Нам муухай, нам болохоор чинь жагсаалд очсонгүй л гэх юм. Ийм хүмүүст хариу барьж бүтээлч хэлэлцүүлэг өрнүүлэх нь зүй.

1910-аад онд Хүрээний нууц бүлгэм байгуулагдахад “Нам нийлж, сэм хуйвалдах” гэсэн үгнээс улс төрийн хүчин болох НАМ гэдэг үг үүссэн гэдэг. Тухайн үед хятад хэлээр дамжин монгол хэлнээ нийгэм, улс төрийн нэр томъёо орчуулагдан орж ирж байсан.  “党 (дан)” гэдэг үсэг ийм утга агуулдаг. Ингээд орчуулчихаар “нам” гэдэг үг нууц хуйвалдаан байдлаар ойлгогдож, түүний нийгэмд гүйцэтгэх чухал үүргийг бүдэгрүүлэн гуйвуулахад хүргэжээ. Намаар дамжин төрийн захиргааны албаны эрх мэдэлд хууль бусаар хүрч самардаг үзэгдлийг “цүнх баригч” гэж тодорхойлдог болж байх шиг.

Санаа сайхан байж болно, санааг санал болгож, бодлого болгон хэрэгжүүлэх нь нам хэмээх улс төрийн байгууллага, төрийн алба хэмээх мэргэжлийн байгууллагын хамтын ажиллагаа юм. Нэг нь зүй ёс буюу легитим чанараа санал хураалтаар сонгогдож олдог бол нөгөөх нь төрийн албаны шалгалтаар дамжин засаглах эрхийг олж авдаг.

Намгүй болчихъё. Бодоод үз дээ. Төрийн эрхийг хууль ёсоор авч, сонгогчид ард түмний дуу хоолойг бодлого болгон хэрэгжүүлдэг мэргэжлийн улс төрийн хүчингүй бол яах вэ? Төлөөллийн ардчилал оршин тогтнох л юм бол нам зайлшгүй оршино. Жорлон өмхий байж болно. Өмхий гээд цэрвээд байвал өмхий самхай нь улам нэмэгдэнэ. Ороод янзалъя. Цэвэрлэе.