Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал-ын Хүний хөгжлийн хороо өнөөдөр Нийслэлийн боловсролын газарт ажиллав. Тус газар ковидын үед сургууль, цэцэрлэг, албан бус сургалтын цахим сургалтыг зохион байгуулах, багш нарыг мэргэжил арга зүйн удирдлагаар хангах, боловсролын стандартыг хангуулахад анхаарч ажиллажээ. Мөн сургууль, цэцэрлэгийн элсэлтийн бүртгэлийг бүрэн цахимжуулснаа онцлон дурдав.

Өнөөдрийн байдлаар нийслэлд 340 мянган хүүхэд сургуульд, 85 мянган хүүхэд цэцэрлэгт суралцаж байна. Өнгөрсөн жил хүүхдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор 3.1 тэрбум төгрөгийг 61 сургууль, цэцэрлэгт туузан хашлага, гэрлэн дохио, тэмдэг тэмдэглэгээнд зарцуулжээ.

Нийслэлийн хүн ам өсч, хүүхдийн тоо нэмэгдсээр байгаа ч 2021 онд 9 сургууль, 22 цэцэрлэг, 2 бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор, бусад 5 боловсролын барилга, нийт  38 сургууль, цэцэрлэгийн барилга ашиглалтад орсон нь чамлалттай юм. Мөн нийслэлийн төвийн дүүргүүдэд нэг ангид байгаа хүүхдийн тоо 50-70, багшийн ачаалал их байгаа нь олон асуудлыг дагуулж байна. Туслах багшийг ажиллуулах, багшийн ажлын ачааллыг жигдлэх, хүүхдийн сурах хүслийг бадраасан “дуртайд хүчтэй” сургалтыг явуулах, хоолны үйлдвэрлэл үйлчилгээг сайжруулах талаар бид санал солилцов. Боловсролд зүтгэж буй хүн бүр зөв бодолтой, сэтгэлтэй байвал ирээдүй үе аяндаа зөв болж торнино.

ОЮУНЗУЛ Үнэнбат, Буяндалайн Нэргүй