🔰

”Орос орон минь чи хаашаа явна вэ?" Энэ бол Украйнд төрж өссөн Оросын алдарт зохиолч Гоголийн (1809-1852) шүлгийн нэгэн мөр. Орос Улс 1991 онд тусгаар тогтнож, олон улсаар хүлээн зөвшөөрүүлсэн НҮБ-ын гишүүн Украйнд халдан довтлов. Энэ бол 1945 оноос хойш тогтсон НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн тогтолцоог эвдсэн хэрэг боллоо. Нэг үгээр хэлбэл, өнөөгийн олон улсын тогтолцоо, дэглэмийг сууриар нь ганхуулсан үйл явдал.

🔰

Украйн бол түүх, хэл, соёлын хувьд Оростой язгуур нэг ард түмэн. Тэд бас хоёул үнэн алдартны шашинтай. Эртний Оросын түүх Киевийн вант улсаас эхэлдэг. Гэвч тэд хоорондоо орондоо орох завгүй байлдаж, печенег, хазара зэрэг нүүдэлчин аймгуудын байнгын довтолгоонд өртсөөр улс гэхээр улс болж чадсангүй. “Игорийн хорооны цэрэглэсэн тууж” бол энэ үеийн түүхийг өгүүлсэн туурь. Их Монголын эзэнт гүрний үед бидний өвөг дээдэс тэднийг нэгтгэн өгч Украйн, оросуудыг улс шиг улс болгосон түүхтэй. Хожим Монголын хаадын ивээлд багтсан Москвагийн вант улс хүчирхэгжиж, Украйныг бүхэлд нь өөртөө нэгтгэсний дараа польш, шведүүд хүчирхэгжин Украйныг өөртөө авч, түүний дараа Их Петрийн үед хүчирхэгжсэн Орос өөртөө нэгтгэж, дахиад Польш, Монголын эзэнт гүрний үр хойч Татар, Турк зэрэг хүчирхэг гүрнүүдийн эрхшээлийг дамжсаар иржээ. Харин Украйны атаман козакууд Богдан Хмельницкийн удирдлагаар Польшийн эсрэг бослого гаргаж тусгаар тогтнолоо олоод 1654 онд Оросын царь хааны өмгөөлөлд орж, 1764 оноос Оросын эзэнт гүрний нэг хэсэг болжээ. Энэ үеэс монголчууд украйны козак цэргүүдийг хөхөл гэзэгтэн буюу хохоолууд гэж нэрлэх болжээ. Туркийн султанд захидал илгээж байгаа хохоолуудыг дүрсэлсэн Репиний алдарт зургийг доор нийтлэв.

🔰

1917 оны хувьсгалаас хойш Украйн нь ЗХУ-ын бүрэлдэхүүнд багтаж, фашизмын эсрэг тулалдан дэлхийн 2-р дайны баатарлаг түүхийг бүтээсэн ард түмэн юм. 8 сая иргэн нь фашистуудтай тэмцэх дайнд амь насаа алдсан, Сталины хэлмэгдүүлэлт, комунист хамтралын бодлогын улмаас хэдэн зуун мянган хүн нь өлсгөлөнгөөр өөд болсон гэх мэт Оросын ард түмэнтэй хамт нийтлэг зовлонг туулжээ.

🔰

Гэвч Оросын Ерөнхийлөгч Путин Украйныг неонацистууд гэж яагаад буруушаах болов? Украйн 1991 онд тусгаар тогтносноосоо хойш Оростой харилцаагаа яагаад хүйтрүүлэв? НАТО, Европын холбоо гэх мэт өрнө дахинд ойртох бодлого явуулсан, цэрэг зэвсгийн хамтын ажиллагаагаа нягтруулсан нь Орост цэргээ оруулах, цэрэг дайны ажиллагаагаа зөвтгөх шалтгийг олгосон гэж дүгнэхэд хилсдэхгүй. Украйн мөн 1991 онд тусгаар тогтносноосоо хойш сайн засаглал, авлигагүй орчныг бий болгоход алдсаар ирсэн улс. Мөн гадаад бодлогодоо төвийг сахих, хэзээ ч өнгөлзөж мэдэх ОХУ, өрнө дахин гэсэн хоёр том хүчийг тэнцвэржүүлэх гадаад бодлогыг хөтлөн явуулж чадсангүй.

🔰

Бидний хувьд ямар сургамж байна вэ? Орос, Хятад хэмээх хоёр том хөрштэй хиллэдэгийн хувьд монголчууд бид олон тулгуурт гадаад бодлогын зарчимд тулгуурлан төвийг сахиж, энхтайвныг эрхэмлэсэн байр сууриа тууштай барих нь чухал. Мөн Украйны алдааг давтахгүйн тулд авлигатайгаа тууштай тэмцэж, эдийн засгийн өсөлтийг энгийн иргэддээ хүргэж, чинээлэг дундаж ангитай, ардчиллын үнэт зүйлийг бат хадгалах шаардлагатай байна. Тийм л учраас авлигын эсрэг шийдвэртэй алхам, улс төрийн дэвшилтэт шинэчлэл хэрэгтэй байна.