🔰

Шаравын Гунгаадорж гуай Монгол Улсын хөдөлмөрийн баатар болжээ. Энэ хүн Атрын анхдугаар аяныг зохион байгуулсан, Монголын ууган газар тариаланчдын нэг. Түүний тухай бичсэн “Шаравын Гунгаадорж” номыг миний бие япон хэлнээ товчлон орчуулж байсан юм. Тийм болохоор амьдралынх нь талаар бага сага мэднэ.

🔰

2007-гоос 2009 оны хооронд зурвасхан үед энэ эрхэм хүнтэй ойр конторлож, үгийг нь дуулах завшаан надад тохиож байсан юм. Энэ тухайгаа “Нүсэр бус төсөр” номдоо дараах байдлаар бичжээ.
“…Тэрбээр цөлх ухаантай, юмыг ултай харж, мэргэн зөвлөгөө өгнө. Би ч “90 оны зун та анхны чөлөөт сонгуулийг зохион байгуулчихаад яагаад огцорчихсон юм?” гэх мэтээр саваагүйтэж олон юм асуудаг байлаа. Гунгаадорж гуай надад нэг өдөр дараах зүйлийг хэлсэн нь одоо ч цээжинд хадаатай. “Чи дотор хүнтэйгээ л ярьж бай. Дотор хүнтэйгээ яриад шийдсэн бол бусад хүн юу ч гэсэн бай, зоригтой хий. Хүний жинхэнэ хүч дотор хүнээс л гардаг.” Гэхдээ одоо хүртэл би Гунгаадорж гуай чөлөөт сонгуулийн дараа Засгийн газраа үргэлжлүүлэн толгойлсон бол нэгдэл, САА (Сангийн аж ахуй) хийгээд төрийн өмч хувьчлал арай шударга, зөв замаар хийгдэж, Монгол улсын хөгжлийн зам илүү дардан болох байсан даа гэж боддог…”

🔰

Монгол Улсын 15 дахь Ерөнхий сайд Гунгаадорж гуайдаа баяр хүргэж, сайн сайхан бүхнийг хүсье.