Наадам. Дэлхийн өвд бүртгэгдсэн үндэсний бахархал болсон баяр. Наадмын дараа намар гээд налгар улирал үргэлжилдэг. Манайх Толгойтын зүүн салаанд гардаг байв. Эмч нарын лагер байсан хэрэг. Ойн хормой дагасан 10-аад модон байшинтай. Манай хажуугийнх олон охинтой Химка гуайнх, нөгөө талд Лунтан гуайнх. Лунтан гуайн хүүхдүүд их мундаг, том охин нь Болормаа. Хожим Монголд нэртэй уул уурхайгаар мэргэжсэн сэтгүүлч болж, хэдэн жилийн өмнө учир битүүлэг байдлаар нас барсныг хүмүүс мэддэг. Лунтан гуайн цаана Чойдорж гуайнх гарна. Эдний Баяраа, Ганзориг гээд хүүхдүүд нь бүгд өсгөлүүн, бяртай. Барилдана ч гэж аймаар, биднийг эвхээд өгнө. Арга ч үгүй юм, Чойдорж гуайн төрсөн дүү нь улсын заан Давааням. Даваанямын хүү нь сүмогийн их аварга Харүмафүжи Бямбадорж, улсын начин Лхагвадорж. Бөхийн удам гэж хүчирхэг шүү.

Чойдорж гуай лагерийн баярын үеэр хүүхдийн барилдаан зохион байгуулж, засуул хийнэ. Хүүхэд бидэнд монгол бөхийн мэх заана, бөхийн тухай ярьж өгнө. Бас энд тэнд хүүхэд шинжиж, бөх болох хүү байна гээд явж байдгийг санаж байна. Намайг байшингийн сүүдэрт шатар тоглоод сууж байхад нэгэнтээ хүрч ирээд хүзүүг базаж үзээд “Энэ чинь овоо бөх болчихоор юм уу” гэснээ өвдгийг барьж үзээд “Өвдөг арай биш юм” гэснийг мартдаггүй. Бид Чойдорж гуайн сургалтаар бөхийн мэхний төрөл, барьцтай барьцгүй барилдаан, дархан мэхний тухай ойлголттой болж билээ. Тэр зун би л лав хонгодох мэхийг өөрийн хэмжээнд нэлээд сурч авсан. Бас бөхийн тухай олон домог уншиж, Намхай аварга, Хулгар Нацаг, нүцгэн гараараа баавгай авласан Хүдэр аваргын тухай мэдэж авч билээ.

Монгол бөх гэдэг монголчуудын эрхэм соёл, нандин чанар. Чойдорж гуай шиг ийм хүмүүс хүүхдүүд бидэнд энэ соёлыг ойлгуулж, хүндлэн хайрлах сэтгэлийг суулгаж байж дээ. Шинэ Монгол сургуулийн захирлаар ажиллаж байхдаа үндэсний бөхийг сурагчдадаа заалгах гэж нэлээд оролдсон юм. Бөхийн дугуйланд тогтвортой багшлах хүн олддоггүй нь үнэхээр хэцүү байж билээ. Гурван жил хичээллүүлээд аргагүй хаахад хүрсэндээ одоо ч харамсдаг. Монгол бөхийн холбоо бөхийн багш бэлдэх, дэвжээ байгуулж, сургуулиудад заахад анхаарах цаг болжээ. Сайн бөх Улаанбаатар хотоос ч төрж болно шүү дээ.