэмээгээрээ авчихлаа. Давуу байдал ч гараад ирлээ. Санаа амраад суутал бурууддаг байгаа. Батмөнх багш хэцүү. Сэхээ өгвөл сөрөг довтолно. Яах ийхийн зуургүй миний хүүний шугамыг сэт цохиод ороод ирэв. Төгсгөл ойлгомжтой. Миний царай барайгаад, Батмөнх багшийнх туяараад. Шаралхаад тэмцээнд хамааралгүй ганц үзчихье гэсэн чинь "Дараа жил" гэнэм. Хэцүү хүн шүү.

Дараагийн учраа дээд сургуулийн Баттөгс. Шууд бэрсний гамбитаар гардаг юм байна. Тогтсон нүүдэл, тогтсон шугамуудыг ер нь эзлээд байна шүү. Шатрын онол мэддэг бололтой. Би ямар сайн мэдэх биш. Гэхдээ л сийрэг үзлээ. Намайг бэрсний жигүүр рүү сэлгэнэ гэж тооцоод буй бололтой хүчээ тийш нь л чиглүүлээд байна. Би ч боломж гармагц ноёны жигүүр рүү сэлгэв. "Хөөх, тийш нь сэлгэчихэв үү" гээд цочирдож байна. Наранбаяр аа, довтлох цаг ирлээ. Би ч сэлгэж амжилгүй төвд үлдсэн ноёныг нь салам цохих тусгай цохилтоо шууд л эхлүүлэв. Ар араасаа усны урсгал мэт хүч түрэн орох миний хүү, морь, тэмээ, бэрс үгүй мөн кайфтайяа. Зарим хэрэгт уул мэт дүнхийж зарим хэрэгт ус мэт урсах хэрэгтэй. Ингээд л өрсөлдөгчөө буулгаад авлаа. Энэ өдөр Цэндсүрэн багшийн гавьяатын найранд уригдаад байсан юм. Гарч яваад найранд очоод эргээд сургуульдаа ирэхэд 20 цаг өнгөрч байна. Түвшинбаяр аварга бэлтгэл ангийнханд сайхан яриа хийгээд яваад өгчээ. Утсаар талархсанаа илэрхийлээд шатрын өрөө рүү. Дараагийн өрсөлдөгч Галаа багш. Галаа багш уран тоглолттой, их хурц нүүдэг. Бэрсний гамбитыг төгс хийнэ. Дотроо жийрхэв. Гэхдээ гаднаа тэгэхгүй шүү дээ. Итгэл төгс орлоо. Шодтол хар талыг авах болчихов. Шатарт эхний нүүдлийг хийх нь ер нь давуу талыг эхэн үед олгочих гээд байдаг талтай. Галаа багш ч бэрсний гамбитаа хийлээ. Бодууд нь хөллөгөөгөө олоод ер нь л төгс. Мачийлаа. Сөрөг довтлох гэж үзэв. Гэтэл төв дээрээ хяналтаа алдсан болохоор болсонгүй. Галаа багш миний төвийг задлаад дараа нь бэрсний жигүүрээр жадны үзүүрээ оруулаад ирэв. Хүчээ хуримтлуулан довтолгоог нэг удаа зогсоосон ч нэмэр болсонгүй ээ. Хүү гэдэг бамбай жад л гэсэн үг. Гэтэл хүүний гинжин хэлхээгээ алдаж, цэргийн тоо ч дутмаг болсон тул хийгүй тоглодог Галаа багшид ялагдах цаг ирэв. Гишгидэл алдчихаасай, хий гаргачихаасай гээд хэсэг үзлээ. Даанч болсонгүй. Хожигдов. Гэхдээ их гоё тоглолт боллоо. Тэгшмаа багш дэргэд харж суугаад тэгж хэлсэн болохоор тийм л байсан байж таараа. Би ч өөрөө хожигдсон атлаа хөөрчихсөн суусан юм шүү.

Сүүлчийн учраа Коосэнгийн Энхбаатар багш. Эвгүй нүүдэг хүн. Энэ өдөр Энхбаатар багш Галаа багшийг хожчихсон байсан юм. Цагаа харлаа 22:30. За байз ядарсан байж мэднэ, түүн дээр нь л дайрчихъя гэж бодлоо. Цаад тал итали гараагаар эхлэв. Энэ бол шатрын сонгодог гараа. Ноёны жигүүрийн эмзэг цэг рүү дайрдаг болохоор өрөг эхнээсээ л ширүүснэ. Би хоёр морио эхлээд гаргадаг орос гараагаар хариу барив. Энэ бол яах гээд байгаа нь мэдэгддэггүй битүү гараа юм. Цаад талдаа энэ ер нь яах гэж байна гэсэн түгшүүрийг байнга төрүүлнэ. Намайг хурдан хурдан, шийдвэр төгс нүүгээд байхаар жаахан барьц алдаад эхлэх шиг санагдав. Наранбаяр минь, бүр хурдан, бүр итгэл төгс, бүр хүчтэй довтол. Миний довтолгоо эхлэв. Ноёны богинын сэлгээнд гаргачихлаа. Төвийн шугам аюулгүй. Айлын тал бэрсээ миний ноёны жигүүрт гүнзгий оруулчихлаа. Энэ бол тун эрсдэлтэй нүүдэл. Би ч хоёр тэмээ, нэг морь, хэдэн хүүгээрээ бэрсийг дор нь бариад эд бад хийв. Аргагүй л сайн нүүдэг багш юм. Энэ хүртлээ бас хэд хэдэн хурц нүүдэл хийж байна. Бүр хүчтэй довтол. Энхбаатар багш бууж өглөө.  Энэ өдөр хоёр хожигдож, хоёр хожив. Гэхдээ их гоё аз жаргалтай харилаа. 23:30 болж байна. Шатрын өрөөнд манайхан бүгд байцгаагаад инээлдээд л, тоглоод л. Одоо ч нүдэнд харагдана. Хэдэн хүн цайны аягаа мартсан харагдана лээ шүү. Өнөөдөр лав тийм байна лээ.”