Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал-ын Хүний хөгжлийн хороо өнгөрсөн долоо хоногт Нийслэлийн Нийгмийн халамжийн газарт ажиллав. Тус газрын дарга Мөнхбаяр мэргэжилтнүүдийнхээ хамт биднийг хүлээн авч ажлаа танилцууллаа. Нийслэлийн нийт өрхийн 22.3% нь буюу 10,960 өрх нийгмийн халамжийн зорилтот бүлэгт багтдаг ажээ. Дэндүү өндөр тоо шүү. Хүнсний эрхийн бичгийг гэхэд л 10,131 өрхөд одоогоор олгож байгаа нь нодлин жилийнхээс 3500-аар буурсан тоо ажээ. Халамжийн улс болсныг ОУВС-аас саяхан сануулж ярина лээ.

Төрийн зүгээс “Халамжаас хөдөлмөрт” гэсэн лозун дэвшүүлж ажиллаж байгаа ч энэ чиглэлд цогц бодлого боловсруулж дорвитой алхам хийлгүй явсаар. Анхан шатны шинжтэй арга хэмжээ авч байгаа ажээ.

Хөдөлмөр, нийгмийн халамж хоёр уялдаатай явах ёстой асуудал. Хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлбэл нийгмийн халамжийн үйлчилгээ буурч, тэр хэмжээгээр татварын хэмнэлт үүсэн нийгмийн хөрөнгө оруулалт нэмэгдэх учиртай. Яам нь Хөдөлмөр, нийгмийн хамгаалал атал Нийслэлд ирэхээрээ Хөдөлмөр, Нийгмийн хамгаалал хоёр нь тусдаа байгууллага болж, Дүүрэг дээрээ очихоороо эргээд нийлчихдэг. Зохион байгуулалт, бүтцийн хувьд ойлгомжгүй асуудал байгааг салбар хариуцсан мэргэжилтнүүд бидэнд өгүүлэв. Энэ тал дээр Нийслэлийн ЗДТГ судлаачдын саналыг авч бидэнд танилцуулах боллоо.

Хувийн бодлоо дурдъя. Нийслэлд оюутан, залуусын хөдөлмөр эрхлэхийг дорвитойхон дэмжих хэрэгтэй юм. Цагийн ажил хийж, 1 сая хүртэл төгрөгийн орлого олсон 22 хүртэлх насны залуусын нийгмийн даатгалын шимтгэлийг 100 хувь чөлөөлдөг болъё. Энэ нь залуусын хөдөлмөр эрхлэлт, ажил олгогч нарыг дэмжсэн хамгийн бодитой дэмжлэг болно.