"Монгол гүн Ларсон" хэмээх номыг хэд хоног гүйлгэж уншлаа. Ахмад орчуулагч Цэрэнчулуун сайхан орчуулжээ. Зохиогчийн алдаатай бичсэнийг ч нэлээд зассан байна. Швед эр Август Ларсон (1870-1957) дэлхий даяар дайн дажинтай байсан шуургатай цаг үеийг туулжээ. Багадаа тарчиг ядуу өсөөд христийн номлогчоор 1893 онд анх Монголд ирснээс хойш 35 жилийн турш Монгол, Өвөрмонголтой холбоотой байжээ.

Адуунд хайртай, морь таньдаг байсан нь түүнийг монголчуудтай ойртож нөхөрлөхөд илүү нөлөөлсөн болов уу. Тэрбээр Монголд их элэгтэй, агуу түүх, байгалийг нь хайрладаг байсан нь номын мөрүүдээс тодорхой харагдана. Харин бичсэн зүйл нь судалгаа багатай учир түүхчдийн хувьд итгэж болохуйц эх сурвалж болгон ашиглах боломжгүй санагдлаа. Оссендовскийгийн бүтээлийг харахад ч бас тийм бодол төрдөг. Харин Ларсонгийн бүтээлд дурдагдаж буй өөрийнх нь үзэж туулсан амьдрал, монголчуудтай учирсан учрал, нэн ялангуяа түүхэн хүмүүстэй тогтоосон хувийн харилцааны талаар бичсэн зүйл нь бодитой санагдав. Тэр утгаараа түүх бичлэгт нягтлах байдлаар зарим хэмжээнд ашиглаж болохуйц санагдав.

8-р Богд, чин ван Ханддорж, хичээнгүй сайд Цэрэндорж, Тогтох тайж, Өвөрмонголын ноёдын тухай хэсэг нь сонирхол их татсаныг өгүүлэх хэрэг юун. Богд хаан өрнийн барааг сонирхдог, каталогиос харж худалдан аваад, судалж дуусахаараа өргөөнийхөө цонхон доор цугласан улсуудад европ эд зүйлсээ шидэж тараадаг байсан тухай, эх дагина Дондогдулам мэргэн бууддаг байсан тухай, 1908 онд Шанхайд очсон Ханддорж вангийн тухай гээд сонирхолтой үйл явдлууд номд оржээ. Номын 29-р хуудаст: "...Дэлгүүрт ороод тэр (Ханддорж)таалагдсан зүйл рүүгээ ташуураар заан бүгдийг савлаж баглаад Бээжин рүү явуулахыг даалгаж байв..." гэсэн хэсэгтэй таарав. Одоогийн манай чинээлэг хүмүүстэй адилавтар юм уу даа. Ларсон бол маш сонин намтартай хүн юм байна. Тэрбээр Бээжинд шинээр байгуулагдсан Юань Шикайгийн засгийн газарт Ерөнхийлөгчийн Монголыг хариуцсан зөвлөх байсан, бас 8-р Богдтой ч их ойр дотно байсан гэхээр Монгол, Хятадын төрийн тэргүүнүүдтэй хоёуланд нь ойр байжээ. Түүхч Болд гуайн бүтээлд түүнийг хятадын тагнуул гэж дүгнэсэн байсан санагдана.

Өвөрмонголыг чөлөөлөх Таван замын байлдаанд Ларсон Хятадын талын энхийн зуучлагчаар оролцсоноо бүтээлдээ ний нуугүй дурджээ. Бас Хятад, Монгол, Оросын хоорондох төмөр замын асуудлыг шведүүд, тэр байтугай америкууд хүртэл сонирхон судалгаа хийсэн түүхийг цухас дурджээ. Номын төгсгөл хэсэгт япончуудын удирдсан Манжго улсын мал аж ахуйн бодлогыг нарийвчлан бичсэн нь сонирхол татав. Одоогийн л бидний яриад байгаа МАА-д түшиглэсэн босоо инноваци, түүхий эд боловсруулах, үйлдвэржүүлэх, солонгоруулах бодлогыг Манжго-гийн Дэмчигдонровын засгийн газар япончуудтай хамтран хэрэгжүүлж байж дээ.