Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хүний хөгжлийн хороо Нийслэлийн Нийгмийн даатгалын газарт (НДГ) ажиллав.

Биднийг тус газрын дарга Г.Болорсүх болон удирдлагууд хүлээн авч уулзан, үйл ажиллагаагаа танилцуулав. Нийслэл болон есөн дүүргийн НДГ-ууд 1416 ажилтантайгаар үйл ажиллагаа явуулж байна. Ковидын хүнд цаг үед нийслэлийн 53812 ажил олгогч, 657118 даатгуулагчийг нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлжээ. Мөн цар тахлаас үүдэн НДГ-н авлагын хэмжээ 2021 онд 1 их наядад хүрчээ. Мөн НДГ нь утасны дуудлагыг ухаалаг болгох Call Pro үйлчилгээ болон бүрэн цахимжуулсан “Ухаалаг ажлын байр” төслийг хэрэгжүүлжээ.

НДШ-ийн чөлөөт үлдэгдэл 1 их наяд төгрөгт хүрдэг. Энэ мөнгийг арилжааны банкинд байршуулж, өнөөхийг нь банкууд нь чанаргүй зээл болгон “идсэн” гашуун түүх бий. Цаашид үүнийг давтахгүй байх, гэхдээ үр өгөөжийг нь хүртдэг оновчтой ямар механизмыг бий болгохоор эрх зүйн хүрээнд ажиллаж байгааг миний зүгээс сонирхов. НДШ өндөр байна, иргэд итгэхгүй байна, төлөх дургүй байна. Төрийн албаны зүгээс иргэдийн итгэлийг сэргээхээр цаашид анхааран ажиллах шаардлагатай байна.