Өөрийн бичиж буй “Мэйжигийн гадаад бодлогын түүх” номын хэсгээс толилуулъя.“1868 оны 3 дугаар сарын 14-ны өдрийн үд дунд Киото дахь эзэн хааны ордонд күгэ буюу шадар түшмэд, хошуудын захирагч ноёд бүгд цуглажээ. Үе дамжсан тахилчид тэнгэр дуудан буулгах номыг уншин тахил өргөх ёслолыг гүйцээмэгц 15 настай Мэйжи хаан биеэр морилон ирж сэнтийд залрав. Төрийн шадар сайд Санжоо Санэтоми “Таван зүйлт тангараг” (五箇条の御誓文)-ийн бичгийг өндөр дуугаар уншлаа. Тангарагийн үг нь:“Өргөн олныг хуралдуулж, түмэн зүйлийг нийтээр хэлэлцэн шийдмүйДээр дооргүй сэтгэлээ нэгтгэж, эдийн засгийг хөгжүүлмүйТүшмэл цэргээс авахуулаад энгийн иргэн хүртэл өөр өөрийн чин зорилгод хүрч, алмай залхууг цээрлэвээс зохимуй. Өнгөрсөн бурангуй ёсыг халж, тэнгэр газрын жамд тулгуурламуй. Мэдлэгийг дэлхийгээс эрж, эзэнт төрийн үндсийг бататгамуй.”    Энэхүү тангарагийн дараа Санжоо үргэлжлүүлэн “Манай төр улс урьд хожид байгаагүй их хувьсгалыг хийхээр шийдсэний учир хаан миний бие өөрийн биеэр олныг оройлон тэнгэр, газар, бурхдад тангараг өргөв. Төр улсын энэ үзэл санааг тунхаглан тогтоож, түмэн иргэнийг хамгаалах зам мөрийг бүтээсү. Бүгдээр үүнд тулгуурлан, сэтгэлээ хамтатгаж, зүтгэн хичээгтүн” гэж уянгалуулан дуудав. Эзэн хаан шинтоогийн ёсоор энэ хооронд нэг ч үг дуугарсангүй.Тангараг дуусмагц Санжоо тэргүүлэн сайд, хошуу захирагч ноёд нэг нэгээр урагш дэвшин мөлхөж бурханд мөргөсний дараа хаанд мөргөж, “Эзэн хааны мэргэн зарлигийг тахимдан хүлээж, ёсчлон дагахаа амь биеэ барин тангараглаж, эзний сэтгэлийг үл чилээн хүчээ өргөмү” гэсэн тангарагийн бичигт гарын үсгээ зурцгаав. Япончуудын шинэ төр улс ийнхүү Мэйжи хаан газар тэнгэр бурхдад хандан тулгар төрийнхөө үзэл санааны үндэс, зарчмыг тодорхойлон тангараг өргөснөөр эхлэв.