🟡

”Орон нутгийн удирдлага бол ардчиллын сургууль” гэж алдарт Токвилл нэгэнтээ хэлжээ. Нутгийн иргэд заримдаа шууд, заримдаа дам аргаар засаглахад оролцдог, саналаа өгч асуудлаа шийдвэрлэдэг болохоор Токвилл 19-р зууны эхэн хагаст Америкаар явахдаа ингэж бичиж байжээ. Монголд ч гэсэн эртний Грект оргилдоо хүрч хөгжсөн шууд ардчиллын элемент байдаг. Энэ бол Иргэдийн нийтийн Хурал. Хорооны ИНХ-ын тэргүүлэгчдийг сонгож, засаг даргаа сонгоно. Бас Орон нутгийн хөгжлийн сангаар хийх бүтээн байгуулалтууд. Иргэдийн оролцоо угаас сул тул энэ хоёр элемент ихээхэн хэлбэрдэж, бас зохион байгуулалттай сонгууль үймүүлэгч, том намын дэглэлттэй жүжигт баригдаж ирсэн нь нууц биш. Орон нутагт шууд ардчилал манайд утгаараа хэрэгжсэн нь 1921-1923 оны зурвасхан үе байсныг судлаач нар тэмдэглэдэг.

🟡

Төв засгийн газартай харьцахдаа Нийслэл нь орон нутаг, Нийслэлтэй харьцахдаа дүүрэг нь орон нутаг, Дүүрэгтэй харьцахдаа хороо нь орон нутаг болно. Орон нутаг төвтэйгээ харьцах нь ашиг сонирхлын огтлолцол дээр оршдог. Төв засгийн газар Орон нутгийн санхүүгийн хариуцлагагүй, чадваргүй, төлөвлөлтгүй байдал, жижиг улс төржилтийг шүүмжлэн төсвийн эрх, төрийн үйлчилгээг өөр дээрээ татан төвлөрүүлэхийг зорьдог бол (2000-2012 онд Нэгдсэн төсвийн хуулиар орон нутгийг ёстой жижигрүүлсэн дээ) орон нутаг түвшин түвшиндээ аль болох төсвийн эрх мэдлийг нэмэгдүүлэхийг зорьдог. Хороонд харин бие даасан төсөв байхгүй, данс ч байхгүй. Хорооны Засаг даргыг ИНХ-ын саналд үндэслэн Дүүргийн ЗД томилно. Хорооны ЗД-ын доор улсын бүртгэгч, нийгмийн ажилтан, зохион байгуулагч гэсэн орон тооны хүмүүсээс гадна хэсгийн ахлагч нар гэж гэрээгээр ажилладаг 10-аад хүн ажиллана. Нийслэлийн нэг хороонд үндсэн болоод гэрээтэй ажилтан гэхээр 20 гаруй хүн ажиллана. Тэд төрийн чиг үүргийг хороонд гүйцэтгэнэ. Нийслэлд өнөөдөр 172 хороо байна.

🟡

Тэгвэл төрийн чиг үүрэг юу вэ? Эмнэлэг, цагдаа, сургууль бол голлох чиг үүрэг нь. Эдгээр нь бүгд босоо бүтэцтэй, яамд шууд энэ гурван чиг үүргийг хэрэгжүүлдэг учир үлдсэн нь нийгмийн халамж голлосон иргэний бүртгэл мэтийн тодорхойлолт өгдөг ажлууд. Засгийн газар “цахим үндэстэн” гэж баахан шоудлаа. Тийм л юм бол хорооны түвшний бүх тодорхойлолтыг нэг цахим цонхоор авахад хангалттай.

🟡

Баянзүрх дүүрэгт одоо байгаа 28 дээрээ нэмж, 15 хороо нэмж байгуулах асуудал яригдаж байна. Хорооны дарга, дээрх үндсэн ажилтнууд гээд зардал талийж өгнө. Дээр нь бас иргэд, байгууллагын хаягийн өөрчлөлт гэсэн ярвигтай ажил бий. Хороо нэмж, халамжаар багладаг хуучирсан сэтгэлгээ, улс төрийн арга барил, намын системийг халъя. Бүх тодорхойлолтыг цахимжуул. Хороог биш хүн амын тоотой нь харгалзуулан өрхийн эмнэлэг, сургууль, цэцэрлэгээ нэм!