Хэд хоногийн өмнө Мэнд-Амартайгаа МУИС-ийн 3-р байрны үүдэнд таарлаа. Эдүгээ тэрбээр МУИС-таа багшлан математикийн онол зааж байна. Түүнийг Киотогийн их сургуулийн Математикийн сургуульд байхад би Хуулийнхад нь байсан юм. Киотогийн их сургуулийн гадаад оюутны дотуур байранд Мэндээ манайхыг сураглаж ирснээр анх танилцаж байв. “Энэ байранд монгол хүн байна уу гэж асуухад хувь хүний нууц гээд нэг ч хүн хэлж өгдөггүй, энэ япончууд чинь ямар сонин улс вэ” гэсээр л нэг өглөө манайхаар ороод ирсэн юм. Түүнээс хойш 17 жил өнгөрчээ. Би гурван жилийн дараа магистраа төгсөөд нутаг харилаа, Мэнд-Амар доктороо хамгаалах гээд үлдсэн. Бид Киотод улс орныхоо ирээдүйн тухай, улс төр, математик гээд л зөндөө зүйл ярилцдаг, гэгээлэг сайхан цаг үе байж дээ.

Найз маань одоо МУИС- таа багшилж, математикийн салбарт шинэ үеийг торниулж байна. Шавь төрүүлж, салбараа авч явна гэдэг том зүтгэл ээ. Амжилт!