Мөнхөө эгч дээрээ очлоо. Зун номын баяр дээр уулзсанаас хойш очиж амжихгүй явсан юм. Дармагийн Батбаяр багшийнхаа тухай ярилаа. Урьд нь хэвлэгдээгүй философийн бүтээл нь уншигчдын гарт очих нь. Дэлгэрхангай, Эрдэнэдалай сумын намар цагийг дурсав. Мөнхөө эгч надад Монгол уламжлалын академиас хэвлүүлсэн 2022 оны цаглабарыг бэлэглэв. Сонирхолтой, уншууртай календар байна.

Д.Батбаяр, Д.Урианхай, Ж.Лхагва, Л.Дашням, Б.Лхагвасүрэн нарын шүлгээс оруулжээ. Шүлэг бүрийн доор шүлгийн утга санааг монгол, орос, англиар дүгнэн бичжээ. Монголын утга зохиолын томоохон төлөөлөл болсон зохиолчдын шүлэг бодолд цахилж, сэтгэлд үлдэнэ.

Хоёрыг нь товчлон танилцуулъя.

Б.Лхагвасүрэн

“Өвөг дээдэс минь

Үхлийг “эхлэл” шиг тосдог байж…

Сэтгэл нь үхлийг “ялж”

Бие нь “ялагддаг” байж…(2016)

Энэ мөрийн доор “Амьдарч чадсан хүн үхлээс айдаггүй” гэж монгол, орос, англиар бичжээ.

Д.Батбаяр

“Анир чимээгүй

Ахин дахин

Анирлавч

Анир чимээгүй…

Гагц сэтгэлийн гүнд

Гарцаагүй ганганалдах нь

Шидэт үгс

Шидэт үгс…”

Энэ мөрийн доор

“Хоосон шиг аугаа нь үгүй” гэж монгол, орос, англиар бичжээ.