Өнөөдөр их эзэн Чингис хааны мэндэлсэн гэж тэмдэглэдэг өдөр, монголчууд бидний бахархлын өдөр. Зөвхөн монголчууд ч биш эсгий туургатан, дэлхийн түүхийг сонирхогч нийт хүн төрөлхтөний хувьд Чингис хааны агуу үйл хэргийг эргэн харж, хүндлэн биширдэг өдөр билээ.

Японы түүхч Окада Хидэхирогийн "Чингис хаан түүний үр сад" (チンギスハーンとその子孫) бүтээлийг 2019 онд орчуулан олны хүртээл болгож байжээ. Уг бүтээлийн 5-р бүлгийн эхлэл хэсгийг нийтэлье. "...1206 оны хавар Хэнтийн нурууны Онон голын эхнээ болсон хаан ширээнд залрах ёслолд Тэмүжиний хойд эцгийн хүү Хөхөчү Тэв тэнгэр хэмээх их бөө Тэмүжинд Чингис хаан хэмээх цол өгөөд зогсоогүй, Хөхөчүгийн амаар дамжин тэнгэрийн зарлиг буужээ.        “Мөнх тэнгэрийн зарлиг. Дээр цорын ганц мөнх хөх тэнгэр, доор цорын ганц эзэн Чингис хаан оршино. Энэ бол та нарт хэлэх миний үг. Газар дэлхийн бүх хүмүүст морины хөл хүрэх газар, хөлөг онгоц хүрэх газар, элч хүрэх газар, захидал хүрэх газар бүрт миний зарлигийг дуулгагтун. Миний зарлигийг сонссон атлаа эс дагаваас нүд байвч үл үзэх, гар байвч үл барих, хөл байвч алхаж үл чадахад хүрмой. Энэ бол мөнх тэнгэрийн зарлиг.”

Дээрх зарлиг нь Чингис хааныг хүн төрөлхтний цорын ганц эзэн болгож, түүний албат болоогүй хүмүүсийг хэн ч бай тэнгэрийн зарлигийг зөрчсөн хэмээн үзэж, сөнөөн цээрлүүлэхийг сануулсан хэрэг байлаа. Энэхүү тэнгэрийн бошгийг хүлээн авсан Чингис хаан, түүний үр ач нарын удирдсан монголчууд тэнгэрийн ариун зарлигийг биелүүлэхээр дэлхийг байлдан дагуулах их аян дайнд мордсон юм.

Монголчууд Чингис хаанд буусан тэнгэрийн зарлигт хатуу итгэжээ. Монголчуудад үг дуугүй бууж өгөлгүй тэднийг эсэргүүцэн тэмцсэн хэнбугай ч байсан тэнгэрт тэрсэлсэн нүгэлт этгээд, тийм этгээдүүдийг алж устгах нь тэнгэрт зүтгэж буй ариун үүрэг хэмээн монголчууд үзэж байв..."