🔰

БЗД-ийн 97-р сургуулийн бага ангийн ахмад багш хүүхдэд гар хүрсэн хэргээр ажлаасаа халагджээ. Үүнийг тойрон хувийн бодлоо бичье. Дэмжих ч хүн байх байх, няцаах ч хүн байх биз.

🔰

Хүүхдэд гар хүрнэ гэж эдүгээгийн боловсролд байж болшгүй зүйл. Хүнд хөнгөн ямар ч хэлбэрээр үүнийг зөвшөөрч болохгүй. Энэ утгаараа сургууль болон боловсролын асуудал хариуцсан төрийн байгууллагын байр суурийг зөв гэж үзнэ. Харин сөүшлээр төсөөлсөнчлөн хүүхдийн гар улайсан байгаа нь багш нь гар хүрсэнтэй шууд холбогдох эсэх нь эргэлзээтэй. Эмнэлэг, эмч нар дүгнэлтээ гаргах биз ээ.

🔰

Цэрэнбадам гэдэг энэ багш 30 гаруй жил багшилсан гэхээр боловсрол ид хүнд хэцүү үед багш болж, орлогын ядууралтай энэ салбарт тууштай зүтгэснийг нь үнэлмээр. Мөн өглөө 7 цагт ирж, гар хүрсэн хүүхэдтэйгээ ажилладаг байсан гэх. Багш хүний чин сэтгэл юм даа. Ийм сэтгэл зүтгэлийг бид үнэлэх ёстой. Энэ ахмад багшийг залуухан багш байхад нь сургууль дээр багш хүүхэд зодох явдал ёстой хавтгайрч байсан даа. Нийгэм ч тогтворгүй, эрээвэр хураавар явсан ийм үе. Харин сүүлийн жилүүдэд сургуульд дээр хүүхэд зодох, гар хүрэх явдал эрс багассан. Энэ бол том дэвшил.

🔰

Төрийн өмчийн сургуульд нэг ангийн сурагчийн тоо нийслэлд 50-70 байгаа нь энгийн үзэгдэл болсон. Цалин бага багшийн ажлын байрны стресс их. Энэ тал дээр төрөөс дорвитой алхам хийхгүй л байна. Ээлжийн коэффициентийг 1 болгох боломжгүй байгаа ч, анги удирдсан багшийн тоог нэмэх зэргээр багшийн ажлын байрны стрессийг бууруулах бодлого барьж болох л байсан. Харамсалтай нь ялангуяа бага ангийн багш дутмаг, 2030 он гэхэд Монгол Улсад хүн амын өсөлтөө дагасан багш бэлдэх тогтолцоо байгаагүй учир 10 гаруй мянган багш сох дутна гэж байгаа.

🔰

Ерөөсөө бага боловсролд бид “Онц хэрэгцээгүй ямар ажлыг хийж байна вэ?” гэсэн асуултыг тавьж үзье. Миний үзэхэд, элементийн бичигт дадуулах гэж багш хүүхдэд хэт их дарамт өгдөг явдал. Компьютерийн эрин зуун ирчихлээ. Хөгжингүй орнууд хүүхдэд элементийн бичгийг дадуулахаас илүү сэтгэлгээг хөгжүүлэх, аливаад бие дааж үнэлгээ, дүгнэлт өгөх, шийдвэр гаргахад чиглэдэг болоод хагас зууныг үджээ. Манайд хүүхэд бүрийг яг адил бичүүлэх гэдэг, дэвтрийн ажиллагаагаар нь сургалтын чанарыг үнэлдэг гажиг тогтолцоо, буруу үзэл амь бөх оршсоор. 6-р анги хүртэл нь хүүхдийг балын харандаагаар бичүүл. Хүүхдэд баллах эрхийг бид олгох ёстой. Хүүхдэд алдаа хийх эрхийг бид олгох ёстой. Сурах бичгээ номын санд хадгалдгаа боль. Хүүхэд сурах бичиг дээрээ бичин даалгавраа хийж, цагаа хэмнэх ёстой.