Хэд хоног бага зэрэг халуурч, дуу хоолой гуншаад, нус гоождог ханиад хүрэв. Өөрийгөө тусгаарлаж, хэдэнтээ хамраа ухуулж, PCR-ийн шинжилгээ ч өглөө. Азаар сөрөг. Гурав дахь тунгаа 9-р сард хийлгэсэн нь сайн хэрэг болжээ. Файзер аргагүй сайн хамгаалдаг юм байна. Олон шинэ жилд очсон шүү дээ.

Оны өмнөхөн дөө, нэг хуралд суучхаад газар дөхөх санаатай автобусанд суув. Дунд насны нэг эрийн UB смарт картийн цэнэг дууссан бололтой "Бэлэн мөнгөгүй" гээд л жолоочид учирлаж байна. Жолооч шууд л "Буу" гэж зандрав. Орноос нь картаа дараад өгчихье гэтэл минийх давхар дарж болдоггүй. Гэтэл дэргэд нь суусан нэг эмээ "Алив эмээ нь өгчихье" гээд түрийвчээ гаргалаа. Би эмээгийн өмнөөс санаа зовсондоо халаасаа ухтал ашгүй 500 гараад ирлээ. Сайх эрийн мөнгийг тушаав. Эмгэн жолоочид "Хүн аргагүй байдлаа хэлж байхад яаж ингэж муухай хандаж байгаа юм" гэж зэмлэж байна. Би ч хошуу нэмэрлэлээ. Зам ч түгжрээд дараагийн буудал ортол 20 минут боллоо. Автобус дотор нам жим. Эмээгийн утас дуугарлаа. "...Аан өнөөдөр ирэхээ больчихсон уу, он дөхөөд та нарыг ирнэ гэж бодоод, бас төрсөн өдөр чинь болохоор ээж нь уг нь хүлээж байсан юм" гэж урамгүйхэн хэлээд эмгэн утсаа таслав.

Би ч гэсэн завгүй гүйсээр ээж аав дээрээ ховорхон очих юм даа. Тэдэндээ очиж баярлуулж байгаарай.

Шагалын зурсан "Алсын хот" хэмээх зургийг тавилаа. Түүний зургаас дандаа чин сэтгэл мэдрэгддэг.